Гэрэлт оддын зүг 20000 км - АРВАНХОЁРДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - АРВАНХОЁРДУГААР ХЭСЭГ

Dec.31.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Зүгээр л аял. Хорвоо дэлхийн сайхныг үз.”

Сөүл хот Навчаад тэр аяараа саарал өнгөтэй мэт санагджээ. Тэнгэр том саарал хөнжил нөмөрсөн мэт бүүдгэр өдрүүд олон. Нар яагаа ч үгүй эрт буржгар үстэй хүн шиг битүү ой моддоор хучигдсан өндөр өндөр уулсынх нь цаагуур зугтаж орчихоод, шөнө дээрээс дараад авах шиг болоход нутгаа санана. Өдийд нар жаргах байтугай, урт шар цацрагууд нь дэлхийг алтлаг өнгөөрөө будан, хүмүүсийн урт сүүдрүүд хөшилдөн, сүүтэй кофе шиг нэг л тийм дулаахан, таатай байгаа даа. Солонгост ажиллахаар ирснээс хойш танилцсан нэг сонин зүйл нь кофе. Одоо дүрслэлд нь хүртэл орохуйц хүртэл кофенд дасан дурлажээ. Дуусах юм шиг урт ээлжийн ажлын дундуур амсхийх хоромд хоолой давах тэр умдааны гашуувтар атлаа аятайхан, өвөрмөц амт, сэтгэл сэргээх чадлыг хэлэх үү.

Ажилчин хүнийн олдсон ганц амралтын өдрийн амттай бөгөөд богинохоныг яана. Үйлдвэрийнхээ монгол залуустай тийм ч дотно биш ч гэсэн хүний нутагт ижлээ бараадахын эрхээр тэднийг даган дөрвүүлээ Түндэмүн, Монгол таун гэх сонин нэртэй газруудаар орох болжээ. Түндэмүн гэдэг нь ёстой нохойн битүү туурай, ногоон хурганы арьс ч гаргаад ирж мэдэх асар том зах байлаа. Үзэж хараагүй хичнээн сайхан бараа таваар өрөөстэй. Охиндоо таарах нэг цагаан пүүз, малгайтай ягаан цамц, дэвтэр ном, үзэг бал, үсний зүүлт хүртэл авав. Ижилхэн олон гудамж дунд нь арай төөрчихөлгүй Монгол таун гэх Монголчуудын эрхэлдэг хоолны газар, дэлгүүр, ачаа тээврийн газрууд бөөгнөрсөн хороолол маягийн газар ирлээ.

Цагаан царайтай туранхай солонгос хүмүүсийн дунд өргөн шанаа, хөрслөг бор царайтай биерхүү монгол хүн андашгүй содон. Сарын турш солонгос хэлээр нүдүүлэн, харийн бүхэнд дасах гэж ядаж байсан Навчаад монгол хүнээ хармагц гүйж очоод тэврээд авмаар дулаан дотно гэж жигтэйхэн. Анхаа, Түвшин, Доржоо гурав зах зээл энэ тэр хэссэнгүй шууд л монгол хоолны газар орж, Навчааг болзсон газраа ирэхэд хэзээний шар айргандаа халамцчихсан, олон хүнтэй ширээнд шуугилдан сууцгааж байлаа. Охиндоо захиа сэлттэй бэлгээ илгээмжээр дайн явуулсан Навчаа хамаг ажлаа бүтээсэнд тооцон сэтгэл ихэд тэнүүн. Цалингаасаа үлдсэн мөнгөө хадгалж наашаа ирэхэд тавьсан өрөө дарна хэмээн цээжиндээ тооцоо хийхүй удахгүй өрөө дарж болох юм шиг итгэл төрөөд бүр ч баяртай. Бүх ертөнцийг өөрөөр нь даажигнасан хувь заяатайгаа хамт өршөөнгүй инээмсэглэн байгаа түүнийг харсан хэн ч өнгө зүс засан, хүчирхийлэл дор нухлагдан байсан дотоод гоо үзэсгэлэн нь гэрэлтэн байхыг эрхгүй анзаармаар.

