Гэрэлт оддын зүг 20000 км - ДОЛООДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - ДОЛООДУГААР ХЭСЭГ

Nov.26.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Шалтаг хэлэлгүй амьдарч, харамсах зүйлгүй аял.”

Аз жаргал гэж яг юуг хэлнэ вэ? Насан туршдаа эрэн хайсаар арай гэж олдог зүйл үү, эсвэл хэзээ хүссэн цагтаа мэдэрч болдог эд үү? Аялалд гарах санаачлага гаргаснаас хойш энэ бодол Эрхцасын толгойд эргэлдэх болжээ. Өөрийгөө будаг нь ханхалсан цоо шинэхэн, цав цагаан дарвуулт хөлөг онгоцны ахмад болчихсон мэт төсөөлнө. Салхи эсгэн урагшлах хөлгийн хитэг дээр нүдээ анин зогсоход эрх чөлөө, баяр хөөр нэг саванд холилдсон өнгийн чихэр мэт олон амтаар түүнийг гайхуулах шиг.

Гал тогооны өрөөнөөс шарсан махны таатай үнэр ханхлахад Эрхцас инээмсэглэлээ. Гэгээн тэдний гэрт байх болсон цагаасаа талархсан сэтгэлээ илтгэхийн тулд өдөр бүр хоол хийж, гэр орны аар саар ажлыг аялуулах болсон юм. Балгах дуртай хүний шинж ерөөс ажиглагдсангүй. Эмч бүсгүйн үг үе үе санаа зовоох учир найзаа сэм ажигласаар байгаа нь энэ. Гэгээн эгээ л буцаад хүүхэд насандаа оччихсон юм шиг энгийн зүйлийг ч туйлын баяр хөөртэй хийж байлаа. Зүгээр л сонгины хальс арилгах, мах амталж шарах, “Ямар сайхан үнэртэж байнаа. Лав их амттай болжээ” гэж найздаа нөгөө өрөөнөөс хашгиран дуулгах, хамтдаа суугаад хоолоо амтархан зооглох. Ерөөсөө энэ бүхэн л аз жаргал юм байна гэж Эрхцас дүгнэв. Эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан хүн ерөөсөө Гэгээн биш байсан байх. Энэ гэрэл гэгээ цацруулсан сайхан бүсгүйг яаж түүнтэй зүйрлэх билээ?

Хоёр найз аялалдаа бэлдэн догдолж байх зуур Зүрхээ гэртээ өдөр бүр учир тоймгүй үргэлжлэх ажлаасаа чөлөө авч чадалгүй бухимдаж байлаа. Найзуудтайгаа аялна гэж тохирсон өдрөө  Бадрах руу ярьснаа санав. Ямагт их ажилтай байх нөхөрлүүгээ утсаар ярихаас яагаад ч юм төвөгшөөн дургүйцэх болжээ. Тэдний яриа хэдхэн хором үргэлжлээд, хүүхэд гэр орны аар саар асуудлыг хэлэлцэж дуусвал гацчихна. Найдлага тээн залгасан утасны дуудлагад хариу ирлээ.

  • Байна уу?
  • Байнаа байна. Яасан хө? Та хэд тохьтой юу?
  • Аа тохьтой, тохьтой. Найз нь нэг юм асуух гээд. Бишээ, гуйх ч гэх юм уу.
  • Аан за.
  • Чи манай Гэгээнээг мэднэ дээ тэ? Цаадахын чинь ээж Солонгост амьд байгаа гэнээ.
  • Ямар юмаа? Юун ээж? Энд шуугиад сайн сонсогдохгүй байна.
  • Үгүй яагаав дээ, манай найз Гэгээний ээж нь Солонгост байгаа гэнэ. Бид гурав цөөн хэд хоног оччиххоод ирдэг юм уу л гэсэн юм.
  • Юу? Солонгос руу юу? Хүүхдүүд чамайг байхгүйд яах билээ?
  • Харин тэгээд л чам руу ярьж байна л даа. Чиний амрах цагаар л тааруулаад яваад ирдэг юм уу? Үсрээд л долоо хононо биз.
  • Ээ. Бид дөрөв дөрвүүлхэнээ яаж барахав дээ. Зунаас ээлжийн амралт авахаар болж болдоггүй юм уу?
  • Болохгүй болоод л одоо хэлж байна шүү дээ. Зүрхээ өөрийн мэдэлгүй дуугаа өндөрсгөж орхив. Гэвч одоо маргах цаг биш билээ.
  • Миний өвгөн долоохон хоног аргалаач тэгэх үү?
  • За би угаасаа очих нь тодорхой. Гол нь Ирмүүнээ чинь хөхнөөс гараагүй шүү дээ. Надад тэр мөөм зөөм чинь байдаг бол хамаа алга.
  • Би хөхнөөс гаргаад үлдээчихье л дээ.
  • Арай нялх биш үү? За за. Энд дарга дуудаад байна. Утсаа тасаллаа.

