Гэрэлт оддын зүг 20000 км - ЕСДҮГЭЭР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - ЕСДҮГЭЭР ХЭСЭГ

Dec.10.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Амьдрал боломж өгвөл ашигла. Ганцхан удаа тохиох ч юм билүү.”

Нисэх буудлын хүлээлгийн танхим Эрхцасын сэтгэлд гайхамшигт үлгэрт гардаг ид шидийн ордон байлаа. Үеийн балчир охид үнсгэлжин шиг саатай дэрвэгэр даашинз, гялалздаг шаахай хараад баярладаг байхад тэр энд ирэх бүртээ цээжин дотор нь хөндий агаар дүүрсээр өөрийг нь хийлсэн бөмбөлөг шиг хөнгөн болгож, юу юугүй агаарт хөөргөх гэж байгаа юм шиг учирлаж хэлэх аргагүй хачин догдолд автаж орхино. Голын урсгал мэт сүлжилдэх зорчин явагчид хааны ордны энгийн албатууд, дэгжин дүрэмт хувцастай царайлаг ажилтнууд шидэт анахай нар, харин өөрөө гайхамшгийн оронд очсон Алиса ч гэмээр. Газраас тасран тэнгэрт дүүлэн одох мөнгөн цагаан онгоц зөвхөн төсөөлөлд л байж болох ер бусын ертөнц рүү явж байгаа даа гэж бодохоор бяцхан гараа зангидан нүдээ аньж, хэзээ нэгэн цагт энэ онгоцоор өдөр бүхэн нисдэг хүн болоосой гэж хүслээ шивнэжээ.

Урьд шөнөөс хойш нэг л хачин болчихсон Гэгээн түүний дэргэд хүлээлгийн танхимын сандал дээр хий гөлрөн сууж байлаа. Бодолд автан бодит ертөнцөөс тасарч, харь гаригт л аялж яваа байх гэмээр энэ байдлыг нь анзаарах бүр санаа зовж, дуудан сэрээх, эсвэл тэр чигт нь тайван орхихын аль нь зөвийг мэдэхгүй эргэлзэнэ. Бүх зүйлд татсан шугам шиг цэгц шулуун, өөртөө бат итгэлтэй ханддаг түүнийг Гэгээний энэ жир биш сонин төрх барьц алдуулан, анх удаа эргэлзээ гэгч зүйлтэй нүүр тулжээ. Дотно найзынх нь туйлбаргүй амьдрал халдварт өвчин шиг түүний дотор орчихоод бага багаар дотроос нь идээд байгаа юм шиг эвгүй мэдрэмж.

Эрхцас цагаа хяламхийлээ. Онгоц хөөрөхөд гучхан минут үлдсэн байхад өчигдөр орой явах болсноо чанга дуугаар баяртай дуулгасан Зүрхээ ирээгүй л байлаа. Эцсийн мөчид бас л хүүхдүүддээ уягдаад явж чадахгүй болчихоод хэлэхгүй сууж байгаа юм биш биз? Эсвэл замдаа саатав уу? “Таны залгасан хэрэглэгч утсаа салгасан байна”. Бас л эргэлзээ. Найз нь заавал ирнэ, нөхөрлөл, хүн чанарын баталгаа болсон энэ аялалд ирэх л учиртай, тэр тийм л хүн. Үгүй бол багадаа найзаа гэж бодож байсан тэр хүн өөрчлөгдөж, гэмгүй инээж, бодсон санасанаа нуулгүй тоочдог байсан Зүрхээ биш болсон байх. Амьдралын шуурга хэнийг ч өөрчилдөг, нөхөрлөлийг ч. Аль нь үнэн бол?

