Гэрэлт оддын зүг 20000 км - АРВАНГУРАВДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - АРВАНГУРАВДУГААР ХЭСЭГ

Jan.07.2019

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Аялал бол муйхар үзэл, мухар сүсэг, явцуу бодлыг хөнөөгч юм.” Марк Твен

Сөүлийн баруун өмнө зүгт орших Ансан бол их хотын хаяанд шахам байх үйлдвэр төвлөрсөн, гадаад ажилчид олонтой дагуул хот билээ. Метрогоор явбал цаг гаруйхан яваад л хүрчих учир Сөүлд амьдрахаас өртөг багатайг бодож тэнд амьдран Сөүл рүү өдөртөө ирж очдог хүмүүс ч олон.

Навчаа анх Ансанд ирээд хар, бор, цагаан олон өнгө зүстэй хүмүүс үзэж, бүр цэнхэр нүдэн орос бүсгүйтэй хамт амьдрах болсноор ертөнцийг харах хараа нь тэлж, нүд тайлсан гэвэл зохино. Зүүн өмнөд азийн харавтар царайтай, намхан жижиг биетэй хүмүүсийг монголчууд сэм “халтрууд” гэнэ, харин үлээхэд хийсмээр туранхай вьетнамуудыг “төлөг” гэж хочлох аж. Анх удаа орооцолдож ширэлдсэн юм шиг буржгар үстэй, эргэлдсэн дүрлэгэр нүдтэй хар арьс хүн хараад нүд салгахгүй ширтэж, өөрөө ч мэдэлгүй араас нь дагаж хөглөсөн удаа бий. Тэр аржгар иржгэр толгойд нь гараа хүргэж үзмээр саваагүй зан нь хөдөлснөө бодохоор нүүр улайм.

Наташа ч түүний хувьд ийм ойр байж үзсэн анхны харь хүн учир ихэд сонин. Уулын цагаан хус шиг гоолигхон, гүн цэнхэр нуур шиг цэнхэр нүдтэй, алтан нарны цацраг шиг шар үстэй тэр бүсгүйг хараад л баймаар үзэсгэлэнтэй. Навчаа битүүхэн өөрийгөө царай тийм ч муугүй гэж боддог байсан атал Наташагийн дэргэд байх болсноор ёстой жинхэнэ гоо үзэсгэлэн гэж энэ л байх гэж дотроо бүр бууж өгчээ. Суран бүсээр сургаж татсан юм шиг нарийхан бэлхүүстэй учир боловсорсон жүрж шиг хоёр хөх нь бүр том харагддагийг хэлэх үү. Бүсгүй хүн атлаа эмэгтэй хүнийг ингэж ажиж, шохоорхож, гоо сайханд нь татагддагийг Навчаа мэдэхгүй явжээ. Ер нь солонгост ирэхээс өмнө мэдэхгүй байсан зүйл үй түмийг бага сага ухаарч л явна.

Далайгаас барьсан шинэхэн загас зардаг захаар үүр цүүрээр явах, хөгшчүүд, авгай нар голдуу хөлхөх хүнсний зах худалдаа хэсэх, учир нь олдохгүй сүлжсэн орон сууцны гудамжаар зүгээр л нэг тэнэх их дуртай. Сардаа нэг л удаа Сөүл ордог учир ховорхон нэг амралтын өдөр таарахад ингэж дураараа зугаалж сэтгэлээ баясгана. Айл айлын цонх, үүд хаалга, хашаа адилгүй. Амьдрах газар юм даа гээд хаячихсан нэг байхад орд харш мэт гоёж тохижуулсан нь цөөнгүй. Гэрийнхээ гадаа багахаан зайд ямар ч болов мод, бут заавал тарьсан харагдана.  Улаан лоольтой төстэй атлаа улбардуу өнгөтэй жимс Наташа гарт нь атгуулахад уулгамч юм шиг хазаж орхисон эвгүй нялуун эд байж, шууд амнаасаа гаргаад хаятал орос бүсгүй шоолон баахан инээж билээ. Үйлдвэрийн хашаанд ургадаг илжгэн чихний модноос тасалж авсан жимс байсан нь тэр.