Уусан шар айргандаа халамцан дуу нь чангарсан эрчүүдээс дөлсхийн хажуугийн сул ширээнд нь суугаад, хоолны цэс эргүүллээ. Бууз, хуушуур, банштай шөл гэх мэтийн энгийн хоолны нэрс энд харахад тансаг идээнээс өөрцгүй. Цагаан будаа, ногооны хачир, ховор үзэгдэх гахайн маханд хоолшиж ядан байсан бүсгүй бодож бодож хуушуур захиаллаа. Дуртай үедээ иддэг байсан энэ хоол одоо сардаа нэг хүртэх баярын зоог болсон байх ч гэж. Шаржигнасан хуушуурын захаас хазлан идэхэд арай сэтгэлдээ бодож байсан амт биш гэхэд ямар ч атугай монгол хоол мөнөөсөө мөн.

Дуугүй даруухан суусан бүсгүйг гэнэт анзаарсан бололтой хамт ажилладаг Анхаа гэх намхан шар залуу гараа даллан “Навчаа, нааш ир. Энд манайхан байна” гэж хөгжүүн хашгирлаа. “Манайхан” гэсэн үг нь яагаад ч юм инээд хүрмээр санагдаж, дуртай дургүй шар айраг уун халамцсан эрчүүд дүүрэн ширээнд гэрэвсхийн ойртов. Түвшин гэх алаг нүдтэй туранхай бор залуу бүр согтсон маягтай Навчааг шууд эрээгүй хүзүүдэн авч, “Эгч нэг барьчих. Бид чинь махаа махалж мөнгө олж байгаа хүмүүс. Ганц өдөр наргисан шиг наргия” гэж бувтнан том шилэн аягатай шар айргаар шахлаа. Ийм эрчүүдийн ая талыг олж мэдэхгүй ноомой бүсгүй учрыг нь ололгүй өгсөн ундааг нь уухаас өөр арга байсангүй. Хүйтэн шар айраг хоолны дараа сэнгэнэтэл залгилахыг муухай ч гэмгүй. Хатуу ундаа хүртдэггүйн гайгаар шар айраг аяганы талдаа хүрэхийн хэрд хацар нь халуу оргин, толгой нь эргэх шиг ч болж, нэг л бишдээд ирлээ. Өнөөх эрчүүдийн бүсгүй хүн үзээд хөөрөх бүр ч ихдэж, шар айргаар шахах нь хэцүү. Яая даа гэж бодож байтал зоогийн газрын эзэн бололтой шаламгай байрын авгай хоосорсон аяга тавгаа хураахаар ирэхдээ мөнөөх харчуудыг урьдны танил, ах зах хүний маягаар харцаараа зад ширвэж, “Битгий хүний бүсгүй үр дээрэлхээд байгаарай та нар.” гэснээ Навчаагийн тохойноос эвтэйхэн татаж тэр ширээнээс холдууллаа.

Надаас дөрөв, тав л эгч байх гэж Навчаа таамагласан тэр авгай туранхайвтар, аятайхан биетэй, давхраатай нүд нь цагаан царайд нь тун зохисон, царайлаг гэхээр хүн байв. “Алив наашаа” гэж Навчааг нэг ширээнд уриалагхан урьж суулгаад, халуун савтай цай авчирч дундаа тавьснаа, “Чи харваас пиво биш, цай ууж суумаар хүүхэн байна” хэмээн инээд алдав. Яралзсан цагаан шүдэн дунд нь нэг алтан шүд нь анзаарахгүй байхын аргагүй содон гялалзах аж. Бүсгүй хүн байж хүний газар зоогийн газар хүртэл эрхлэхийг бодоход сүрхий хүн юм даа гэж Навчаа таамаглалаа. Бурам ч нэр шигээ ялдамхан аальтай, монгол байтугай гадаад хүмүүсийн ч эвийг дөмөгхөн олдог, энэ хавийн танил монголчууд дундаа “Бу эгч” гэж авгайлагдсан нэгэн. Ярина гэдэг нь ч эндэхийн хурдан галт тэрэг шиг торох саадгүй жирэлзэн, өнгөрсөн амьдралаа мөчийн дотор Навчаад нуулгүй дэлгээд хаячих юм. Анх ирээд нэг солонгос хүнтэй ханилж байснаа удалгүй салсан, жижиг дэлгүүр эрхэлж байгаад одоо хоолны газартай болсон, монгол хүнээ харахаар дандаа баярладаг, ялангуяа санаа сэтгэл нийлсэн сайн эгч дүүтэй болж, нөхөрлөх юмсан гэж хүсэж явдаг хэмээн урстал ярилаа. Адилхан харь газар амьдралын төлөө зүтгэж яваа дайчин эмэгтэйг биширч, үг яриа, царай төрх нь сэтгэлд таалагдсан Навчаад ингээд “эгч” гэж дуудах хүнтэй болно гэхээр баярын дээд. Сайхан сэтгэлтэй хүмүүс бусдыг харын сэтгэлээр бодох нь ховор, итгэвэл хамгаа даатган найддаг ёсоор Навчаа ч аяга шар айрганд хөвсөлзөн байсан сэтгэлээ уудалж, хөндүүр шархаа дэлгэн, Энхийн ч тухай, охиноо ч санан буйгаа сэтгэлээ онгойтол ярин, нулимс дуслуулав. Эмэгтэй хүний нулимс шархны түргэн анагаах эм адил эдгээх хүчтэй байдаг учир хоёр бүсгүйн сэтгэл улам ойртон ижилсэж, ийн учруулсан хувь заяандаа талархан, хэн хэндээ түшиг болж явна хэмээн чин сэтгэлийн үгсээ солилцжээ.