Хотын захын жижиг байшинг шөнө хөнжил хучин нөмөрч, нүд цавчлавч юу ч үл үзэгдэх харанхуйд нэг л хүн унтаж чадалгүй эргэж хөрвөөн, найрал дуу мэт хорших чанга хурхираан, хүүхдийн яраглах, хучлагаа тийчлэн хөлбөрөхийг анирдан хэвтэж байлаа. Унтъя гэж хичээх бүр маргааш хүлээж байгаа цоо шинэ өдөр, санаанд багтахгүй байсан аяллын тухай төсөөлөл тархинд нь түмэн янзаар биелж, өглөө цагтаа сэрэх, ээж нөхөр хоёртоо залхтал нь үглэсэн захиасаа юмыг яаж мэдэх вэ гэж харцаа тогтоон ахин нэг давтах, нэг л гэмтэй санагдаад байгаагаа нуухын тулд том хүүгээсээ тоглоомын захиасыг нь лавлах, чемодантай тээшээ бас нэг магадлах, онгоцны тийз, пасспортоо хийх гэж оёсон жижиг халаасаа ханзлаад шинээр оёх гэсэн даалгаврууд амраахгүй. Тэгж тэгж үүрээр нүд аньмагц нам унтжээ. Нэг мэдсэн чихэн дээр нь том хүү нь жингэнэтэл хашгирч байлаа. Дутуу нойрноосоо сэрж ядан нүдээ нухлан өндийвөл “Ээжээ утас чинь дуугараад л байсан. Би дүү сэрчих байх гээд дуугүй болгочихсон” гэчихсэн зогсож байна. Дотор нь палхийн утсаа шүүрэн авбал хүүгийнх нь халтал тоглоом тоглосон утасных нь хариугүй барагдаж байгаа цэнэгийг заах тооны хажууд онгоц нисэхэд 45 минут дутуу байгааг цаг дооглох мэт өгүүлж байх нь тэр.

Год үсрэн боссон Зүрхээ цаашаа харан хурхирч байсан Бадрахыг угзчин, нөгөө өрөөрүүгээ ум хумгүй харайн орсноо буцаж угаалтуур руу гүйн нүүрээ хүйтэн хоёр шударч аваад, үсээ самаар хэд гуравхан шувтарснаа үсээ овоолон боож, урьд шөнө бэлдэж тавьсан хувцсаа цэрэг шиг хурдан углав. Нүдээ нухлан нойрмоглаж байсан нөхрөө хальт үнсээд, хүүхдүүдээ нэг нэг үнэрлэчихээд, цүнхээ үүрэн гэрээс гарах гэтэл галын өрөөнөөс ээж нь гарч ирэн “Хүүе миний хүү явлаа юу? Ээж нь цай чанаж байна. Хурдхан амсчихаад яв” гэж сандарлаа. “Ээж минь, би хоцорчихоод байна. Та юунд сэрээсэнгүй вэ? Одоо амжихгүй ээ, охин нь явлаа. Сайн сууж байгаарай” гээд үсрэн гарах гэтэл ээж нь насандаа баймгүй хурдан хөдөлж, ханцуйнаас нь зууран үнэрлэнэ гэж зүтгэв. “Хол явах хүний баруун хацар дээр үнсдэг юм. Ирэхэд нь зүүн хацрыг нь үнсдэг учиртай”. Ээжийнх нь хошуу хацарт нь хүрэхэд Зүрхээгийн дотор хуралдан байсан үймрэл задрах шиг болж дотор нь хайлчих шиг болов. Ижийн минь үдэлт аян замын ерөөл болог.

Гэр хорооллын үнс шороо, цас мөс холилдсон нарийн гудамжаар унаж бүдчин амьсгаадан гүйсээр зам дээр гарч, гараа сарвалзуулан далласан ч машин зогссонгүй. Цагаа харах гэж утсаа гаргаж ирэхдээ салгалан сарвасхийтэл утас нь улаан зам дээр торхийн унаж дээгүүр нь нэг машин юу юугүй шамшийтэл дайраад өнгөрчээ. Уулга алдан ухасхийтэл утсыг нь дайрсан тэрэг дугуйгаа чахруулан зогслоо. Саравчтай малгайгаа хойш нь харуулан дарсан хорь ч хүрээгүй байх гэмээр гэнэн царайтай залуу хөвгүүн өөдөөс нь үг хэлж чадахгүй ангалзана. “Надтай таарсан сандруу амьтан юмаа даа” гэж тэрхэн зуур Зүрхээ бодож амжив. Шууд л машинд нь ороод суучихлаа.