Умгар өрөөндөө уйтгартай санагдвал цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний засмал сайхан замаар хичнээн ч удаан хамаагүй алхчихна. Солонгост анх ирэхэд намар байсан. Өнгийн цэцэгс нь гандаагүй янзаараа мөртлөө моддынх нь навчис улаан шаргал өнгөөр хувирсан зун шиг намар. Гэрээ санахаараа, ганц охин нь бодогдоод тэсэхгүйд ийн хэдэн цагаар алхаж, уйтгар гунигаа алхах тоолондоо нимгэлэх гэж оролдсон нь хичнээн билээ. Охиных нь хорвоог аргадсан гунигтай зөөлөн харц хаа нэгтээгээс дагаад байгаа ч юм шиг. Авга эгчдээ загнуулж, аавдаа зодуулж байх вий гэхээс дотор нь үймэн сааралтаж, сэргэж ядан байсан сэтгэлийг нь хуучны дурсамж гогдон зовооно. Энэ олон бээрийн алсад ирсэн мөртлөө Энх заримдаа яг хажууд нь байгаа юм шиг нэг л хачин. Зах дээр сайхан зантай хархүүгээс дохио зангаан дээр мэддэг хэдэн үгээ нэмээд загас наймаалцаж авахдаа “хөөрхөн юмаа” гэхэд нь өөрөө ч мэдэлгүй инээчихээд гэнэт Энхийн ясархаг хүйтэн гар угз татах юм шиг санагдан эргэж хардаг. Ганцаараа удаан байх тусам сүг сүүдэр шиг үл салах энэ хачин бодлууд, эргэлзээ шаналал шаналгах учир амралтын өдөр ганцаараа байхаас айх боллоо.

Наташа харин амралтын өдөр болов уу үгүй юу усанд орж, нүүрээ будаж, тогос шиг гоё болоод гараад алга болно. Хаачдагийг бүү мэд. Ирэхдээ жаахан халамцуу, хацар нь улайчихсан, их сайхан ааштай, үзэгдэж харагдаагүй гадаад чихэр, шоколад, бохь зэрэг атган Навчаагийн өвөр дээр шархийтэл асгаад тачигнатал инээнэ. Орос хэл гадарладаг учир Навчаад бусдаас илүү сайн. Нэг орой гуйвж дайван орж ирээд, Навчааг тэврэн олон юм үглэн баахан уйлсан. Хэл нь дультарч, үгээ зажлаад сайн ойлгогдохгүй байсан ч өөр шиг нь хувь заяандаа гомдож явдаг нэгэн бололтой. Маргааш өглөө нь мөн л хаврын цэцэг шиг сэргэлэн цовоо Наташа болоод ажилдаа дуу аялан гарч одсон.

Ээлжит нэгэн амралтын өдөр ийш тийшээ явж мөнгөө үрэхгүйн тулд өвөл жиндүү, зун байж тэсэхийн аргагүй бүгчим жижигхэн муу өрөөндөө Навчаа бодлогошрон сууж байлаа. Одоо хэдий ажиллаад өрөө төлөх, охиноо яаж Энхийн гараас салгаж өөртөө авах, сүүлд илгээсэн захиа, бэлэг нь хүрсэн болов уу гэдгийг мэдэхсэн. Гэвч өнчин түүнд түшиг болох, хэл дамжуулах хүн байхгүй нь гачлантай. Хартай нөхрийнх нь гайгаар найз нөхөд нь бүгд хөндийрсөн. Ер нь тэр араатан мэт хатуу хахир хүний гар дор найзтай болох ч боломж таарсангүй. Сэтгэлдээ хичнээн ганцаарддагаа хэн нэгэнд уудлахсан гэж хүсэвч халтартсан муухай хана л өөдөөс нь ширтэх.

“Миний найз аа” гэсэн чанга дуу улигт бодлыг нь тасалсан нь уруулаа час улаанаар будаж, цэцэгтэй эрээн бариу торгон цамц, жинсэн өмдтэй маягийг нь олж хослуулсан өмссөн Бурам байжээ. Хувцас, нүүр будаг нь ихэд зохисон учир хар лакан туфль өмссөн түүнийг Навчаагийн үе гэмээр дүүмэд харагдана. Урт хар үсээ задгай тавьж, нарийхан алтан гинж, чулуун шигтгээтэй алтан ээмэг хослуулан гоёжээ. Ийм эзэгтэйтэй байхад тэдний цайны газраар монгол, солонгос харчууд эргэлдэх нь ч аргагүй биз. Юм юмнаас сэтгэл татах нь Бурамын хүнийг өөртөө чихэр шиг наалдуулж орхидог ааль юм. Ингэж инээж, ярьж сурахсан гэж Навчаа хүртэл боджээ.