2016 он, Сөүл хот

Хувцасны модон шүүгээнээс өөр эд хогшилгүй жижигхэн өрөөнд газраар зассан ор дэвсгэр дээр гурван найз эгнэн унтаж байв. Нимгэн дэвсгэртэй учир хатуу шал дороос нухан, газар унтаж дадаагүй тэдний нойр тийм амар хүрсэнгүй. Аялал нь дөнгөж эхэлж байхад архи дарс уун шившгээ дэлгэж, найзуудынхаа сэтгэлийг хөргөв гэж санахаас Гэгээний дотор бачууран, ямар нэг юм нэхэх нөгөө л ад ёр дотроос нь хатган байвч тэвчин хэвтэнэ. Энэ хорвоо дээр санаж сарвайх ганц хүн болох ээжтэйгээ нэгэн тэнгэр дор байна гэх бодол л дотрыг нь жаахан бүлээцүүлэх. Хэдэн хүүхдийнхээ тухай эргүүлж тойруулан бодож дуусаад Зүрхээ мөн л эргэн тойрноо гайхширч дуусахгүй, элдвийг яримаар ам нь загатнан байвч Эрхцасаас жаахан эмээн дуугүй. Ашгүй эргэн хөрвөөж байснаа Эрхцас эхэлж дуугарлаа.

  • Маргааш өглөө эртхэн босоод Ансан явъя. Чимгээ эгчээр асуулгасан чинь үйлдвэр нь одоо хүртэл тэндээ ажиллаж байгаа хэвээрээ гэсэн. Навчаа эгч ч байгаа юм билээ.
  • Пөөх тийм үү? Ямар гоё юм бэ. Гэгээнээ, чи ээжтэйгээ уулзана гэхээр гоё байна уу?

Ээжтэйгээ уулзана гэж бодмогц Гэгээний хоолой дээр нэг юм зангиран, хариу хэлье гэвч чадсангүй. Эрхцас Зүрхээг аяархан нударлаа. Анигар цонхоор тусах сарны бүдэгхэн гэрэлд Гэгээний шанааг даган бөмбөрөх дусал нулимсыг тодхон харжээ. Зүрхээ ярианыхаа сэдвийг бушуухан өөрчилж,

  • Ингэхэд энэ Чимгээ эгч танай ахтай бүр суучихсан юм байх даа? Тэгэхээр эхнэрээсээ бүр салчихсан гэсэн үг үү?
  • Чишшш. Ямар чанга ярьдаг юм бэ. Сонсчихвол яана.
  • За за. Мэдэж байхад сүртэй юм.
  • Чи битгий байн байн асуугаад бай л даа. Эрка эгч юу ч мэдэхгүй байгаа юм шиг байналээ. Ах сар бүр мөнгө явуулдаг, холбоотой ч байгаа. Энд байдаг хүмүүс ингэж амьдарч зардал мөнгөө хэмнэдэг ч юм уу ,бас нэг учир байдаг бололтой. Арай бүр сууж ханилж байгаа ч биш ч юм уу. Ах ч тоймтой юм хэлээгүй. Гэхдээ Эрка эгчид юу ч битгий хэлээрэй гэж их захисан шүү. Тэгээд ч өөрсдийнхөө зорьсон хэргээ л бүтээж байвал илүү дутуу хов живнээс холуур л явъя.
  • Аан за, за. Түр зуур хамт амьдарч байгаа юм байна тэ. Бадрахыг Солонгос явах гэхэд нь болиулсан нь л болж. Хөдөө хол ч гэсэн энэнтэй яаж зүйрлэхэв.