“За эгч нь утасны төлбөр мөнгө нэхэхгүй. Чи намайг 10 минутын дотор нисэх рүү хүргээд өг.”. “Ээ эгч ээ, эндээс яаж?” гэж залуу хүү бүлтэгнэлээ. “Нөхрийн минь дөнгөж өчигдөр бэлэглэсэн I-phone X шүү. Чи бид хоёрыг нийлүүлээд ч төлж барахгүй. Эсвэл цагдаа явъя” гэтэл залуу хүү өгүүлбэрийг нь гүйцээлгэсэнгүй хаазаа тултал нь гишгэлээ. Саяхан орсон цасны хальтиргаанд өвгөн хүний алхаа шиг гэлдэрч ядах машинуудын хажуугаар урсгал сөрөн, гулгахдаа гулгаж, овоо чадмаг хурдалж байлаа. “Алив миний дүү хөгжмөө чангалчих. Улаан гэрэл байвал дайраад гар. Эгч нь бүх торгуулийг нь төлнө” гэж Зүрхээ хөөрөн хашгираад хүйтэн агаар оруулах гэж цонхыг нь нээн гараа гарган даллалаа. “Галзуу хурд” киноны гол дүр болчихсон ч юм шиг, халамжит эхнэр, сайн эхнэрийн баг нь тэнд хууран унаад зоримог, эрэлхэг жинхэнэ Зүрхээ дотроос нь амилан гарах шиг болжээ.

Онгоц хөөрөхөөс хорин минутын өмнө Зүрхээ нисэх онгоцны хүлээлгийн танхимд энгэр нь задгай үсрэн орж ирлээ. Нүдээрээ хоёр найзаа эрэхдээ орхиод явчихсан байх вий гэхээс дотор нь харанхуйлж, эрээлжлэх олныг тогтож харж чадалгүй нүд нь бүрэлзэнэ. Нэвтрэх хаалганы дэргэд зогсож байсан Эрхцас хол хол харайн гүйн ирж, ухаарч амжаагүй байхад гараас нь хөтлөн гүйлээ. Хилийн шалганаар гурван найз амьсгаа дээгүүр дамжин өнгөрч, ямар ч атугтай онгоцондоо амжиж сууж чаджээ. Зэрэгцээ суудалдаа суусан хойноо л нэг нэгнээ харж үг солих сөхөө орсон гурав нэг нэгнээ тэврэн хөхрөлдөө.

  • Үнэн л байгаа даа. Надад зүүд шиг санагдаад байх юм гэж Зүрхээ амьсгаагаа арай гэж даран өгүүлэв.

Эрхцас инээмсэглэн, ажилд эвэршсэн гарыг нь атгалаа. Жижигхэн боловч хүчтэй энэ гар  өөрийг нь зовоож байсан эргэлзээг тас татаж хаяжээ. Нэг хүлээснээс ангижирсан юм шиг бие сэтгэл нь тавиран тэртээ оддын дайтай хол санагдах алсаас ч Гэгээний ээжийг заавал олно гэж өөртөө амлав. Өвлийн өглөөний унтаа нар арай гэж үүлэн хөнжлөөсөө ховхрон сүүмгэр туяагаа хүргэж ядан тусгахад Эрхцасын дотор ч энэ өглөө шиг цэлмэжээ. Гэтэл нэг юм үсэнд нь хүрэх шиг болоход агдасхийн цочиж, хажууд нь суусан Гэгээнрүү гайхан харав. Гэгээн ч гайхшран, хоёул Зүрхээ рүү эргэвэл Зүрхээ тоосон шинжгүй бор цаасанд боодолтой элснээс эрхий долоовор хуруугаараа чимхэн эргэн тойрондоо цацалж байсан нь тэр байжээ. Заримдаа нүдээ анин ямар нэг маань мэгзэм санаж ядан дүднэх найзынхаа тохойг ёврон “Чи болиочээ, яаж байнаа?” гэж шивнэв.

