Гэрэлт оддын зүг 20000 км - НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - НЭГДҮГЭЭР ХЭСЭГ

Oct.29.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Мянган бээрийн аян нэг алхмаас эхтэй”. Лао-Зы

Их шуурга дэгдэхийн өмнө гайхам нам гүм болдог шиг тэр өглөө амьдрал энгийн хэмнэлээр үргэлжилж байлаа. Амьдрахыг өглөө сэрээд үдэш нойрсох хүртэл сурсан замаараа явж, дадсан ажлаа хийх гэж үзвэл “энгийн” гэдэг үг энэ өдөрт яг тохирно. Гэвч яг энэ мөчид хоёр хүний амьдралыг бүрмөсөн өөрчилсөн тэр гэнэтийн цохилт шиг үйл явдал тохиодоггүй бол амьдрал шунан дурлахааргүй хэт “энгийн” болох байсан биз.

Хотын захын жижигхэн хоёр өрөө байшинд нэгэн бүсгүйн энгийн өдөр өчигдөр, уржигдраасаа ялгарах юм багахан өрнөж байлаа. Байшингийн яндангаар утаа хөгжилтэйхэн олгойдож, гал зуухны өрөөнд тогоо шанага хангинан, шарах, жигнэх, хайрах янз бүрийн үнэрийн хажуугаар махны мод, заазуурын хөг нэгтэй дасал аялгуу энэхүү найрал хөгжмийг оройлно. Нөгөө өрөөний голд жижиг мухар сандал дээр тав орчим настай дэггүй хөвгүүн явган суугаад ээжийнхээ гар утсаар хүүхэлдэйн кино үзэх зуур ой өнгөрч яваа сэгсгэр хүү түүнийг нь булаацалдан бархирч, өлмийгөө хэрээрээ өргөөд ахынхаа өмдний шуумагнаас зууралджээ. Бяцхан гараа сарвайсаар гар утсанд хариагүй хүрдгийн даваан дээр ах нь “цаашаа” гэж хашгиран түлхэж орхилоо. Эрчиндээ арагшаа савж унахдаа жаал хажууд нь хүүхэлдэйн байшин өрж тоглож байсан хоёр эгчийнхээ дээр унаж бөөн орилоон хашгираан нэмэгдэв. Энэ зуур эгээ л арван гартай мэт их ажлыг гялалзтал амжуулж байсан ээж нь гартаа барьсан шанагаа шидэж орхиод, замдаа таарсан тоглоомуудыг өшгичин бүдчисээр гүйж ирлээ.

“Аравхан минут аятайхан тоглож чадахгүй байна уу?” гэж том хүүгээ аашлан загнаад, ээжийнхээ бараанаар улам чанга уйлж байгаа бага хүүгийнхээ аманд мөөмийг нь зуулган дуугүй болгов. Гэтэл ээждээ загнуулсан том хүү нь утсыг нь газар шидэж орхиод шаралхан чарлан уйлж эхэллээ. “Ээжийн утас, би үзнэ, би үзнэ” гэж хоёр ихэр охин нь зэрэг ухасхийхдээ хоорондоо духааараа мөргөлдсөнөө үс гэзэгнээсээ зууралдан шууд зодолдох нь тэр. “Боль л доо та нар” гэж  ээж нь өндийн ухасхийтэл амнаас нь мөөм нь сугарсан бага хүү бас уйллаа. Ундуй сундуй тараасан тоглоомнууд, саяхан хивсэн дээр асгасан өнгийн будаг, үрчийн хуниралдсан буйдангийн бүтээлэг, гарын ором гарж халтартсан зурагтын дэлгэц, газраар хөглөрөх талхны зах, боовны булан, алимны гол, хэзээ мөдгүй асгаж мэдэх аяга дундуур цай, ээжээрээ аргадуулах гэж дөрвөн зэрэг уйлах хүүхдүүдээ арга тасран харж байтал хиншүү хярвасны гашуун үнэр, утаа зэрэгцэн орж ирлээ.

“Ээжээ, манайх шатаж байна” гэж саяхан хэзээ ч тайвшрахгүй юм шиг хашгиран уйлж байсан хүү нүдээ гялалзуулан гал зуухны өрөө рүү гүйж одов. Хоёр дүү нь ч уйлахаа болин ахынхаа хойноос дагав. “Хүүе” гэж дуу алдан өндийсөн ээжийнхээ хүзүүнээс байдгаараа зуурсан бага хүү нь ч уйлахаа хэдийнээ больжээ. Хярвас болтлоо түлэгдсэн хайруулын тавагны ёроолыг далдартал ус хийхэд шаррр хийн дуугарснаа уурсах мэт улам их хиншүү тавив.

Хэрэв энэ мөчид бүсгүйн утсанд тэр зурвас ирээгүй бол хөлсөө нэг шударч аваад ёроолгүй усны эргүүлэг мэт их ажилдаа шумбан орох байсан даа.

“Ээж” гэж өдөрт хэдэн зуу дуудуулсаар нэрээ мартах шахсан дөрвөн хүүхдийн эх, нэр хүндтэй банкны удирдах албан тушаалын шатаар амжилттай өгсөж яваа, сүрдэм ширүүн төрхтэй ажил хэрэгч бүсгүй хоёрыг гэнэдүүлэн ялгалгүй нэг цохилт буулгаж чаддагаараа амьдрал хоржоонтой юм. Зузаан бамбагар хивсэн дээр нь хүний хөлийн чимээ үл гарах, хэн нэгнээс эмээх мэт бүгд сүрдэнгүй намуухан дуугаар ярих, гөлгөр гантиг чулуу, хамгийн толигор шил, үнэт зандан мод бүхий тавилга хэрэгсэл бүхий албаны энэ орчинд биеэ цэгнэн яваа хүмүүс хавтас сугавчилсан цэн тогорууг санагдуулна. Хүйтэмсэг, гял цал төрхтэй энэ хүмүүс хүчилтөрөгчөөр биш мөнгөөр амьсгалдаг юм шиг санагдах бүрт бүсгүй тэднийг онцлог байдлаар нь ямар нэг амьтнаар төсөөлүүлэн дүрсэлж тайвширдаг байв.

Арван жил хүлээсэн хамгийн чухал энэ өдөр удаан боловсруулсан төслөө амжилттай танилцуулж чадах аваас өдий хүртэл шүд зуун тэвчсэнийхээ хариуд “захирал” хэмээх хүндтэй шошго бүхий өрөөнд суух эрхтэй болох байлаа. Өглөө шүршүүрт орох гэтэл ус тасарсан, шатан дээр бүдрэхдээ шилэн оймсоо урчихсан, аягатай кофе цалгиулан цамцаа толботуулж орхисон ч энэ бүхэн бүтэлгүйтлийг зөгнөөгүй, бүх зүйл сайхан болно гэж өөртөө итгүүлэхийн тулд амрах өрөөнд ганцаараа сууж байгаа нь энэ. Түүний сандрал өрөөг нил ягаан өнгөөр дүүргэж орхиод, өөрөө өчүүхэн соно бялзуухай болж хувираад далавчны дэвэлт, зүрхний цохилт хоёр нь уралдан байх шиг. Хурлын өрөөнд сүрэг тогоруу, хоёр ирвэс, нэг бар, бас аварга том наж могой түүнийг хүлээж байгаа. Өчүүхэн төдий алдаа гаргахад наж могой аймшигт амаа ангайн хөөрхий бялзуухайг үмхэж орхино доо.........

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА, ПҮРЭВ ГАРИГТ ***

ХОЁРДУГААР ХЭСГИЙГ УНШИХ