Гэрэлт оддын зүг 20000 км - АРВАННЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - АРВАННЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Dec.24.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Амьдралаас зугтах гэж биш, харин барьж авах гэж аялдаг юм.”

Өвлийн эхэн сарын жихүүн агаар чийгтэй холилдон яс янгинуулам хайрах хүйтэнд гурван найз онгоцноосоо бууж, эх газар хөл тавилаа. Согтуурхаж элдэвлэн байж нэг унтсан Гэгээн ашгүй онгоц газардахын хэрд ухаан орж, түрүүхэн арслан барс шиг агсалзан байсан уур омог нь хоосон уут шиг шалчийгаад хоёр найз руугаа эгцэлж харж ч чадахгүй гөлөлзөн явна. Согтуу хүн бол хэзээд амьдралын сайхныг дутуу мэдэрдгийн гайгаар өөр оронд хөл тавин сонин сайхныг үзэж гайхшрах ч чадал байсангүй. Эрүүл согтуугийн хооронд ярьсан хэлснээ санах гэж хичээвч чадахгүй, дэмий л газар ширтэн хөлөө чирэн унжийна.

Анх удаа гадаад оронд ирсэн Зүрхээгийн хувьд хөл ихтэй баярт ирсэн хүүхэд шиг л тоймгүй баясан, түүнийгээ ч нуусангүй. Олон хэлийн хүн хөлхсөн онгоцны буудалд орж ирмэгцээ Эрхцасыг нударч, “Алив намайг чимх дээ” гэвэл найз нь жуумалзсанаа чангахан чимхэж орхив. “Яаая л даа. Кинон дээр ингэж хэлээд байдаг биз дээ. Жинхэнээсээ чимхээд байхдаа яахав дээ” гэж гоморхонгуй хэлснээ тас хар гивлүүртэй урт нөмрөгөөр биеэ өвч халхалсан араб эхнэрийг үзмэгцээ гомдоллохоо ч мартаж алмайран дагуулж харна.

Тэднийг тосож авах учиртай Эрхцасын үеэл ахыг хүлээнгээ онгоцны буудалд түр азнах хэрэгтэй болжээ. Зүрхээ учир мэдэх хүн гэж юм л бол Эрхцаст хандах тул, бас нэг санаа төрсөн бололтой ханцуйнаас нь чангаан “Тэр хар даа. Кэй Эф Си гэж байна. Энийг идэж үзье” гэж шаллаа. Гэгээний байр байдлыг хараад бухимдан санааширсан Эрхцас ундууцаж,

  • Саяхан онгоцны хоол идээ биз дээ? Тэгээд ч идэж үзээгүй биш, яах гэсэн юм.
  • Үгүй ээ, энэ чинь яг ориг нь байгаа. Манай тэнд мэдээж хулхийг нь л зардаг байж таараа ш д. Өдий гэрээс гарсных энийг заавал идэж үзнэ гэж зөрүүдлэв.

Дөрвөн хүүхдийн ээж гэмээргүй хүүхдэрхүү, цайлган найзынхаа хүслийг дагуулан шарсан тахиа, бургер авч өгвөл хэд хазсанаа “Өө нохой долоо. Бүр ч амтгүй золиг шив дээ” гэж үглэснээ Эрхцасыг том хармагц дуугүйхэн том том үмхэллээ.

Энэ тэрийг ажин сонирхож цаг гаруй хүлээсэн ч Болдоо ах ирсэнгүй. “Ах ажилтай ирж амжихгүй гэнэ. Бид гурвыг гэрт нь яваад оч. Автобусны буудал дээр хүлээж байя гэлээ”. “Хичээл тарлаа” гэж багш нь хэлсэн юм шиг Зүрхээ, Гэгээн хоёр дэрхийн босож, аанай л Эрхцасын хөдлөх барихыг дагуулан, араас нь хүүхэд шиг дагалаа. Эрхцас хаашаа ч юм гүйн явж автобусны билет авч ирээд, зогсоолыг нь ч бас олж хоёр найзаа дагуулан суулгав.