Бадрахын тухай дурсмагц гэрээсээ гараад ганц хоноогүй байгаа мөртлөө нөхрөө хичнээн санаж буйгаа мэджээ. Шинэ газар орон үзэж баясах хэрээр хайртай хүнтэйгээ хамт байсан бол гэж бас бодогдоно. Урьд нь Бадрах дөрвөн хүүхдээ үлдээгээд хоёулаа Хонг Конг яваад ирье гэхэд Зүрхээ дургүйцээд зөвшөөрөөгүй юм. Үрэх мөнгөө бодохоор хайран санагдаж, хэдхэн  хоногт хоёр гурван сарын цалингаа баран байж юу ч үзэж харах билээ, зурагтаар тэр орныг хангалттай л харсан гэж бодсон юм. Гэвч өөрийн биеэр үзэж харах, ухаан санаагаараа мэдрэх гэдэг зүйрлэшгүй болохыг энд ирээд сая л ойлгов. “Ханьтайгаа явах л байж. Хачин гоё юмнуудыг хамтдаа үзээд баярласан бол хичнээн сайхан”.

Шинэ өглөө эхлүүлэх үйл хэрэг нь асар чухал учир гурван найз өглөө эртлэн босцгоолоо. Шөнийн ажлаасаа хэзээ ирж, хэзээ унтаж амарсан нь үл мэдэгдэх Болдоо ах угаасан жимсний хальс шиг гялалзан, цовоо сэргэлэн янзаараа хамтдаа цайлцгаав. Цагаан будаа сурмаг савхдан, кимчи үмхлэх ах нь урьдаас ихэд өөрчлөгдсөн нь андашгүй. Яриан дундаа тэдний ойлгохгүй солонгос үг хавчуулан, энэ намхан адартай байшиндаа энэ янзаар өнө удаан амьдарч байсан юм шиг орчинтойгоо ижилдэн уусчээ.

  • Би та гурвыг метронд суулгаж өгөөд, ажилдаа явна. Та гурав яараад байгаа учраас өнөөдөртөө утас авч амжихгүй нь. Ахынхаа утсыг аваад яв. Чимгээ эгч рүүгээ залгаад, орчуулга хийлгээрэй. Энд англиар ярьдаг хүн ховор шүү. Эгч чинь намайг бодвол хэл сайтай, бас утсаар ярих ч боломжтой болохоор.

Өвлийн дулаахан нарлаг өглөө гурван найз Болдоо ахыг даган гэрээс нь гарлаа. Мөнөөх нарийн хавчиг гудамжаар явахад хашаан дотроо ёстой алга дарам газар дүүрэн зүлэг, цэцэг тарьж тохижуулсан айлууд цөөнгүй таарна. Бөөр бөөрөөрөө нийлэх шахсан байшингуудын завсраар ганц нэг машин яг өөрт нь л таарсан давчуу зайд тавиастай буй харагдахад Зүрхээ монголын уудам нутагтай зүйрлэн гайхширч явлаа. Орон сууцны нарийн гудамж өнгөрөн, өргөн зам бүхий төв гудамжинд гарч ирээд, замын хоёр талаар эгнэсэн олон жижиг дэлгүүр, кофены газрууд, хоолны газруудыг ажин өнгөрсөөр, метроны газар доор гарц руу уруудах шатаар бууцгаав.

Жирийсэн олон шатаар уруудан, тэгснээ дахиж өгсөн, толгой эргэм хонгилоор явсны дараа Болдоо ах автомат машинаас тэдэнд метрогоор зорчих картаа цэнэглэж өгөөд, чиглэлийн метронд суух гарцанд хүргэж өгөн, ухаарахын завдалгүй гараа даллан алга болов. Явахаасаа өмнө “Шатаар өгсөх, цахилгаан шатаар явахдаа баруун гар талаа барьж яваарай. Голлож хүний зам хааж болохгүй шүү. Метронд буух суухдаа эвтэйхэн дугаарлахаа мартав.” гэж дахин давтан захив. Хүлээх тавцан дээр зогсох зуураа тэд англи, солонгосоор бичсэн чиглэлүүдийг уншин, хэдэн буудал яваад метро сольж суух зэргээ бататган харав.

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

АРВАННЭГДҮГЭЭР ХЭСГИЙГ УНШИХ

ЭХНЭЭС НЬ УНШИХ