Гэрэлт оддын зүг 20000 км - АРВАНДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - АРВАНДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

Jan.14.2019

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Дэлхий ертөнцийг үзэхийн тулд гэрээс гарахгүй юм бол чиний ертөнц чиний бодлоор л хязгаарлагдсан хэвээр үлдэнэ.”

Гадаад хэлнээ орчуулагддаггүй, зөвхөн тухайн хэл соёлын онцлог илэрхийлэл болсон үгс бий. Эсрэгээр нь, аль ч хэлэнд утга ижил ч өөрөөр хэлэгдэх нийтлэг үгс бий.

Амьдрал. Энэ үгийг аль ч хэлээр, ямар ч хүн хэлэхэд ганц үгэнд ямар их утга санаа агуулагдана вэ гэж санааширмаар. Бидний үүслээс мөхөл хүртэл, өчүүхэн нэг эсээс үзэмж төгөлдөр бие махбодь хүртэл, нэгэн найрагчийн хэлснээр өлгийнөөс авс хүртэл инээж баясах, уурлаж хилэгнэх, жаргах зовох, үүлгүй цэлмэг тэнгэр, азарган бороо, дуу цахилгаантай өдөр хоног, сар жилүүд бүгд энэ л үгэнд багтана.

Амьдралыг өөрийнхөөрөө тодорхойлооч хэмээвэл бидний санаж сэдсэнийг зориудаар гажаагч гэж би хэлнэ. Санаснаар болдоггүй учраас л сонирхолтой байдаг гэх амьдралд бидний төлөвлөгөө хэдэн удаа бүтэлгүйтдэг юм бол? Ажилдаа яг цагтаа очиж даргадаа магтуулах санаатай явснаа унаанаасаа хоцорч, замын түгжрээнд гацаж, өндөр царайлаг залуутай л гэрлэнэ гэж андгайлж явсан нь тэс өөр нэгний гэргий болж, хойтон л яг гэж болзож байсан нь тэр цагаа үздэггүй нь амьдрал гэх толгой эргүүлсэн төөрдөг байшингийн зохиогчийн шоглоом байх. Ирээдүй хэмээх үл харагдах замаар сохор номин шиг тэмтчин ухаж урагшилж байгаа өчүүхэн хүмүүн хэдий агуу санаатай байвч хувь заяаны хүчирхэг гар хэзээ ч түүнийг нясалчихаж магадгүйгээс эмээж ухардаггүйгээрээ амьдрал утга учиртай байх.

Өмнөө тавьсан зорилго нь ямар их саад бартаа, нугачааг өвөрлөн буйг мэдэлгүй гурван найз баяр хөөр дүүрэн урагшилж байлаа. Анх удаа метронд сууж үзэж байгаа Гэгээн, Зүрхээ хоёрын хувьд энэ өдөр бас л нэг сониноор дүүрэн. Чиглэлийн метро ирэхийг хүлээн дугаарлаж буй солонгос хүмүүсийг сэмхэн ажиж, буруу зөрүү үйлдэл гаргах вий гэж хэрдээ биеэ барин хичээцгээж байлаа. Ансан зүгийн метро яг цагтаа ирэхэд ухасхийн дайрч ормоор байсан ч яг дугаараараа эмх цэгцтэй орж буй хүмүүсийн араас ёсыг даган, “ингэж мунгинаж байтал хөдөлчих вий” гэж адгасан сэтгэлээ барьж ядан зогсоцгоов.

Метроны хаалга сүнн хийн хаагдахад гурван найз метронд орж ирж амжсан төдийгүй, өрсөлдөөнч монгол хүний зангаар суух суудал үтэр даруй хайж эхэлснийг ярих юун. Цаад буланд хүн суугаагүй гурван залгаа суудал байсанд Зүрхээ шурд хийн гүйж очоод суухын дээр нөгөө хоёроо гар даллан дуудлаа. “Хоёр оо, хүрээд ирээ. Энд суудал байна.” Эргэн тойронд зөндөө хүмүүс зогсох атал тэр суудал дээр суухгүй байсныг анзаараагүй найзаасаа санаа зовсон Эрхцас хурдан дэргэд нь очоод “Наадах чинь настай хүмүүс, жирэмсэн хүн суудаг сандал, бос” гэж шивнэлээ. Метро дүүрэн хүмүүс өөрийг нь заан элэглээд байгаа юм шиг ичиж зовсон Зүрхээ ч түргэхэн босож, хоёр найзаа бараадан зогсов.