Зүрхээ хариу хэлж ч амжаагүй байхад Бадрах утсаа тасалж орхив. Нам гүмд ганцаар хаягдсан юм шиг нэг л гомдолтой. Гэвч бууж өгөхийг хүссэнгүй. Хүүхэд төрүүлж, хүний эх гэгдсэнээс хойш анх удаа гэрээсээ ганцаараа гарч, бүр хайртай дотно найзуудтайгаа холын аянд гарна гэхээс сэтгэл нь хөвсөлзөн догдолж байлаа. Солонгос гэдэг нь ямар орон байдаг бол? Кинон дээр гардаг шиг ганган сайхан залуучууд, бүсгүйчүүд, нүд эрээлжлэм өндөр барилгууд байдаг л байх даа. Зах дэлгүүр нь ямар шиг бол? Зүгээр л найзуудтайгаа араас хэн залгах бол гэж санаа зоволгүй эрх дураараа ярилцаж суухад л хангалттай. Ийм боломж дахиад олдохгүй. Сэтгэл шулуудан ээж рүүгээ залгалаа. Хөдөө мал маллаж амьдардаг ээж нь хотод ирнэ гэдэг ховор үзэгдэл. Гэвч үзээд л алдахаас.

  • Байна уу ээж ээ? Сонсогдож байна уу миний яриа?
  • Аа байнаа байна. Миний хүү, Зүрхээ юу?
  • Тийм ээ, ээж ээ. Биесүүд сайн байцгаана уу?
  • Бид хэд сайн байнаа. Та нар минь аятай юу?
  • Сайн байнаа ээж ээ. Танаас юм асуух гээд ээ.
  • За тэгээ хүү минь. Юу билээ?
  • Охин нь долоо хоног Солонгос явах хэрэгтэй болчихоод. Хүүхдүүд Бадрахтай үлдэнэ. Тэгсэн бас хамжих хүн хэрэгтэй байнаа. Та ирж чадах уу?
  • Хаашаа гэнээ? Ижий нь хэдэн малаа яах билээ? Ганц охин дүү чинь хүчрэхгүй шүү дээ.
  • Түр Бямбаа ахынд тавиулчихгүй юу даа. Цөөхөн мал хэдхэн хоног яаж л гэж. Оюунааг болохгүй бол дагуулаад л ирэхгүй юу.
  • Гэр бараа эзэнгүй яаж болох вэ хүүхэд минь. Муу Асарыгаа хоолгүй хаяж болохгүй.
  • Юун Асар гэж? Хэний хүүхэд юм?
  • Хүүхэд бишээ, манай нохой. Дүү чинь ийшээ тийшээ явчихаар энэ л надад хань болох юм.
  • За за, ээж. Би аяар яринаа.

Дөрвөн хүүхдээ арай гэж зэрэг унтуулчихаад хэсэгхэн чөлөөнд утсаар ярих гэж гадаа довжоон дээрээ сууж байсан Зүрхээ утсаа тасалчихаад балчир хүүхэд шиг гараараа шороон дээр хээлэн зурлаа. Бодох тусам цээжин дээр нь гомдол хуралдаад, хатуу чихэр хоолой зурах шиг аягүй. “Би ер нь хэзээ өөрийгөө бодож байлаа? Хүүхэд гаргаснаас хойш нэг ч өдөр амралгүй энэ гэрийн төлөө л зүтгэсэн. Гэртээ ажилгүй нэртэй  ч үнэндээ өдөр бүр хэдэн түмэн ажлыг яаж амжуулж өдий хүрэв? Эцэст нь хуруу нь мойнийсон бүдүүн хүүхэн л болж хоцорлоо. Тэгээд ганцхан удаа өөрийнхөө төлөө ямар нэг юм хийх гэтэл хүмүүсийн байж байгаа нь энэ. Ажил л гэнэ. Нохой л гэнэ. Би тэгээд хэн болж орхив? Нохойны ч үнэ хүрэхгүй амьтан юм уу?”. Бодох тусам зүрхийг нь хэн нэгэн хайр найргүй базлах шиг болж, нулимс нь сэвхтэй хацрыг нь даган, хамрын үзүүрээс нь бөнжигнөн л дусалж байлаа. “Хэрэв зээ хүүхэд гаргаагүй бол...Үгүй, үгүй. Ингэж бодвол алдас болно. Энэ хэдэн хүүхдээс илүү жаргал надад байхгүй шүү дээ”.

Гомдсондоо утасныхаа цэнэгийг унтарсныг ч анзаараагүй Зүрхээ хүүхдүүдээ хооллонгоо маргааш хэнээр хүүхдээ харуулангаа гарч үсээ засуулж, замд гарахад хэрэгтэй бага сага зүйл бэлдэхээ бодож суулаа. Том жижиг дөрвөн хүүхэд нь ширээ тойрч суугаад хооллох цаг цэцэрлэгийн нэг бүлэг гэмээр. Том хүү нь хоолоо идэхийн оронд ээжээсээ зогсоо зайгүй элдэв асуулт асууна. Ихэр охид нь үргэлж хэн нэгнийх нь хоол их бага, илүү махтай, бага хачиртай байна гэж маргана. Бага хүү нь хоолоо зажлахын оронд ээж рүүгээ тургих, газар авч хаянгаа ход ход инээхийг илүүд үзнэ.

