Гэрэлт оддын зүг 20000 км - НАЙМДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - НАЙМДУГААР ХЭСЭГ

Dec.03.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Амьдрал бол түнэр харанхуй дундаас гэрэл хайх урт аялал юм.”

Жижиг байшингийн том цонхоор алгуурхан нэвтрэн орж, өрөөг бүхэлд нь алтлаг өнгөөр будах жаргах нарны шаргал туяаг Зүрхээ нэг нэггүй ажиглан шанаагаа тулан сууна. Үймэлдэж ядарсан хүүхдүүд нь унтах энэ л мөч ээж хүний амрах ганц агшин байдаг. Хорвоо ертөнц бүхэлдээ нам гүмд автаад ганцхан бодол тэр хоёр үлддэг энэ мөчид тэр дуртай. Толины өмнө нүцгэлээд өөрийгөө ажих шиг гагц үнэнтэй үлдээд анзаарагдалгүй урсан өнгөрч буй өдөр хоногийн дундаас амьдарч буй гэдгээ мэдрэх хормуудыг барьж авахыг хичээнэ.

Хэзээ ч дуусахгүй юм шиг эхэлж, огтхон ч өрнөөгүй юм шиг дуусдаг энэ өдрүүд заримдаа хуурамч ч юм шиг. Өөрийгөө зүүдний ертөнцөд амьдардаг байх гэж хардмаар. Жинхэнэ ертөнцөд тэр Эрхцас шиг ажил амжилт нь гялалзсан гоолигхон бүсгүй байх вий. Аяга кофе уух гэж хийж тавьчихаад хөрсөн хойно нь олдоггүй, найзууд дуудахад “за” гээд л гараад очдог, цалингаараа өөртөө гоёл чимэглэл хүссэнээ худалдаж авдаг тийм бүсгүй байх ёстой. Тэгээд аягүй бол зүүдэндээ хүүхдийн шээстэй өмд угааж, халтартсан хормогчиндоо гараа үрчиж явдаг байх.

Зугаатай бодол нь сарнихын алдад нар уулын цаагуур бушуухан нуугдах гэсэн юм шингэж орхилоо. Урт хар сүүдэр бүхнийг нөмрөхтэй зэрэгцэн хөгжилтэй бодлууд гунигаар солигдож, хүүхдүүдээ сэрээгээд дахин нэг оройн хоолоо анх удаа юм шиг л бэлтгэн хийх тухай, аялалд явах боломжгүйгээ Эрхцас, Гэгээн хоёрт яаж дуулгахаа, мөрөөдөлд нь амилчихаад байсан гайхамшиг бүхнийг үзэж чадахгүй өнгөрөх сэтгэлээ хэрхэн тайтгаруулах тухай болж хувирчээ.

Хөнгөн шүүрс алдаад өвдгөө тулан өндийх агшинд хаалга сэвхийн, уур цан татуулсаар нэг хүн том алхан орж ирэв. Хүйтэн жаварт хөмсөг сормуус нь цантаж, цагаан шүдээ ярайтал инээмсэглэн хоёр гартаа барьсан  том тортой зүйлээ гялгар уут шажигнуулалгүй аяархан тавьж, хувцсаа болгоомжтойхон тайлж эхэллээ. Зүрхээ болзоот хүнээ харсан жаахан охин шиг догдлох сэтгэлээ сэмхэн дарж, зөөлөн алхаж очоод нөхрөө хүзүүдэн тэвэрч, уруул дээр нь үнслээ. Нөхрөөс нь цэвэр агаар, шороо, хүйтэн, бас хайр зэрэг үнэртэнэ.

Хүүхдүүдээ сэрээхгүй гэж шивнэн ярих нөхрөө харах бүр хайр хүрэм санагдан, зузаан уруулынх нь хөдөлгөөн бүрийг ажиглан, утсаа унтраатал гомдоосныг нь ч ор тас мартаж орхив. Хөдөө уурхайд ажилтай нөхөр нь ирэх бүр хүсэн хүлээсээр цас орохыг харсан хүүхэд шиг баярладаг нь энэ.