Газар доогуур харанхуй хонгил дайрах метронд цонхоор үзэх юмгүй тул эрхгүй хамт яваа хүмүүсээ сэмхэн ажвал залуус бүгд гар утасныхаа дэлгэцийг ширтээстэй. Хэн нь хөвгүүн, охин гэдэг нь сайн ялгарахгүй шахам ижилхэн бариу өмдтэй хос залуу нэгнээ ичингүйрэх мэт үе үе ширтэн, бусдаас нууцгайлах мэт сэмхэн инээмсэглэнэ. Ач зээдээ ч юм уу даавуунд боосон бутан савтай хүнс хүргэж яваа буурал үстэй хөгшин галт тэрэгний явдалд зүүрмэглэн тонголзоно. Оройноосоо халзарч яваа шингэн үстэй хижээл насны эр урагш гөлрөн юунд ч юм бодлогоширчээ. Хүн бүрт амьдрал өөрийн гэсэн ачаа үүрүүлж, тэнцэх баяр жаргалыг нь олгох юм даа гэж Гэгээн бодлоо.

Өнөөдөр нарны тусгал илүү хурц, өмнө зөвхөн сайн сайхан л угтаж авах юм шиг зөнтэй. Намаг балчигт хүзүүгээ хүртэл шигдээд, гаръя гэж зүтгэх тусам улам доошоо чангаах адил хар бараан өдрүүдийг өнгөрүүлсээр нэгэнт дадсан түүнд ийм гэрэлтэй өдөр ирнэ гэдэг үлгэр шиг. Урагш тэмүүлэх энэ галт тэрэг энэ хорвоод хамгийн ихээр санаж бэтгэрсэн хүн дээр нь аваачна, нулимс гүйлгэнэсэн нүдээрээ таньж ядан байх ээжийгээ сайн гэгч нь харж авна, дотно үнэртэй энгэрт нь толгойгоо наагаад ханатлаа уйлна, чанга тэвэрнэ, ахиад хаашаа ч явуулахгүй гэж бодохуй буцаад хүүхэд насандаа очсон мэт дэврүүн. Ухаанаа алдтал согтоод гудамжинд хэвтэж байсан өдрүүд хэзээ ч байгаагүй мэт. Энэ бол маргааш, хэдэн цагийн дараа сэтгэл нь гутрахад хөөс шиг замхрах хуурамч баяр биш, жинхэнэ аз жаргал.

Гэгээн инээмсэглэлээ. Хүүхэд байхдаа зургаан сарын нэгэн болоход яг ийм аз жаргал биед нь багтамгүй дүүргэж, тэр өдрийн сайхан бүхнийг тэсэж ядан хүлээдэгсэн. Аав нь энэ өдөр яагаад ч юм огт архи уудаггүй байжээ. Гурвуулаа хүүхдийн парк орж, аав нь халаасандаа байгаа бүх мөнгөө шавхан ээж охин хоёрыг эрхлүүлнэ. Гэртээ хариад ээжид нь уурлахгүй, аяга авч шидэхгүй, тэр аяга хананд ойн хагарахдаа түүнийг хөлийг зүсэхгүй, хагархай шаазан гараараа түүж байхдаа нулимс шаазангийн хэлтэрхий хоёрыг хамтад нь хамахгүй. Өнөөдөр түүний он тооллоор зургаан сарын нэгэн.

