Гэрэлт оддын зүг 20000 км - ЗУРГААДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - ЗУРГААДУГААР ХЭСЭГ

Nov.19.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Амьдралд хүссэнээ хийж чадалгүй, дараа нэг завтай болохоороо гэж хойшлуулах шиг аюултай юм байхгүй” Randy Komisar

 

Найзаа сэрэхийг хүлээн орных нь хажууд явган сандал дээр шанаагаа тулан суусан Эрхцас энэ өдөр болж өнгөрсөн бүх үйл явдал, тэр дундаа Гэгээний авга эгчийн дуулгасан итгэмээргүй мэдээг дахин дахин эргэцүүлэн тунгааж, учрыг нь олох гэж хичээх тусам хүн явалгүй удсан балар жимээр явах мэт төөрөлдөм.

“Уг нь амьд л байх ёстой л доо. Тухайн үед манай талийгч энүүний ээжтэй их таарамжгүй салцгаасан. Гэнэтхэн хаягдсан хүнд бас ямар олиг байхав. Уг нь охинтойгоо ярих гэж оролдоход нь талийгч уурандаа “машинд дайруулаад үхчихсэн” гээд хэлчихэж. Гэгээнд болохоор ээж нь тэндээ үйлдвэрийн ослоор нас барсан гэсэн юм билээ л дээ. Нарийн ширийн юмыг нь би ч мэдэхгүй. Надад дэмий юм ярьж, хүүхдийн сэтгэл битгий үймрүүлээрэй л гэж захисан”. Маргааш цаг агаар ямар байх тухай ч юм уу, өнөө орой хийх хоолныхоо тухай ярьж байгаа мэт тоомсоргүйхэн энэ бүхнийг хүүрнэж суухад нь Эрхцасын цээжинд гомдол, хилэн хуралдаж, болдог бол чангаар хашгиран бүхнийг гаргачихмаар л байлаа. “Ээжийгээ үгүй болсон гэж бодсон энэ охин өдий хүртэл сэтгэлээ яаж сэмлэж ирснийг та нар мэдэх үү? Бусдын ээж эцэг эхийн хуралд ирэхэд таны бараанаар айсандаа сургуулийн жорлонд нуугдаад нүдээ бүлцийтэл уйлдаг байсныг та мэдэх үү? Найзынхаа сэтгэлийг хөндөхгүй гэсэндээ бид ч ээж гэдэг үгийг дэргэд нь тоотой унагасан байх. Том хүмүүс та нарт хүүхдийн сэтгэлээр ингэж тоглох эрх байдаг юм уу?”.

Гэвч Эрхсарангийн амнаас энэ үгс гарсангүй. Авга эгчийнх нь өнгөө алдсан уруулан дээр хуниралдан бөөгнөрсөн улаан будаг үг хэлэх тоолонд нь яаж үрчийн тэнийж байгааг л харсаар суулаа. Хэн нэгэнд шүүгдэхээс айсан мэт, эсвэл сэтгэлээ тайвшруулах үг хүлээсэн мэт авгай түүнрүү хариу нэхэн харлаа. Эрхцас хатаж аргасан хоолойгоо засан,

  • Ийм чухал мэдээг эртхэн дуулгасан бол арай ч иймдээ хүрэхгүй л байсан байх даа гэвэл авгай тун дурамжхан
  • Энэ ч чи бидний мэдэх хэрэг биш байхаа гэлээ.

Яриа дууссаны тэмдэг болгож Гэгээний авга эгч цүнхээ шүүрэн эмнэлгийн үүд рүү яйжигнан явж одлоо. Маш том, ховдог матар сүүлээ дааж ядан удаанаар шалан дээгүүр гулсах шиг. Энэ мэдээг дуулгасан даруйд Зүрхээ эмнэлэг рүү яаран ирэхээр боллоо.