  • Ийм сайхан өдөр ингээд ганцаараа өвдгөө тэврээд сууж байж таарах уу? Гадаа хавар ирчихээд байна. Хайрла, дурла, зугаал гэж шувууд хүртэл жиргээд байхад.
  • Чи яаж хүрээд ирэв ээ? Ёстой санаанд орсонгүй.
  • Юу яаж гэж. Чи ямар над дээр ирэх биш. Ингээд гуниглаад сууж байгааг чинь мэдээд чамайг аврах гэж ирлээ шүү дээ.
  • За наашаа суу. Найз нь цай хийж өгье.
  • Зүгээр ээ. Цаг алдахын нэмэр. Чи хурдхан хувцсаа сольчих. Хоёулаа гадагшаа гаръя.
  • Хаачих уу?
  • Миний танил солонгосын төрсөн өдөр болж байгаа юмаа. Эндээс ойрхон.
  • Тэгвэл би юу хийхэв дээ. Танихгүй хүний баяр дээр.
  • Дэмий юм ярих юм. Танилцаад авахгүй юу. Хэд хэдэн зоогийн газартай, бүр Сөүлд хувьдаа бүхэл бүтэн барилгатай баян хүн шүү. Баян болохоор нь оч гэж байгаа юм биш, хүний хувьд ч тун аятайхан.
  • Ээ дэмий байхаа. Би больё.
  • За чи ганц найзыгаа тэр холоос ирээд гуйж байхад арай ингэж үнэрхэхгүй байлгүй дээ. Чамайг найзаа гэж итгэсэндээ л цуг явъя гэж байгаа юм. Хоол ундыг нь идэж ууж, наргиж, гол нь хоорондоо сайхан ярьж хөөрч авъя л даа. Ажил дээр бол би тэгэх завгүй. Бусад үед нь чи над дээр ирэх завгүй. Ойрд нутгаа санаад хэрэг алга.
  • Үгүй, надад тэгээд ч олигтой өмсөх хувцас алга гэж Навчаа түгдчин үнэнээ хэлэх нь өөрт нь ичмээр байлаа.
  • Гаръя. Дэлгүүр оръё.
  • Яах юм бэ. Тэгээд ч..тэгээд ч...

Цалин буугаагүй гэж хэлэх гэснээ Бурамаас санаа зовоод чадсангүй. Өөр юм зохиож хэлье гэхнээ ер нь худал хэлж сураагүй тул бэлэн зэхий үг бас олдсонгүй.

  • Чи битгий цаг үрээд олон шалтаг заагаад бай. Надад итгэ гээд Бурам түүнийг чирэх шахам өрөөнөөс авч гарлаа.

Хоёр хүүхэн сугадалцан хотын гудамжаар явахад ирэх цагийн элч болсон шувууд жиргэлдэн, илчит наран ээн, бүхий л ертөнц нэг л хөгжүүн, өнгөлөг. Навчаагийн сэтгэл ч сэргээд ирлээ. Бурамын зөөлөн гараас сугадан явахад түшигтэй, хүн хүнээ мөрөөсөх хүсэл нь битүүхэн ханаж, сэтгэл өег. Эхний тааралдсан жижиг дэлгүүр лүү Бурамд чирэгдэн ороод, сонгож өгсөн цамц, бошинз, туфлийг нь аргагүй өмсөж, толины өмнө зогслоо. Үйлдвэрийн өргөн хэлхгэр хувцасны ард нуугдаж байсан гол шиг уян гоолиг биеийг нь, давхраатай алаг нүд, цайвар царайнд нь зохисон жирвэгэр хөмсөг, хун шиг цагаан хүзүү, цэх мөр, эгцхэн хөлийг нь энэ хувцаснууд л ингэж тодруулж чадах байх. Бурам сэтгэл ханамжтай байх бололтой жуумалзан толгой дохиод хувцасны тооцоог хийж, Навчааг хөтлөн гарав. Өөртөө зохисон хувцастай өндөр өсгийттэй гудамжаар гунхаж яваа бүсгүйн сэтгэл яаж гундуу байх билээ. Цэгцрээд ирсэн биеэ мэдрэн алхаж явахад зөрсөн бүхэн хараад ч байгаа юм шиг, хацар нь үл мэдэг ягааран, биедээ эрэмших бодол ч төрнө. Бурамын дуу алдан магтсаныг хэлэх үү, хавь ойрд төрөөгүй сайхан мэдрэмж дотроос нь төөнөн уруулаа ягаанаар будчихаад задгай тавьдаггүй урт үсээ намируулан алхах юутай сайхан.