Метро зорьсон газарт нь хүргэхэд гурван найз өртөөн дээр буулаа. Өвөл гэхэд дулаахан, нар нь илчтэй, жавар нь тийм ч хатуу хариг жиндүүлэхгүй. Эрхцас ахынхаа тэмдэглэж өгснөөр газрын зураг дээрх үйлдвэрийн нэрийг таксины жолоочид үзүүлэн цааш хөдлөв. Таксины жолооч тэдний хэл ойлгохгүйг мэдсэн ч хэн нэгэнтэй ярихыг хүссэн үү, солонгосоор юу нэгийг хэлэн, асуух авч мэдэхгүйн зовлон гачиж хэл нэвтрэлцсэнгүй дэмий л инээмсэглэлээ. Жолооч харваас жар хол гарч дал шахсан насны хүн байх авч ажилдаа түүртэж ядарсан шинжгүй, инээмсэглэн гар хөлөө гозолзуулан хэл авалцах гэж хичээх аж. Тэдний баярт үйл явдлыг урьдаас мэдэн зөгнөөд ч байгаа юм шиг.

Хажуугаар жирэлзэн өнгөрөх барилга байшингуудыг дуугүй харж явсаар очих газартаа нэг юм хүрэв. Дотроо хэн хэн нь хичнээн их догдолж байвч гаднаа гаргахгүйг хичээн, удахгүй болох чухал үйл явдлын төлөөнөө санаашран өөр өөрийнхөөрөө төсөөлнө. Эрхцас үүргэвчиндээ байгаа бэлгийг Навчаа эгчид өгнө, ноолууран цамц нь таарах, таалагдах болов уу гэх зэрэг хамаагүй зүйл бодон энэ уулзалт амжилттай болоосой гэсэн гол санаашралаасаа анхаарлаа холдуулахыг хичээж явлаа. Энэ бол түүний сэдсэн хэрэг. Иймд илүү хариуцлага үүрэх ёстой мэт санагдана.

Хэзээд цүл пал зантай, хамаагүй юм ярьж явдаг Зүрхээ ч энэ удаа тэднийг чив чимээгүй дагаж, эргэн тойрноо балчир хүүхэд мэт сониучирхан явна. Өмнө үзэж хараагүй энэ байшингууд, дотор нь амьдрагч хүмүүс, гудамжаар яваа машин тэрэг, хөлхөлдөх хүмүүсийг мартахгүйн тулд цээжиндээ тогтоож явлаа. Гэрээсээ гаралгүй дөрвөн хүүхдийн шуугианд л өдрийг өнгөрүүлдэг байсан бол одоо адал явдал, аялал гэсэн үгс биеллээ олж, олон ангит киноны дэлгэцээр л хардаг байсан холхи газарт тэр ирчихсэн байна гэдэг итгэмгүй. Газар гишгэхдээ хүртэл зүүд биш байгаасай гэж бяцхан айдас салахгүй. Навчаа эгч Гэгээн хоёр уулзах нь баараггүй гэж гэгээнээр итгэх учир тэр тухай олныг ч бодсонгүй. Амьдрал шулуун зураас шиг тодорхой, тийм биш байсан ч тэгшилж чадна гэдэгтээ далд итгэдэг хүний ёсоор замд таарсан бүхнийг анзааран ажиглаж, өөрийгөө жаргааж яваа нь энэ.

Нарийн гудамж дагаж алхсаар гурван давхар байшингийн өмнө тэд ирцгээв. Эрхцас утсаа гаргаж ирэн хаягийг нь магадлалаа. Баараггүй мөн. Гурван найз өөрсдөө ч мэдэлгүй харц солилцов. Яг хэлэлцсэн мэт нэгэн зэрэг бие биенээ харжээ. Зориглон гарсан аялал нь энд эцэслэж, тэд зорилгодоо хүрэх гэж байна. Ингээд ирлээ гэж бодмогц Гэгээний өвдөг сулрах шиг болж, одоо ахиад цааш алхах хүч үлдээгүй мэт сульджээ. Эцсийн мөч хүртэл зовоох эргэлзээг яаж тасар татан хаяхаа сайн мэдсэнгүй.

