Гэрэлт оддын зүг 20000 км - АРАВДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - АРАВДУГААР ХЭСЭГ

Dec.17.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Нэг л газраа байсаар өтлөхөд дэлхий дэндүү том. Нэг зүйлээ хийсээр үхэхэд амьдрал дэндүү богино.”

Анх удаа хилийн дээс алхах гэж онгоцонд суугаад явж байгаа хүний сэтгэлд зүйл бүрийн л догдлол байх. Хүн үзэж хараагүй, мэдэхгүй газраа хөл тавина гэдэг ухаан санаа тэр хэрээрээ тэлж, өмнө байснаасаа онхи өөр болохыг хэлдэг учир удахгүй ухаан санаанд нь ямар цочрол, гайхамших тохиох бол гэсэн бодол харь орныг зорьж байгаа хүний нойрыг хулжаах нь зүй.

Нэгэн жигдийн цэнхэр бүрээстэй онгоцны ярайсан олон суудал, хавчгар жижигхэн цонхнууд, нүүрээ сайхан будаж инээмсэглэл тодруулах үйлчлэгч бүсгүйчүүдийг харж суусан бүсгүйн дотор баярлах, айх, харамсах, гэмших бүхэн зэрэгцэж, нүдэнд нь эцэгтээ хөтлүүлээд хоцорсон охиных нь төрх л салахгүй эргэлдэнэ. Хамт явж байгаа Монголчууд дотор  хөөрөн баярлаж чанга чанга дуугарах, шар айраг, хатуу юм захиалж онгирон халамцах нэгэн байхад өөр шиг нь өнгөрсөндөө хүлэгдэн түмэн бодолдоо уягдаж, аанай л амьдралын түмэн дараас дороос өндийж чадалгүй дуугүй суух нь ч цөөнгүй харагдана.

“Солонгос явах” гэдэг үлгэрийн юм шиг сонин санааг анх дуулахдаа өөрийгөө нэг л өдөр ийн агаарын хөлөг хөлөглөөд алсыг зорьж явна гэж төсөөлсөн ч үгүй. Хээрийн салхи, шувуу хоёроос өөр юм тоож хүрдэггүй буйд хөдөөгийн уулын охин Улаанбаатарыг анх харахдаа л ингэж аймсаж, сэтгэл нь нуурын мандал шиг долгилон цалгилж байсан сан. Хав харанхуй шөнөөр 69 машинд арван хэдүүлээ битүү чигжүүлэн, амьсгалахаас өөр хөдөлгөөн хийж чадалгүй сэгсчүүлж явсаар, гэнэт мэлсхийсэн их гэрэл ярайсан хотыг машины цонхоор харлаа. Энэ их гэрэл дотор миний амьдралын гэрэл бас байгаа даа гэж санахаас амьдралыг зөвхөн цагаан өнгө гэж боддог гэнэн залуу насны онгиргон зан хөдөлж, болдог бол машиныг нь зогсоож байгаад тэр их гэрэл рүү гүйгээч очмоор.

Хацрынх нь улаан арилаагүй чилгэр бор хүүхэн модон хайрцгаа арайхийн чирсээр Маахуур гэх газар холын садангийндаа ирлээ. Долоон бор оготны үлгэр шиг сахилгагүй бор жаалууд нь гадаа гэрт орон гаран бужигнасан айлын эзэгтэй хэзээ ч харж байгаагүй ээж минь л ийм хүн байсан байх гэмээр сайхан сэтгэлтэй нэгэн. Тос даасан бор хурууд, хайраад удаагүй халуунаараа улаан боорцогнууд өмнө нь тавьж, аягатай хар цайнд шар цай, ээзгий хөвүүлж өгөөд, эвийлж хөөрхийлөн толгойг нь илбэнэ. “Хот газар манай хөдөөтэй адилгүй шүү. Хүний сайн ч бий, муу ч бий”. Айлын ээж мэдсэн юм шиг яагаад анх уулзмагцаа ингэж хэлсэн юм бол? Миний харцанд анх тааралдсан залуудаа дурлаад гэр лүү нь дагаад явчина гээд биччихсэн байсан юм болов уу? Навчаа үрчийж мойнийсон хуруунуудаа тэгшлэн сая харж байгаа юм шиг ширтсэнээ санаа алдлаа. Тэгэхэд энэ хуруунууд савх шиг тэгшхэн, миний сэтгэл ч сүү шиг ариухан байж дээ.