Эмнэлгийн царай муутай ногоон даавуун дэрэн дээрх Гэгээний царай тасалгааны хөхөлбөр гэрэлд шарлан харагдана. Хичээлээ тараад гэрлүүгээ хамтдаа хөтлөлцөн алхах замд хөвгүүд Гэгээнийг хоргоож зовоодог байсныг саналаа. Танилцах, зурвас өгөх гэсэн хөвгүүдээс айсан Гэгээн Эрхцасын суганд шигдэн нуугдаж, тэд хөл мэдэн зугтаадагсан. Харин 9-р ангид байхдаа дээд ангийн нэг хөвгүүнтэй анх удаа үерхэх болсон. Хар үстэй, сагсан бөмбөг зэгсэн сайн тоглодог, жаахан түрэмгийдүү зантай тэр жаалтай Гэгээн хаа сайгүй хамт явж харагдах болсноос найзуудтайгаа ч бараг уулзахаа больсон доо. Зүрхээ Эрхцас хоёр араас нь хэсэг хөөцөлдөж байгаад орхичихов.

Нэг өдөр биеийн тамирын хичээлд орохоор охид хувцсаа сольж байхад Гэгээний гарын шуун дээр том гэгч нь хөхөрснийг Эрхцас анзаарчээ. Аав нь нас барснаас хойш авга эгч нь ширүүлхэх болсон тул ингэсэн байх гэж бодохоос Эрхцасын дотроос нэг юм зулгаах шиг болов. Удалгүй бүх юм ил боллоо.  Хэзээний аманцар Зүрхээ асууж шалгаасаар учрыг нь ухаж орхив. Найз хөвгүүн нь түүнийг зоддог байж.

Таагүй дурсамж сөхөхдөө тавгүйрхсэн Эрхцас өөрөө ч мэдэлгүй уруулаа химлэж суутал хаалга аяархан онгойж Зүрхээ орж ирлээ. Бас л яарч ирсэн бололтой нүүрээ будалгүй, үсээ арзайлган хам хум боожээ. Гараа савчуулсаар сүртэй орж ирснээ Гэгээнийг хараад, сэмхэн гэтэж орных нь хажууд суулаа. Нүүр нь ердийнхөөс ялигүй хавганаж хөөсөн, нүднийх нь хажууд хөхөрсөн нь улмаар эдгэрэх тийш хандаж шарлан ягаарсан, уруул нь омголтож хагарсан Гэгээнийг ялдамхан, хөөрхөн тэр бүсгүй гэхээргүй болжээ. Намрын сэрүүнд өнгөө алдаж хорчийсон цэцгийг болгоомжтой илбэх мэт Зүрхээ хацарт нь эх хүний ёсоор энхрийлэн хүрлээ.

  • Навчаа эгч амьд гэж үү? Би бүр сонсоод гайхсандаа золтой л хахчихсангүй.
  • Хоол идэж байсан юм уу, түрүүн ярихад?
  • Идэхгүй тэгээд яаж амьдрах юм?
  • Би буруу гэж хэлээгүй шүү дээ. Зүгээр л асууж байхад.
  • Тиймээ, тийм. Мэдмээр байвал бүр бууз идэж байсан юм. Нийслэл саладтай!
  • За болж дээ болж.

Түргэн уурладаг шигээ хурдан уярдаг найзыгаа харсандаа баярласан Эрхцас инээмсэглэхэд өнөөдрийн бүх хүнд ачаа нуруун дээрээс нь ховхрох шиг болов. Ийм учраас тэр гурав хамтдаа байхдаа аз жаргалтай байдаг. Эрхцаст байхгүй алиа хошин зан, өрөвч зөөлөн сэтгэл Зүрхээд байдаг бол Гэгээний усны урсгал мэт уяхан зөөлөн зан ааль тэднийг эедүүлдэг билээ.

  • Хоёулаа Гэгээнийг арай л анхаарахгүй хаячихжээ.
  • Яг л тэглээ. Ийм болчихсон гэж даанч мэдсэнгүй.
  • Одоо яах уу?
  • Надад нэг санаа байна.

Эрхцасыг үгээ дуусгаж амжаагүй байтал Гэгээний зовхи нь татвалзан, амандаа нэг юм бувтнав. Хоёр найз ухасхийн дөхвөл “ээж ээ, ээж ээ” гэж дуудаж байлаа.

  • Миний найз сэргээрэй. Ээж нь амьд, амьд байгаа гэнээ. Найз нь амласан шигээ чамайг ээж дээр чинь хүргэж өгье.

Гэгээн нүдээ нээн тэднийг харснаа Эрхцасын гараас атган хэнгэнэтэл уйлахад нүднээс нь асгарах бүлээн нулимс санчгийг нь даган дэр норгож байлаа.