Олон давхар өндөр байшингийн шил толь шиг гялгар үүдээр орон, цахилгаан шатаар өгсөх зуур Навчаад жаахан сэтгэл зовмоор санагдав. Танихгүй байтугай таньдаг хүмүүстэйгээ наргиж хөөрөлдөөгүй ямар их удсан билээ. Эргэлзэж байгааг нь анзаарсан юм шиг Бурам ам хуурайгүй ярьсаар олон хүн шуугилдсан караокэний том өрөө рүү түүнийг дагуулан орлоо. Ахимаг голдуу эрчүүд, цөөн бүсгүйчүүд цугласан том танхимд ширээн дээр идээ будааг өнгө алаглуулан өрж, сөжүнд халсан солонгос эрчүүдийн хадан, дундуур нь бүсгүйчүүд тас тас инээх дуулдана. Идээ ундааны гоё сайхныг анзаарахаас урьд жар орчим насны солонгос эрийн өвөр дээр суусан залуухан бүсгүй түүний анхаарлыг ихэд татжээ. “Арай биш болов уу” гэж бодсон түүний гайхах харц Наташагийн халамцаж, гөлийсөн нүдтэй шууд тулгарлаа.

Наташа зориуд түүнийг танихгүй дүр эсгэв үү, үнэхээр тэгтлээ согтсон байв уу, харцаа буруулан нарийн янжуур асаагаад мөнөөх халзан толгойт эрийн өвөр дээр унаад өгөв. Найр ч эрт эхэлсэн бололтой. Зочдын ихэнх нь нэгэнт согтжээ. Төрсөн өдрийн эзэн гэх тавь эргэм насны халимаг үстэй, өндөр солонгос эр Бурамын нэрийг чангаар дуудан тэднийг угтан авч суулгалаа. Бошинз нь арай богинохон санагдсанд санаа нь зовох Навчаа ширээ өнцөгдөн цомцойн суув.

  • Миний найз битгий биеэ барь. Энэ Пак их сайн солонгос шүү. Харамч нарийн зан байхгүй. Юу юугүй хэн хамаагүй татаж чангаагаад байдаг ч хүн биш, айлтгүй. Энийг барьчих, аятайхан болно гээд Бурам аягатай шар айраг гарт нь атгууллаа.

Өөрийг нь анзаарахгүй юм шиг байсан эрчүүд, хүүхнүүд дуу нэгтэй шахаж, “тогтоо, тогтоо” гэх учир ярвайн байж балгалан залгилж дуусгахаас өөр арга байсангүй. Араас нь шар айраг, сөжүний холимог коктэйл маягийн ундаа залгаад хэд хэдэн удаа ороод ирлээ. Бурамын шавдуулах, бусад нь шахахтай нийлээд эсэргүүцэж чадалгүй мөн л уучихав. Архи халуу оргиулан дээрээс доошилж, хөл нь сулран, нэг л аятайхан мөртлөө сонин. Их согтвол биеэ барьж дийлэлгүй уйлж унжин, агсардаг зантайгаа мэдэх учир Навчаа архинаас их айдаг. Нэг удаа Энхийг хүртэл айтал нь агсамнаж, хумсаараа хүзүүг нь уран маажиж, шилэн эдлэлээ хана саван хагалсан байснаа санах бүр дахиж архи уухгүй гэж өөртөө амласан хэрэг. Гэвч одоо яах аргагүй согтож байгаагаа мэдрэв. Хана тааз дайвалзан, хүмүүсийн яриа холдож ойртон, өөрийгөө хянан захирах гэвч хүчгүйдэнэ. Баярын эзэн хажууд нь дөхөж ирээд юм ярихад амнаас нь сармисны эхүүн үнэр ханхийж, толгой нь улам өвдөх шиг болох тул эвтэйхэн зайлуулаад угаалгын өрөө лүү гуйван явлаа.