Сүүн дээр хөө хийвэл ямаршуу өнгө зүстэй юм бол хувирах бол? Хөө байтугай цус хүртэл дусаасан шүү дээ. Охиныг нь хөтлөөд үлдсэн Энхийн царай санаанд нь буухад Навч өөрийн мэдэлгүй гараа энгэртээ хумиад чичрэн дагжлаа. Гаргаж өгөх хэрэггүй гэж гуйсаар байхад, занаж зүхэн, сүрдүүлж байсан тэр хүн яах гэж онгоцны буудал дээр ирэв? Амьдралыг таньж мэдэх болоогүй л байна даа, хүн эцсийн мөчид бас ухаардаг л юм байна, намайг нэгэнт явах болсныг ойлгоод уучлал эрэх гэж, эсвэл харамссандаа л ирсэн байх гэж Навчаа бодож билээ. Гэвч Энхийн хорсол гялалзсан хүйтэн харцнаас бас л алдсанаа ухаарав. Засарна, ухаарна, сайн хүн болно гэж итгэж үрсэн он жилүүдэд огт хувираагүй тэр харц “Чамайг явсны хариуг охиноос чинь авна даа” гэж хэлэх гэж ирснийг тэгэхэд л ойлгожээ. Охин минь яана даа, би чинь бурхнаас заяасан ганц үрээ араатны саварт хаячихаад амиа хоохойлоод зугтаж байгаагаас ялгаа байна уу? Муухай бодол төрөх бүрийд хоолой нь боогдон бачуурч, юу юугүй ухаан алдах гэж байгаа юм шиг эвгүйрдэг нь хөдөллөө. Одоохон энэ онгоцынг зогсоогоод буучих юмсан. Охиноо аваад хаашаа ч юм зугтаагаад явчихъя. Үйлчлэгч ээ, миний дүү эгчийгээ буулгаад өгөөч. Навчаа өөрийгөө чанга хашгирч байна гэж бодсон ч хүний урманд ам нь ч ангалзсангүй. Зөвхөн дотоод сэтгэлд нь хар шуурга дэгдэж, сэтгэлийнх нь ан цаваар нулимс урсаж байлаа.

“Хотын залуучууд хөөрхөн үү?”. Навчаа найз бүсгүйгээ сугадан диско бүжигт орохоор явахдаа чин сэтгэлээсээ сониучирхан ийн асуулаа. “Тэрийг чиний билгийн мэлмий л мэдэж дээ” гэснээ найз нь түүнийг шоолох мэт тачигнатал хөхөрлөө. Тэгэхэд тэр орой, тэр бүжгэн дээр, тайзан дээр анх Энхийг харсан юм. Хотын залуу гэдэг яг л түүний төсөөлсөн шиг, салхины исгэрээнээс өөр зүйлгүй аглаг ууланд оддын дор нойр хулжин мөрөөдөж байсан шиг, нууцлаг, дэгжин, өөртөө татах увидастай байдгийг мэдэрсэн. Сэтгэл нь цайны шаар шиг бужигнаж, өөрийг нь нүд салгалгүй ширтэх урт үстэй дуучин залууг гитараа барин тайзнаас буун буутал дагуулан харсаар. “Намайг хараад байна” гэж бодох тусам хацар нь улаа бутран, нэг л аймаар мөртлөө сэтгэл татах тэр харцыг ахин дахиж бодсоор харьсан даа. Хэрэвзээ тэр үед хэн нэгэн ирээд “Наад хүн чинь дараа нь толгойг чинь хагартал зодож, нурууг чинь зулгартал газар чирж, амьдралыг чинь өдөр шөнө ялгагдахгүй амьдын там болгоно доо” гэж хэлсэн бол гоо үзэсгэлэн нь олон охидын дундаас ганц сувд шиг цайран гялалзаж байгаагаа өөрөө ч мэдэлгүй зогсож байсан тэр залуу охин итгэх байсан болов уу?