Өвлийн бүүдгэр цагаан нар хүйтнийг нэвтэлж чадахгүй зүдэх мэт ёлтойн, ийм хүйтэнд шилэн оймстой, хөнгөн шаахайтай яваа охидыг гайхан харсан найзууд автобусандаа суун Сөүл хотыг зорилоо. Суналзсан урт автобус хурдны замаар далайн мандал зүсэх хөлөг мэт урамтай сүнгэнэн урагшилж байхад найзууд тус тусын бодолд автан чимээгүй. Гэгээний дотор аягүйн хэрээр гэмшил гэгч хүнд ачаанд дарагдан, ямархан гэгээн үйлийн төлөө энэ газрыг зорьж ирснээ өөртөө сануулж, “ахиж уухгүй, ахиж хэзээ ч уухгүй” гэж амлан тангараглаж сууна. Гэвч энэ үгийг өөртөө хэдэн удаа хэлснээ мартчихаж. Хэлэх бүр яг үнэн мэт санагдавч, нэг хундага татсаны дараа хэзээ ч хэлж байгаагүй мэт санагдах вий. Тэгсэн мөртлөө хэн нэгэн түүнийг “архичин” гэж цолловол хэзээ ч үгүй гэж үхтлээ марган мэтгэхэд бэлэн. Ийм зовлонт тойрогт орсон нэгэн бүсгүй амьдралын давалгаанд өөрийгөө даатгачихаад хаа нэг эрэгт гаргаад хаях биз гэсэн сохор горьдлоготой өдөр хоногийг өнгөрүүлсээр.

Цаг гаруй явсны эцэст нэгэн автобусны буудал дээр цүнх саваа чирэн бууцгаавал саравчтай малгай духдуулан, Монголд байснаа бодоход царай нь цайж, хөнгөн шингэн болсон ах нь инээд алдан тэднийг тосон ирлээ.  Нутагтаа байхдаа зун бол наранд харласан гүзээгээ ил гаргаж, цагаан майкаа дээш нь шуун, том гинж хүзүүндээ гялалзуулж явдаг байсан ах нь зурвас харахад яг л солонгос хүн гэмээр болж, бие нь чийрэгжин жавхайж, алхах нь гүйхийн дайтай, солонгосоор ярих мэхэлзэн нахилзах нь дадамгай. Саарал голдуу өнгөтэй дөрөв таван давхар байшингууд эгнэсэн нарийн гудмаар явсаар, хоёр давхар улаан тоосгон байшингуудтай давчуу гудам руу ороод ирлээ. Хоёр машин яаж зөрдөг бол гэмээр нарийхан цардмал замаар дээшээ өгссөөр намхан төмөр хашааны хаалга татан, гурав алхаад төмөр хаалга түлхүүрдэн нэг давхар байшинд орцгоов.

 

“Манай гэр хороололд бол хашаан дотроо байшинтай ч бас зай ихтэй байдаг атал энд бүгд ингэж шавааралдсан дээрээ хашаандаа зай завсар гэх юм алга шив” гэж Зүрхээ бодсоор үл мэдэг чийг үнэртсэн намхан адартай байшин руу орж, доторхийг нь ажин шинжлээ. Шинэ газар ирсэн аялагч хүний нүд жижиг сажиг гэхгүй юу бүхнийг соргог харах тул юу нэгийг ч үлдээлгүй анзаарна. Хоёр өрөө байшингийн дотор уужуу гэхгүй ч юм бүхнийг эвтэйхэн шингээн багтаажээ. Гал зуухны тавилга, хөргөгч, зурагтын тавиураас гадна сүртэй тавилга сэлт гэх юмгүй. Хүмүүс нь газраар сууцгааж, хоол идэхдээ эвхдэг ширээ гаргаж тавиад, дуусмагц түүнээ хураана.

Өрөөнд нэн сэрүүхэн байсанд Болдоо ах анзаарсан бололтой, “Ах нь халаалтаа нэмчихлээ. Удахгүй дороос чинь халаад сайхан болноо. Би ягаандаа гарлаа. Чимгээ одоо ирж яваа гэсэн” гээд шурдхийн алга болов. “Үлгэрт гардаг ирэх явах нь мөргүй гэдэг шиг гялалзуур болжээ Болдоо ах” гэж Зүрхээ гайхшран бодлоо. Холоос гийчин ирвэл Монголд хөл алдан дайлж цайлан, лавтай бууз жигнэж, галуун хүзүүт аяар нэгийг гаргах атал энд эзэнгүй байрандаа хүйтэн ундаа аягалж өгчихөөд алга болж өгөх нь бас сонин. Гэрийн эзэн гарсан хойно бие тавиран босож, энэ тэрийг сонирхож явсан Зүрхээ дуугүй байж тэссэнгүй асуулаа.