“Багшийн өгсөн шившлэгтэй элс шүү. Энийг цацаад явбал онгоц сүйрэхгүй. Зорьсон хэрэг бүтнэ гэж айлдсан. Дуугүй л бай” гэж Зүрхээ зөрүүдлэв. Хэн нэг нь харчих вий гэхээс яс нь хавталзсан Эрхцас хэзээ ч дуусахгүй юм шиг санагдах боодолтой элсийг нь шүүрэн авч, “Чи онгоц сүйрэх магадлал 11 саяд нэг байдгийг мэдэх үү? Тэгээд ч хэзээ ч бид нарт тийм юм болохгүй” гэж чангахан шивнэлээ. “Чи харин хаашаа явах, юу хийхээ тэр инстаграммийн дагагчиддаа зарлахаа болиоч. Монгол хүн сэдсэн хэргээ хүнээс нууцалж байж ажил нь бүтдэг байхад тэрүүгээр нэг долоон булчирхайгаа тооччихсон. Одоо наад элсээ цацуулахгүй бол яасан ч бүр бүтэхгүй” гэж уурсав. Бүр гэдэн нь хөдөлсөн Эрхцас саяхан л тэвэрч үнсмээр хайр хүрч байсан найз руугаа байдгаараа муухай хараад, гайтай элсийг нь халаасруугаа бүр лав чихлээ. Гэгээн дунд нь хэнийх нь аяыг дагуулахаа мэдэхгүй бүлтэгнэнэ. Ашгүй онгоцны үйлчлэгч бүсгүй эелдгээр ойртон ирж суудлын бүсээ зүүхийг сануулан, онгоц удахгүй хөөрөхийг хэлснээр хэн хэн нь дуугүй болж, дотроос нь ундрах дургүйцлээ хүчээр дараад чимээгүй болцгоолоо.

Цонхоор зураг мэт тогтсон байсан дүрс хөдөлгөөн орон амилж, нүдний хажуугаар урсан өнгөрч, удахгүй онгоц өндрөө аван хөөрөх гэж буйг мэдсэн Зүрхээгийн доторх бүх бодол сарниж, мөдхөн болох гайхамшигт биеэ бэлдэн амьсгалаа чагнана. Онгоцны хөдөлгүүр чих дөжрөм хүнгэнэн, аварга том шувуу бүх биеэрээ доргин чичрэх шиг болсноо газраас тасрахад дотроос нь нэг юм сугалаад үлдэх шиг эвгүйрсэн Зүрхээ тэрүүхэн тэндээ дуу алдаж орхив. Санаа зовон ичингүйрсэндээ өөрийг нь бодвол олон газраар явж, нүд тайлсан Эрхцас руу сэмхэн харвал анзаарсангүй бололтойд санаа амран инээмсэглэлээ. Анх удаа аавынхаа 69 машинд суугаад хөдөөгийн энхэл донхол замаар харайлгаж явахад хонины хонхор гэх ачааны жижиг зайнд дүү нартайгаа чихэлдсэн Зүрхээ яг ингэж хөлгүй баярлаж байж билээ.