Аягалж өгсөн халуун цайнд нь мах өшиглөн оочиж суугаа нөхрийнхөө магнайнд бурзайсан хөлсийг нь гараараа арчиж, аяганд нь халуун цай нэмж өглөө. Дөрвөн хүүхэд нь сэрвэл том жижиггүй аавдаа эрхлэх гэж дайрах учир амжиж хоёулханаа цайлж суугаа энэ үе ховор уулздаг тэдний хувьд бараг л болзоо юм уу даа.

  • Ирэх цаг чинь болоогүй байсан биз дээ? Яагаад гэнэтхэн хүрээд ирэв?
  • Яагаад юу байхав. Чамайг маргааш ниснэ гэхээр чинь л. Даргаас гуйгаад амралтаа урьдчилж авчихаад замын унаанд дайгдаад ирлээ.
  • Хүүе тийм үү? Болж байгаа юм уу?
  • Болгоно доо.

Зүрхээ баярласандаа хэлэх үгээ олж ядан ээрч байтал нөхрийнх нь утас дуугарав. “Энэ ээж байна. Түрүүнээс хойш чамтай ярих гээд залгаад байгаа юм”.

  • Байна уу ээж ээ?
  • Ээж нь одоо Даргоон дээр ирж явнаа. Мах сүү юмтай ирсэн. Бадрахыг байвал намайг тосуулна уу даа?
  • Юу вэ? Та хэзээдээ наашаа гарчихав аа?
  • Бадрахаа надруу яриад гуйгаад болдоггүй. Ижий нь аль болох хурдан л гарсан нь энэ.

Зүрхээгийн нүдэнд нулимс цийлэгнэн, цаашаа хараад цай ууж суусан нөхрийнхөө араас тэврэн мөрөн дээр нь толгойгоо тавилаа. Бадрах яав ийв, аан уун ч гэсэнгүй дуугүй л цайгаа уун сууна. Гэсэн ч дотроо Зүрхээгийн баярлаж буйг, талархсан сэтгэлээ илтгэж ядаж буйг ойлгож буй билээ.

Сүүлийн аягаа алчуураар хатаан шүүгээнд хийж дуусаад Гэгээн түр амсхийлээ. Эрхцас нөгөө өрөөнд чемодан саваа янзлан, гаргасан жагсаалтаа тулгаж, замд гарахын өмнө бүх зүйлийг жин тан болгох гэж хичээж буй бололтой. Аялалд явна, ээжтэй нь уулзуулна гэж хөөрцөглөж байгаа найзыгаа харахаар баярлан, хамтдаа догдолж хөөрмөөр байвч далдаас хатгах айдас түүнийг тайван орхисонгүй.

Айдас тэр хоёр эртний танил юм. Сургуульд ороогүй жаахан байхдаа аав ээж хоёрынхоо чанга дуугаар хашгиран хэрэлдэж, эд хогшлоо хэмхчин чулуудахыг сонсохгүй гэж чихээ даран орондоо хэвтэх үед жаахан зүрх нь цээжээ дэлдэн цохилохыг эмээн мэдэрдэг байсан. Тэр цагаас хойш айх зүйл мундсангүй. Гайтай хөөтэй тэр айдас түүнийг нэр шиг нь л дагаж, сайн сайхан тохиох бүрт гарч ирэн гай тээг болно.

Одоо тэр танихгүй газар очихоос, учиг тодорхойгүй замаар аялан, уулзаж ч чадахгүй байж мэдэх ээжийгээ хайхаас, бүх юм бүтэлгүйтэх вий гэхээс айж байлаа. Эрхцасыг анх машинаа зарсан гэхэд л сонсоод айж эхэлсэн. Ажилд орсон цагаасаа бүтэн гурван жил өөртөө юу ч авалгүй хураасан мөнгөөрөө авсан хайртай унаа нь байсан юм. Гэвч миний төлөө зарчихлаа гэж үү? Би тийм үнэ цэнтэй хүн мөн билүү?

Шинэ ажилд орох, найз нөхөд танилуудтай болох, шинэ зүйл сэдэж эхлэх гэх бүрт нэг хар юм дотор нь тээглэн нүүгэлтэж, бушуухан тэндээс холд, боль, чи чадахгүй гэж хатгадаг байлаа. Нэг талаас ээжтэйгээ уулзана гэхээс уйлан хайлж уярмаар байвч, нөгөөтэйгүүр орхиж явсныг нь бодохоор уучилж боломгүй гомдолтой. Яаж ганц охиноо аавтай нь үлдээж чадав аа?