Хайр гэж тэгэхээр яг юу юм? Хэн ч юм зохиосон үлгэр л байх. Дөч ч хүрээгүй насандаа хиймэл шүд нь онголзож, нуруу нь мэдэгдэм бөгтийн, амьдралын сүүдэр харцных нь гэрлийг бөхөөсөн энэ бүсгүй хайр сэтгэлд ахиж хэзээ ч итгэхээргүй болтлоо амьдралд нухлагджээ. Газар атирч унан, толгойгоо гараараа тэврэн өшгөчүүлж хэвтэхдээ үнэ цэнтэй, хайр татам бүсгүй хүн гэдгээ хэзээний мартсан байлаа.

“Солонгос явуулж өгнө” гэхийг анх сонсоход бас л үлгэр шиг санагдсан. Хэлний шалгалтандаа тэнцчихээд, эрүүл мэндийн үзлэгт орж байхдаа ч энэ бүхнийг хүний өмнөөс хийж байгаа юм шиг тун ч тайван сэтгэл хөдлөлгүй хандаж байв. Эцсийн мөчид бүх зүйл нуран унадагт Гэгээн тэр хоёр дасчихсан хойно. Хайртай эр нөхрөө, аавыгаа засарлаа, архи уухаа болилоо, ахиж зодохгүй, хүн шиг амьдарна гэхэд нь итгэсээр, хууртсаар, сүүлдээ сайхан тэдэнд ирнэ гэдэгт бүрмөсөн итгэл алдарчээ. Хар нялхаараа давчдан сандарч, юу ч болсон айж цочих охиноо харах бүрт Навчаагийн сэтгэл хамгаас эмтэрнэ. Гэдсэнд байхаасаа л Энхийн хараал зүхэлд булагдаж, хөлд нь өшиглүүлж байсан үр нь хорвоод мэндлээд амар жаргалтай байсан өдөр даанч цөөхөн дөө. Ийм араатныг би орхиод явахгүй яах юм? Би л хүн шиг амьдарч, охиноо хурдхан шиг өөр дээрээ авчирна. Эсвэл хэдэн төгрөг олоод явах гэж тавьсан өр ширээ дарахаараа охин дээрээ гүйгээд очино. Тэр болтол тэсээрэй дээ амин үр минь. Нулимс нь энгэрийг нь нэвтлэн норгож байгааг ч анзааралгүй мэлмэрүүлэн уйлсаар. Зүрх нь тэр чигтээ үйрээд нулимс болоод биеэс нь гарч байгаа юм шиг үрээ үлдээгээд гарсан эхийн сэтгэл энэлэл шаналлаар дүүрэн байлаа.

 

15 жилийн дараа ээжийнхээ урсгал зөөлөн харцыг дуурайсан охин нь мөн л нэг газраас нөгөөд хүрэх аян замын турш сайн муу, болох, бүтэхийн талаар эргэлзэн бодлоо цэгцэлж чадалгүй үймэрч байлаа. Зүрхээгийн өвөр дээр үнэгчлэн нойрсох бяцхан хүүгийн амгалан төрх хүүхэд ээжийнхээ энгэрт л ийм жаргалтай байдаг даа гэсэн атаархлын очийг асааж, дотроосоо зайлуулж болдоггүй нөгөө л нэг айдас, харанхуй дайран орж ирэв. “Уучлааарай, дарс байна уу?”. Гэгээн гарт нь хундага дарс атгуулахад Эрхцас гайхан харлаа. “Найздаа баярлалаа гэж олигтой хэлсэн билүү? Миний төлөө өөр хэн ч ийм сэтгэл гаргахгүй”. Гэгээний хоолой зангирахад Эрхцасын дотор ч уясан хундагатайгаа тулгахад “жинн” гэсэн аяархан дуу ямар нэг зүйлийн дохио мэт. Огт элдэв зүйл санаагүй Эрхцас гашуувтар хатуу дарсыг амандаа балгаснаа удаан байлгалгүй залгилаа. Хоолойг нь зуран халуу оргиулсан тэр умдаан яагаад ч юм муу совин татуулсанд сэрэмж төрсөн ч оройтжээ.