Дэлгүүрийн хаалга мэт шилэн хаалгыг Эрхцас шийдэмгий татан ороход суурь машины тасралтгүй хүнгэнэх дуун угтан авлаа. Ажлын өвч хувцастай, амны хаалт зүүсэн хүмүүс тэднийг гайхан харцгаав. Цөөн ажилчинтай, жижгэвтэр үйлдвэр бололтой. Эрхцас солонгосоор бичиж цээжилсэн үгээ хичээн хэллээ. Энэ үгийг хэлэх гэж ямар их бэлдсэн билээ. “Навчаа гэдэг монгол ажилчинтай уулзах гэсэн юм”. Их л хичээж хэлсэн ч ойлгосонгүй юу, бие биеэ гайхан харах тэднийг хараад зовсондоо ахиад чангахан хэлж орхилоо. Царай нь цаас шиг цагаан болсон Гэгээн өөрөө ч мэдэлгүй Зүрхээгийг гарнаас зууран, тас атгажээ. Тавьчихвал энэ шалан дээр гуалин шиг түс хийтэл унаад өгнө гэдгээ мэдэрч байв.

Ашгүй ойлгосон бололтой, нэг нь цаашаа гүйгээд явлаа. Одоо энэ өрөөнд ээж нь орж ирнэ гэж бодмогц Гэгээний хамаг цус юүлэгдэх шиг болоод ийм их догдлол, сандралыг тэвчин гарах хүч өөрт нь үлдсэн эсэхийг мэдэхгүй учир аврал эрэх мэт Эрхцас руу харав. Тэр тайван байна. Юу ч болоогүй мэт, тэнгэр нураад ирсэн ч тулах хүчтэй юм шиг ажиггүй байлаа. Гэгээн арай тайвшрав. Хүмүүсийн хөлийн чимээ ойртлоо. Битүү хувцастай, амны хаалттай эмэгтэй  хүн нөгөө солонгосыг даган хүрч иржээ. Алхаа нь ойртон тэдэнд дөхсөөр ирэхэд Гэгээний тэнхэл барагдан өвдгөөрөө нугаран сөхөрчих дөхөв. “Навчаа эгч ээ, сайн байна уу?” гэхэд өнөөх эмэгтэй амныхаа хаалтыг тайлан тэдэн рүү нүдээ томруулан гайхан ширтэв.

Давхраатай бор нүд, цэвэрхэн царай, жимбэгэр уруул нь ихэд төстэй, он цагийн эргэлтэд өөрчлөгдөн хувирсан юм болов уу гэж эргэлзсэн найзууд өөдөөс нь дуугүй харцгаана. “Сайн байцгаана уу, би Навчаа байна. Ямар хэргээр яваа билээ?” . Тэр асуулт бүхний тайлал байлаа. Гэгээн жинхэнээсээ биеэ барьж дийлэлгүй газар сөхчин уналаа. Хорьж байсан нулимс хацрыг нь даган бөмбөрөн урсана. Ээж нь биш байжээ.

2001 он, Солонгос улс, Ансан

Ажилчин хүний амьдрал яг л үйлдвэрийн дамжлага лугаа нэгэн хэмнэлээр өнгөрнө. Хоёр нарны хооронд хийдгээ хийж, ахиу цалингийн төлөө цагаа золино. Цаг гэдэг нь угтаа нас, амьдралын хуудсууд. Навчаагийн өдрүүд ч ийм эгэлхэн, ижилхэн өнгөрсөөр. Илүү цагийн цалин өгдөггүй, амралтын өдөр ч ховорхон оноодог эзэндээ гоморхолгүй, олсноо хулгана хөеө цуглуулах мэт хичээнгүйлэн хураасаар, охиндоо бэлэг явуулж, сураг горилно. Сүүлийн үед охинтойгоо холбогдох улам ч хэцүү болж, ховор боловч дууг нь сонсож чадахгүй болсондоо улам бухимдах болжээ. Сэтгэл нь тогтворгүй болох хэрээр хаашаа ч юм хол яваад өгмөөр санагдан гэгэлзэнэ. Тэгэх бүр Бурамын үгс толгой тогшино. Гэвч номхон даруу бүсгүй тэгж дураараа загнаж зүрхлэхгүй байв.