Дотор нь урвачих шиг болж, огин бөөлжиж байхад зөөлөн гар нурууг нь нухлан, урт үсийг нь хойш өргөж өгсөн нь Бурам байжээ. “Миний найз дэндүү согтжээ. Найз нь чамайг хүргэж өгье” гээд Навчааг түшин гарцгаалаа. Гадаа харанхуй нөмөрч, уушийн газруудын гэрэл анивчин, хөлчүү хүмүүс чанга дуугарах энд тэндгүй дуулдана. Үдшийн агаарт Навчаагийн дотор жаахан онгойх шиг болж, одоо нэг их уйлмаар ч юм шиг, суугаад юу хамаагүй яримаар ч юм шиг оргино.

  • Найз нь охиноо үнэхээр их санах юмаа. Энэ хорвоод санаж сарвайх, намайг гэх ганц хүн шүү дээ. Юу хийж, яажшуухан байгаа бол гэж бодохоор л дотор харлаад уйлмаар, заримдаа үхмээр санагдаад байнаа.
  • Үхээд яахав дээ, найз минь. Үхээд бүх юм сайхан болдог бол өдийд би мянга ч үхэх байлаа. Тэмцэж явж ард нь гардаг хорвоо шүү.
  • Мэдэхгүй юм аа. Зөв ч юм хийгээд байгаа юм уу, буруу ч юм уу. Хүний газар хүүхдээсээ хол хоног тоолж суугаа нь тэмцэл мөн үү? Эсвэл Энхийн толгойг хага цохиж хаяад, нэг өдөр шоронгийн хаалга татсан бол  тэр тэмцэл байх байсан уу?
  • Түй түй, муу ёр. Юун шорон.
  • Өөртөө наасан ч юмгүй морь мал шиг зүтгээд л байдаг. Тавьсан өр ч дундрах янзгүй. Энэ сарын цалинг эзэн өгсөнгүй.
  • Чи ингэхэд арай бага цалин авдаг юм байна лээ шүү. Би танай хэдээс сонссон. Илүү цагийг чинь ч бодож өгдөггүй, арай дэндүү шулсан газар байна. Та нарыг хэл мэдэхгүйгээр чинь далимдуулж байгаа юм.
  • Тийм гэж үү? Нээрээ урт цагаар ажиллаад байхаад сүүлдээ их ядрах юмаа. Арай биед амар юм олж хийх юмсан.
  • Одоо чи бага сага хэлтэй болсон юм чинь цалин ахиу аятайхан газар олж ор. Ингэж шулуулж мөлжүүлж, хайран биеэ үгүй хийх хэрэг алга.
  • Гэхдээ гэрээтэй ирсэн шүү дээ. Тэрийгээ яах билээ?
  • Цуцлуулаад өөр газартай л гэрээ хийчихгүй юу.
  • Тийм амархан байдаг юм уу?
  • Хөөцөлдөөд үзвэл болохгүй юм гэж байхгүй шүү дээ. Болохгүй бол найз нь зохицуулна. Чи хараа биз. Хүмүүс яаж амьдарч байна. Наргихдаа наргиж, цэнгэхдээ цэнгэж чадаж байна. Гэтэл чи, ганц даашинз өөртөө авах мөнгөгүй, олигтой амрах ч завгүй амьдарна гэж юу байсан юм. Нас чинь ч залуу, жаргах зам урд чинь байна. Надад итгэ, би амьдралыг чинь өөдлүүлээд өгнөө.
  • Муу найз нь юмны учир сайн мэдэхгүй шүү дээ. Хурдхан мөнгө хураагаад охин дээрээ л очмоор байна.
  • Чи мөнгө хураагаад охиноо өөр дээрээ авчирна гэж яриач. Намайг хар л даа. Муу ч гэсэн өөрийн гэсэн юм ажиллуулаад явж байна. Чи ч чадна.
  • Тэгвэл яасан ч яахав ээ. Найз нь хурдхан л их мөнгөтэй болж, хүн шиг амьдармаар байна. Охиноо, ганцхан муу охиноо л хурдхан хармаар байна.

Навчаагийн сүүлийн үг нулимстай нь хамт хацрыг нь даган урслаа. Хүний нутгийн тэнгэр хүртэл дээрээс нь дараад байх шиг санагдан, аминых нь хэлтэрхий болсон охиноо үгүйлэх сэтгэл нь далан сэтлэн үерлэх ус адил зад тавьж, орь дуу тавин уйлж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй.

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

АРВАНХОЁРДУГААР ХЭСГИЙГ УНШИХ

ЭХНЭЭС НЬ УНШИХ