  • Энэ ягаан гэдэг нь юу гэсэн үг юм бол?Ягаандаа явлаа гэсэн үү, яваандаа явлаа гэсэн үү?
  • Шөнийн цагаар хийдэг ажил юм шиг байна лээ. Илүү цалин авдаг гэсэн байхаа.
  • Чимгээ, Чимгээ гээд байдаг чинь хэн билээ?
  • Аан. Болдоо ахтай хамт амьдардаг хүүхэн л гэсэн.
  • Хамт уу? Болдоо ахын чинь эхнэрийг Эрка гэдэг биз дээ?
  • За мэдэхгүй ээ, тэр нарийн ширийн юмыг. Олон жил тусдаа байсан хүмүүс яасан ийснийг мэдэх юм ч алга. Тэгээд ч бид нарт хүний амьдрал ямар хамаа байна. Хурдхан ажлаа амжуулвал барав.

Эрхцасыг хариулж дуусахтай зэрэгцэн хаалга онгойн нэг хүн сүр сархийн орж ирлээ. Сайхан ааштай байрын дугариг царайтай, махлагдуу шар хүүхэн инээд алдан орж ирээд хэзээдээ ч юм амжуулан гараа угааж, тэдэнтэй мэнд мэдээд, амсхийсэн ч гүй хоол унд зэхэж эхлэв. Яаж ч харсан гэрийн эзэгтэй гэдэг нь маргаангүй гэж илүү үгэнд дурладаг эмэгтэй хүний зангаар бодсоноо хэлье гэвч Эрхцасын бодлогошронгуй царай, Гэгээний сүнсээ гээсэн мэт урвайсан төрхийг хараад хэлээ хазлаа. Байшингийн жижигхэн цонхоор гадна орчин гэж харагдах юм бараг үгүй. “Би энд ч адилхан байдаг” гэж хэлэх мэт даган байсан бүүдгэр нар ч гэр өөдөө яарах мэт алга болоод, харанхуй нөмөрчээ.

            1999 он, Солонгос улс, Ансан

Үйлдвэрийн ажилчдын байр гэх ядруухан сууцны нимгэн төмөр хана, дээвэр нь зун бол байх суух аргагүй халж, өвөл жиндүүлэн хайрна. Навчаагийн суух өрөө мөн л их жижиг, хамт байх Наташа хэмээх орос бүсгүйн хамт өөр өөрийн гудсыг дэлгэж хэвтэхэд хооронд нь алхам хэрийн зай л үлддэг билээ. Бие засах хэрэгтэй бол үйлдвэрийн байр луу 100 м орчим гүйж очих ч нэгэнт ажил хийх гэж л ирсэн хэмээн сэтгэлээ засаад түр зуурын бэрхшээл гэж энэ мэтийг тоохгүйг хичээнэ. Эмэгтэй хүний дотуур хувцасны үйлдвэрт хийх ажил нь хүнд биш ч, ажиллах цаг нь урт. Хэл мэдэхгүй учир лавлах ч аргагүй, ихэнхдээ олон, хааяа цөөн цагаар ажиллаж буйгаа ч сайн ухаарахгүй л байлаа.

Нуруугаа бөгтийж, гараа цуцтал ажиллавч орой нь муу байрандаа ирээд хоол унд аялуулчихаад унтахаар хэвтэхэд сэтгэл амар юутай сайхан. Хэн ч ирж хаалга үүд балбахгүй, согтуурхаж үгээр химлэн зовоохгүй, энэ биеийг нь хүчирхийлэхгүй гэхээр жаргал л энэ юм гэж даруухан бүсгүй хувь заяандаа талархан хэвтдэг. Эхний сар энэ мэтчилэн өнгөрөөд анхны цалингаа гар дээрээ тавихад Навчаагийн ёстой нар гарах шиг болжээ.

Сөүл хот орж үзнэ, утасны карт авч Монгол руугаа ярина, охиныхоо дууг сонсоно, анхны цалингаараа бас бус юм авч явуулна гэхээс яаран догдолж, баяр хөөр гэдэг ийм байдаг билүү гэдэг бүүр түүрхэн танил мэдрэмж дотор бүлээцүүлэн байлаа.

 

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

АРАВДУГААР ХЭСГИЙГ УНШИХ

ЭХНЭЭС НЬ УНШИХ