Тэр хар өдөр хүртэл Навчаа ажлаа үг дуугүй, урьдын адил шургуу хийсээр байв. Ажил тармагц охинтойгоо ярих гэж авга эгчийнх рүү нь залгажээ. Бас л хэн нэгэн ам таглах үг хэлэх вий гэж эмээн байвч, зүрхээ гартаа атган, горьдлого өвөрлөн утас цохив. “Дүүд дүүд” гэх энгийн дуун зүрх донсолгоно. “Байна уу” гэхийг сонсмогц зүрх нь зогсох шиг болов. Хаана ч хэдийд ч сонссон таних энэ дуу. Үүлгүй тэнгэрт аянга цахих мэт мэгдүүлжээ.

  • Байна уу? Дуугараач.
  • Байна аа. Би Гэгээнтэй ярих гэсэн юм.
  • Ядаж хүний амар мэнд асууж чадахаа байгаа юу?
  • Та нар сайн байцгаана уу? Охин бий юу?
  • Та нар ч гэх шиг. Чи гээд хэлчихээр чамаас юу унах гээд байна?

Энх согтуу байгааг дууных нь өнгөөр тааварлажээ. Одоо өөрт нь уурласан уураа охинд нь л гаргах вий гэхээс элэг эмтрэх шиг болов. Хэний гарт эрдэнэ мэт хайртай охиноо үлдээгээд гарснаа дахиад санажээ. Аль болох арга эвийг нь олъё л гэж саналаа.

  • Уучлаарай. Чи сайн байгаа юу?
  • За за, олон юм хуцаад. Битгий хуц за юу.
  • Битгий ингэ л дээ. Охин байвал нэг яриулаад өгөөч.
  • Золбин гөлөг шиг хаяж явчихаад одоо яах гээв.
  •  Чи битгий ингэ л дээ. Гэгээн байвал яриулчих л даа.
  • Чам шиг янхан эхтэй байснаас байгаагүй нь дээр. Байгаагүй ч гэж дээ. Угаасаа байхгүй болсон.
  • Юу гэнээ?
  • Охин чинь үхсэн.
  • Юу яриад байгаа юм бэ?
  • Хэлээд байна. Наад чихээ дэлдийлгэж байгаад сонс. Машин дайруулаад үхчихсэн мэдэв үү! Чамайг наанаа балиар юмнуудтай заваарч явах хойгуур үхчихсэн. Чиний нүглийг даасангүй дээ мэдэв үү. Одоо зайл.

Дүүд дүүд дүүд. Утас тасарчээ. Сая хэн нэгэн улаан голыг нь энэ дуудлага шиг тастаад хаяхчих шиг болов. Сүүлийн үед үнэхээр л охинтойгоо ярих гэх бүрт булзааруулах болсон нь үнэн. Гэвч итгэмээргүй. Итгэж чадахгүй, болохгүй, хүсэхгүй. Ийм үнэн гэж хорвоод байх ёсгүй. Байдаг бол тэр анх хорвоод мэндлэх ёсгүй байсан. Хүний үнэргүй ийм ертөнцөд төрөхийг ч хүсэхгүй байсан. Гэвч хэн амьдралаа сонгох чадалтайсан билээ?

Дахиад утас руу нь залгалаа. Чичрэн байх гараа хүчлэн барьж, дахиад залгалаа. “Байна уу?”. Ашгүй эмэгтэй хүн байна. Энхийн эгчийнх нь дуу сул, нэг л хачин.

  • Гэгээнтэй ярья эгчээ.
  • Байхгүй байна л даа.
  • Миний явуулсан юмнууд очсон уу?
  • Ирсээн, бид нарт хачин сайхан таарсан.
  • Охин минь бий юу? Ярих гэсэн юм. Энх сая юу юу гэвээ, бүр хүн айлгаад.
  • За, дүү минь уучлаарай. Чамд эрт оройгүй л хэлэхээс хойш. Охин чинь байхгүй болсон. Сэтгэлээ бариарай.

Сүүлийнх нь үг цуурайтаж амжаагүй байхад Навчаа утсаа тасаллаа. Чих нь дүнгэнэн юу ч сонсохоо нэгэнт больсон байв. Амьд байхад амьдрал дуусаж болдгийг тэр мэдэрчээ.

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

АРВАНГУРАВДУГААР ХЭСГИЙГ УНШИХ

ЭХНЭЭС НЬ УНШИХ