Урьд шөнө дутуу нойртой дэн дун хоносон Зүрхээ энгэртээ айлын жаахан хүүг тэврээд, нялх хонгор үнэрт нь мансууран тайвширч зүүрмэглэж орхив. Гэрээ орхиод гарсан боловч ээж хүн хэвээр гэдгийг нь сануулах тэр жаал өөрийнх нь хүүхдүүдтэй эгээ адилхан санагдана. Бүгд л яг ингэж хөхөө хөхөж, унтаж, сэрж, биеийнх нь илчинд дулаацан нойрсдог байсан даа. Богино зуур дуг хийхдээ бага хүүгээ зүүдэлжээ. Зурагтын тавиур руу өвдөглөн авирч байснаа Зүрхээг очихын завдалгүй газар уначих нь тэр шүү. Хүүгээ дуудан татвагасхийн сэртэл өлгийтэй хүүхэд энгэрт нь үнэгчлэн унтсан хэвээр. Харин урд талын эгнээнд хоёр найз нь муудалцаж байгаа ч юм шиг шивнэх ярихын завсар үг хэлэлцэх нь ширүүсч, онгоцны үйлчлэгч залуухан бүсгүй дэргэд нь гайхшран зогсох.

“Баярлалаа” гэж тулгасан эхний хундага дарсны дараагаас бүх зүйл нэг л эвгүйтэх аястай болж, Гэгээн байн байн хундага дарс захиалах болов. Хүний урманд дарсаа шимж барьсан ч үгүй, хар цай шиг залгилж орхиод, мөдхөн нүд нь гялалзан дуу нь мэдэгдэм чангарч, “Хүмүүс ээ, миний Монголчууд аа, ах эгч нар минь ээ, энэ миний найз. Бурхан шиг сэтгэлтэй хүн дээ. Миний төлөө, бод доо, миний төлөө арай гэж авсан машинаа зараад ингэж явж байгаа юмаа. Би амьдралд бишгүй юм л үзсэн. Гэхдээ хэн ч миний төлөө ийм сэтгэл гаргаагүй юм шүү. Хүмүүс ээ, сонссон бол алгаа ташъя” гэж байн байн үглэн, суудал дээрээсээ өндөлзөн сарвалзаж агсарч эхэллээ. Эрхцас доош нь дарж суулгах гээд ч, учирлаж ярих гээд ч нэмэр болсонгүй. Зөөлөн аядуухан Гэгээнийг ийм хүчтэй, түрэмгий, бүр балмад байхыг харж байгаагүй учир цочирдон гайхаж, ичих, гомдох зэрэгцэн, байн байн ирж эелдгээр сануулах онгоцны үйлчлэгч нараас архи нэхэх найзыгаа хэрхэн дуугүй болгох аргаа барж суугаа нь энэ.

Энэ зуур хойд талаас Зүрхээ шуугин орж ирээд, сарвалзан агсарч байсан Гэгээнийг гуд татан доош суулгав. Гэр зуурын ажлыг өлхөн аялуулж, багаасаа хөдөө малын захад ажил хийж өссөн болохоор Зүрхээ унаган бяртай, муухан хархүүг хөнгөхөн хавираад унагачих хүн гэж нөхөр нь шоглоом хийдэг нь ч оргүй бус. Эрхцасыг бодоход тэгтлээ ёсорхож аргадсан ч гүй. “Онгоц удахгүй  газардах гэж байна. Тэр болтол дуугүй унтаад ав” гэж зандрангуй хэлэхэд Гэгээн ингэхийг л хүлээж байсан юм шиг нам болоод, нээрээ сандлаа налан тасраад өглөө. Сандал дээрээ үзэхэд муухай нугжийн унтах найзыгаа Зүрхээ, Эрхцас хоёр гайхаш тасран харцгаана. “Хоёулаа ч их юм үзэх нь дээ” гэх шиг Зүрхээ Эрхцасыг мөрөн дээр гараа тавин зоригжуулах гэсэн мэт зөөлөн хүрлээ.