Нисэх онгоц дөнгөж өндрөө аваад удаагүй байтал яг ард нь өлгийтэй хүүхэд часхийтэл орилж эхэллээ. Яаж ч аргадаад дуугүй болохгүй байгаа бололтой хүүхдээ эв хавгүйхэн тэвэрч суугаа залуу бүсгүйг ээж нь гэх хөгшин үглэн сандарч, хүүхдийнхээ ам руу соосог хийх гэж оролдовч бяцхан хүүхэд амаа ангайн улам чангаар чарлаж эхлэв. Онгоцны зорчигчид нэг нэгээр тух алдан хяламхийж, эелдэг зантай үйлчлэгч бүсгүй авч тэврээд ч тусыг олсонгүй. Зүрхээ дуугүй байж чадалгүй тэсгэл алдан “Миний дүү хөхөө хөхүүлээч. Тэгвэл тайвширна даа” гэхэд хажуу эгнээний нэг бүсгүй “Онгоц хөөрөхөд хүүхдийн чих өвддөг шүү дээ. Заавал хөхүүлэх хэрэгтэй” гэж дэмжив. Учиргүй бархирах хүүхдийнхээ эвийг олохгүй сандарсан бүсгүйн өмнөөс ээж нь ам нээн “Энэ ээж нь биш л дээ. Бид хоёр эхэд нь хүргэж өгөх санаатай яваа улс” гэж бушуухан хариуллаа. Өлгийтэй хүүхэд бүр яав гэмээр хоолой нь цахирттал ээрэн уйлсаар. Өндөлзөн хойш эргэх Зүрхээг Эрхцас ханцуйнаас нь дугтран суу гэж дохивол, нөгөөх нь гараа угз татаж аваад хүүхэд тэвэрсэн бүсгүйд хандан “Алив хоёулаа түр суудлаа сольё. Надад хүүхдээ аль” гэв.

Сандарч мэгдсэн бүсгүй ч удаан гуйлгасангүй, Зүрхээг гэнэт гарч ирсэн авралын элч мэт бишрэнгүй хараад өвөртөө тэсрэх бөмбөг тэвэрч байсан аятай бушуухан хүүхдээ Зүрхээгийн энгэрт наалаа. Энэ дэлхийн ямар ч анхилам үнэрээс илүү сэтгэл нялхруулам эхийн сүүний үнэр нэвт шингэсэн бяцхан хүүхдийг энгэртээ тэврэхэд эх хүнийх нь зөн сэргэн өчигдөрхөн үлдээж орхих хүүгээ нулимс дуслуулан хөхүүлж байсан хөхөө гарган, орилоо жаалын аманд хийв. Хэлээрээ нэг түлхэх гэснээ эхийн зөөлөн хайрыг мэдэрсэн юм шиг хөхийг нь шуналтай гэгч нь үмхэн авч, ивлэх сүүг нь гуд гуд хийтэл залгилав. Чинэрэн ивлэх сүү хөхнийх нь сувгаар дамжин урсахыг мэдрэх шиг болсон Зүрхээ инээмсэглэн, намуухан бүүвэй аялангаа “Ховдоглож байгааг нь хар даа. Хүү юм уу даа?” гэж эмээгээс нь завдан асуулаа. Баярлаж талархсан нь царайд нь илхэн байсан хөгшин тосон авч толгой дохиод “Хүү хүү. Хүүгээр барах уу. Сайн эр. Ээждээ очих гэж нисэж яваа хүн юм шүү дээ” гэлээ.

Онгоц даяар Зүрхээгийн аялсан бүүвэйн эгшиг агаар мэт тарах шиг болж, хүн бүхэн дотроо энэрэл хайрын тухай эрхгүй санагалзан бодлогоширно. Бүгдийнх нь харц зөөлөрч, бүгдээрээ хэлцэн тохирсон мэт хэсэг зуур хэн ч юу ч хэлэлгүй нам жим болжээ. Саяхан дотроо шоолон буруутгаж байсан найз руугаа Эрхцас сая л харж байгаа юм шиг гайхшран ширтэв. Хэзээ хамгийн сүүлд найзаараа ингэж бахдан бишрэх сэтгэл төрснийг санасангүй. Гэвч энэ онгоцонд мянган Эрхцас байгаад ч энэ ээжийн хэр гавьяа байгуулж чадахгүйг ухаарч байлаа. Ээжийн бүүвэйтэй хорвоо аядуухан эргэж байхад нүдэнд нь нулимс цийлэгнэсэн Гэгээн ээжийнхээ явуулсан захидлын тасархайг гартаа атган атган суув.          

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

НАЙМДУГААР ХЭСГИЙГ УНШИХ

ЭХНЭЭС НЬ УНШИХ