  • Хүүхдүүд ээ. Ээж нь долоохон хоног хол явчихаад ирвэл аавтайгаа сайн байж чадах уу?
  • Та хаачих гэж байгаа юм?
  • Ээж нь найздаа туслах гэсэн юм. Гэгээн эгчийнх нь ээж алга болчихсон. Ээжийг нь олж өгөх гэж байгаа юм байхгүй юу.
  • Гэгээн эгч ээжийгээ байхгүй болохоор айгаад уйлдаг байх даа.
  • Харин тийм ээ. Тэгээд ээж нь туслах гэсэн юм. Харин та нар надад туслаад гэртээ томоотой байж чадах уу?
  • Чаднаа. Ээж ээ, та хаашаа явах юм?
  • Ээж нь Солонгос улс руу явна.
  • Солонгос гэдэг чинь Англи улстай хамт байдаг уу? Ээж ээ, яагаад Англи улс Солонгос улстай хамт байгаа юм?
  • Хамт бишээ, миний хүү. Өөр газар байгаа. Тэндээс ээж нь гоё юм авчирч өгнөө.
  • Аа гоё доо, гоё доо. Надад унадаг жолоочтой чарга, роботын мустарбай, тобот детратрон авчирч өгөөрэй за.
  • За, миний хүү аавынхаа үгэнд сайн ороод, дүү нараа харна шүү.
  • Тэгнээ ээж ээ. Би чадна. Би чинь мундаг хүүхэд.

Хүүгээ өхөөрдөн толгойг нь илбэхэд ээж хүний ойрхон байдаг нулимс нүдийг нь бүрхээд ирэв. Энэ жижигхэн хүмүүс өөрийг нь хичнээн үнэнчээр хайрлаж байгааг харахаас илүү жаргал хаана байх билээ? Аз жаргал гэдэг өдөржин шөнөжин хайртай хүмүүсийнхээ дэргэд байхыг л хэлдэг байх.

Оройн хоолны дараа Гэгээн аяга тавгаа угааж байх зуур Эрхцас аяллын төлөвлөгөөгөө дахин нэг нягталж үзлээ. Машинаа зарсан 10 сая төгрөг аялалд нь бүрэн хүрэлцэх биз. Хоёр найз нь хэдий зовонгуйрч байвч түүний өгөөмөр занд дотроо талархаж байгааг мэдэрч байлаа. Гэгээн бүр гэр орны ажлыг бүгдийг хийж, хоолыг нь халбагадаж, хувцсыг нь өмсгөж тайлахаас бусдыг хийнэ. Түүний жаргалтайяа амандаа дуу аялан байгааг сонсохуй Эрхцасын дотор дулаацах шиг болж, Навчаа эгчийг олж уулзах мөч ямар байхыг төсөөлөх гэж оролдлоо. Онгоц нисэх хүртэл хоёр өдөр л үлдсэн. Хоёрхон хоногийн дараа тэд найзынх нь сэтгэлд олон жил онгойж явсан хар нүхийг бөглөх нь.

Нислэгийн тийзэн дээрх үг үсэгнүүд алтаар сийлсэн мэт гялалзан, “энэ чиний удаан хүлээсэн адал явдал” гэж шивнэх шиг, одоо бүх хорвоо ертөнц түүний гарт байгаа юм шиг хүчтэй санагдаж байлаа.  Банкинд ажилладаг байхдаа үргэлж мэдэрдэг байсан хүчгүйдэл, дотоод эсэргүүцэл тэндээс яаран гарч гүйх мөчид хүнд хэвнэг мэт мултран унаж, ямар хөнгөн, чөлөөтэй болсон билээ. Хүүхэд байхдаа дэлхийн газрын зураг дээрх нэр нь үл мэдэгдэх олон улсыг гайхан харж, нэг л өдөр өөрөө очиж үзнэ гэж бодохоор сэтгэл нь үл мэдэгдэх гайхамшгаар цэнэглэгддэг байж.

Гар утсанд нь “ээж” гэсэн дуудлага хэдэнтээ ирсэн ч хариулсангүй, утасныхаа нүүрийг доош нь харуулж тавиад угаалгын өрөө рүү явлаа. Замдаа угаасан аягаа хатаахаар арчиж зогсоо Гэгээнийг харав. Хацар нь ягааран, нүд нь гэрэлтэж, мөн л дуу аялан байх аж. Гэхдээ нэг л өөр. Орой бүр ийм байхыг нь харсан ч яагаад анзаарсангүй вэ. Одоо жаргалтай байх цаг чинь дууссан гэх шиг муу ёрын бодол зүрх зүсэн ёг хийв. Угаалгын өрөөнд ороод яагаад ч юм жорлонгийн суултуурын арын тагийг өргөж үзлээ. Хэнээс энэ тухай сонссоноо санахгүй байна. Гэвч үнэн байжээ. Суултуурын ус хадгалах хэсэгт усан дотор жижиг шилтэй архи байлаа.

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

ЗУРГААДУГААР ХЭСГИЙГ УНШИХ        НАЙМДУГААР ХЭСГИЙГ УНШИХ