Солонгос Монголын хооронд хэдэн цаг ниссэнийг ч анзаарсангүй, нэг л мэдэхэд онгоц газардах болсныг зарлаж байхад Навчаа арай гэж ухаан сэргэн буухад бэлдэв. Энэ онгоцноос гарахад чухам ямар ертөнц хүлээж байгаа хэн мэднэ? Гагц ухрах замгүйгээ л сайтар ухаарна.

Далан хэлийн хүмүүс хөлхөлдөн шуугилдах онгоцны буудлын томыг гайхан, арай гэж туулж бараад, гадаа гарахад цээж барьсан хүнд, халуун агаар нэлхийтэл дараад авлаа. Ширхэг ч хоггүй, цэлгэр сайхан онгоцны буудлаас гараад суусан автобус нь өдий хүртэл арчиж зүлгээд авчирсан байх гэмээр гял цал. Дүрэмт хувцастай, цагаан бээлийтэй жолооч нь зорчигчидоо ачаа ачихад нь туслан хамжилцах нь “Зайгаараа яваад өгөөч” гэж хоолой мэдэн бархирдаг Монгол жолооч нараас өөр юм, өдийд манайхан байсан бол энэ автобусанд чихцэлдээд баллаж байгаа даа гэж бодохоос Навчаагийн дотор анх удаа инээмсэглэл тодрох шиг болов. Гэрээсээ ажил хүртэл автобусанд суух гэж хөлдөж үхтлээ хүлээгээд арай гэж ирсэнд нь багтах гэж амь тавин чихцэлдэж, завсарт нь халаас цүнхээ юугаа хямгадах, ороод хүмүүс дунд амьсгал авч чадахгүй болтлоо чихцэлдэхэд ямбий муу автобус тоос шороо бужигнуулан элэг бөөр доргитол давхидагийг санан муухан мушийлаа.

Навчаагийн ажиллах үйлдвэр Сөүл хотоос зайдуу газар тул хурдны замаар хоёр гурван цаг явах шиг болов. Тэр зуур замын хажуугаар гарах үзэгдэл, дүрс бүхнийг жаахан хүүхэд шиг сониучирхан алдалгүй харж явлаа. Өндөр цэвэрхэн орон сууцнууд, жигдхэн тайрсан зүлэг ногоо, өнгө алаглам цэцгүүд, шугамдаад татчихсан юм шиг цэвэрхэн спортын талбайнууд, ширхэг ч өөгүй толь мэт хурдны зам, бүгд соньхон. Харь хэлээр шулганалдах солонгос авгайчуудын буржгар толгой, нахилзан мэхэлзэх ёс, хижээл насны туранхай гозгор эрчүүд гээд ажих сонжих юм ч мундахгүй.

Сөүл хотоос хоёр цагийн газарт байх үйлдвэрийн эзэн жар эргэм насны солонгос эр тэднийг угтаж аван, ажилчдын байранд хүргэлээ. Байр нь үйлдвэрийн байрны дэргэд давхарлаж барьсан контейнор маягийн сууц ажээ. Өөрөөс нь гадна гурван монгол залуу байх ч эр эм тусдаа суух учир тэдэнтэй цуг оруулсангүй. Хэл олигтой мэдэхгүй учир наашаа гэснийг ангайн дагасаар хонь мэт туугдан одох нутаг нэгтнүүдээ хань татан харсаар солонгос авгайг даган байрлуугаа явлаа.

 

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

ЕСДҮГЭЭР ХЭСГИЙГ УНШИХ

ЭХНЭЭС НЬ УНШИХ