Аав гэмэгц аавынх нь баргар царай, ширүүн төрх, чанга дуу санаанд шуудхан буугаад ирэв. Буруу юм хийх бүрт өчиггүй зоддог байсан аав нь ээжийг нь явснаас хойш бүр ч дордсон. “Ийм болохоор чинь эх чинь чамайг хаяад явсан” гэж хэлэх бүрт ингэж хэлэхээс үхтэл минь цохиод аваасай гэж боддог байж. Нээрээ намайг голсондоо хаяад явсан юм биш байгаа? Ийм хүнтэй үлдээхийн оронд хамтдаа гуйлга ч болтугай гуйгаад явсан бол жаргалтай байхсан. “Архичин эцэгтэй, шалиг эхтэй” гэж авга эгчдээ чичүүлэх бүр тэр гэрээс уйлаад гараад гүймээр санагдавч очих газар байсангүй. Тэгж яваад найз хөвгүүнтэй болж, тэдний гэрт л байх болсон. Амьдралдаа анх удаа хэн нэгний халуун тэвэрт аз жаргалтай байж, хайрыг мэдэрч, айдсаасаа түр ч гэсэн ангижрав гэж бодож байтал охиныг газар унатал нь түлхээд дээрээс нь том гутлаараа дэвсэж билээ. Очих газаргүйдээ тэвчсээр, зодсоныхоо дараа аргадаж өгдөг бэлэгт нь, “хайртай” гэсэн үгэнд нь хоргодон хоргодсоор хичнээн ч удлаа. Аргагүйн эрхэнд гэртээ харьсан. Аав нь улам их уудаг болжээ. Уух бүртээ ээжийнх нь нэрийг дуудан орилж, хамаг муугаар хараан зүхнэ. Тэр гайтай шөнө бас л ээжийнх нь нэрээр дуудан, унтаж байсан охиныхоо хөнжлийн үзүүрээс чангааж...

Гэгээн цаашаа бодож зүрхэлсэнгүй. Бушуухан л нэг юм уумаар санагдаад явчихлаа. Айхыг, сэтгэл өвтгөсөн дурсамжуудаа дарагдахыг хүссэнгүй. Нэг татчихвал бүх юм аятайхан болно доо. Жорлонгийн суултуурын ард нуусан жижиг шилтэйгээ бодохоор өөрт захирагдалгүй чичрэн салганах гараа чанга атган угаалгын өрөө рүү гэмгүйхэн дөхөв. Ер нь бие засах гэж яваа хүнийг хэн сэжиглэх билээ. Гэхдээ л хэн ч юм ирээд барьчих гэж байгаа юм шиг түгшүүр салахгүй. Арай гэж угаалгын өрөөний хаалгыг түгжиж аваад бушуухан суултуурын арын тагийг өргөв. Шилтэй юм нь тэнд байсангүй. Дотор нь палхийн барьж байсан хүнд шаазан тагаа газар алдаж орхижээ. Өнөө муу таг өөрийнх нь сэтгэл шиг хэдэн зуун жижиг хэсэг болж хага үсрэн шалаар нэг тарчихлаа.

“Хүүе ээ, Гэгээнээ чи зүгээр үү?”. Яаран гүйж ирсэн Эрхцас найзынхаа царайд тогтсон айдас гэмшлийг хэлүүлэлгүй уншиж, дагжин чичрэх найз хүүхнээ аргадан тайвшруулах гэж хичээнэ. “Зүгээр зүгээр, найз нь цэвэрлэчихнэ. Битгий ай”.

“Битгий ай миний охин”. Ээж нь яг ийм зөөлөн дуугаар Гэгээнийг тайтгаруулж, шалбарсан өвдгийг нь үлээж өгдөгсөн.  Энэ дууг дахиж хэзээ ч сонсохгүй гэж бодсон авч найзынх нь дуу хурсан айдсыг нь үргээн, сэтгэлд нь хурсан бараан үүл сарних шиг болж, нүүрээ даран уйлчихлаа. Ганцхан ээждээ л очихсон.

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

ДОЛООДУГААР ХЭСГИЙГ УНШИХ          ЕСДҮГЭЭР ХЭСГИЙГ УНШИХ