Долоо хоногийн дараа, Улаанбаатар хот

Гурван найз ширээ тойрон сууна. Үдийн хурц нар ширээн дээр, уруулын будагны ором гарсан аяга, хэрчим бялуу бүхий гоёмсог шаазан тавагнууд, жимсний зурагтай жижиг халбаганууд дээр тусна. Тэр бүхний дунд нэг хуудас цагаан цаас, бал тавьжээ. Эмнэлгээс гарснаас хойш өнгө зүс зассан Гэгээн хоёр найзруугаа ээлжлэн харж баяртай инээмсэглэнэ. Тавагтай бялуугаа дуустал үртэс ч үлдээлгүй амтархан идэж байсан Зүрхээ сая нэг цадсан бололтой халбагаа тавган дээрээ тавин хойшлоход Эрхцас хоолойгоо засан яриа эхлэв.

  • Өнгөрсөн долоо хоног бидний амьдралд эргэлт авчирсан тун чухал цаг хугацаа байлаа. Юуны өмнө Гэгээн маань эмнэлгээс гарч, манайд хамт амьдрах болсон. Би ажлаасаа урт хугацааны чөлөө авч, машинаа өчигдөр зарчихлаа. Хамгийн гол нь, бүр хамгийн чухал нь Навчаа эгчийг амьд гэдгийг бид нар олж мэдсэн. Бүхэл бүтэн 15 жилийн дараа энэ мэдээг хүлээж авлаа. Тиймээс, кхм (хоолойгоо засан), бүгдээрээ Навчаа эгчийг олж Гэгээнтэй уулзуулах аялалд гарцгаая.

Урам зоригтой ийн хэлснээ Эрхцас хоёр найзынхаа царайг ээлжлэн харлаа. Зүрхээ гайхангуй, Гэгээн эргэлзэнгүй маягтай дуугүй сууцгаасаар.

  • Яасан бэ? Юм хэл л дээ. Хамтдаа сайхан замд гарцгаая л даа. Бидэнд саад болох юу байна?
  • Аялахад бас мөнгө хэрэгтэй болох байх даа. Би сүүлийн хэдэн сар жаахан мөнгөний асуудалтай байгаа гэж Гэгээнийг зовонгуйран аяархан дуугарахад Зүрхээ өлгөн авч,
  • Мөнгө ч яахав болно гэхэд миний хувьд ар гэр гэж том асуудал байнаа. Бадрах уурхайгаас ирэх болоогүй. Ирлээ ч долоо хоног л болно. Нөгөө дөрвөн хүүхдээ яах билээ? Надгүй бол тэр гэр арван минутанд л нурж унана.
  • Мөнгөнд бол санаа зоволтгүй. Миний машин зарсан мөнгө Солонгос яваад ирэхэд хүрэлцэх байх. Навчаа эгчийг олоход долоо хоног хүрэлцэх байх ч гэж бодож байна. Чи Бадрахад л хүүхдүүдээ үлдээчих.
  • Долоо хоногт багтааж олж чадна гэж яаж мэдэж байгаа юм гэж Гэгээн асуулаа.
  • Надад юу байгааг хар даа.

Эрхцасын гар дээр шарлаж хуучирсан захидлын дугтуй байлаа.

  • Навчаа эгчийн хамгийн сүүлд явуулсан захидлыг Гэгээний авга эгчээс гуйж авсан юм. Дугтуйн дээр нь тэр үед ажиллаж байсан үйлдвэрийнх нь хаяг байгаа. Эндээс хөөгөөд үзэхэд бараг олдчих байх.

Гэгээн босож, Эрхцасын гараас дугтуйтай захидлыг аваад энгэртээ нааснаа, Эрхцасыг тэврэн “Баярлалаа” гэж шивнэв.

  • Та хоёртоо баярлалаа. Миний төлөө хийж байгаа бүхэнд баярлалаа. Ээжийгээ амьд гэж бодохоор энэ зүрх бараг цээжиндээ багтахгүй байна. Үнэндээ найз нь мэдсэн цагаасаа л болдог бол одоо ч хамаагүй гүйгээд очмоор л санагдаж байлаа. Та хоёртойгоо хамт явна гэвэл бүр ч үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Гурвуулаа цугтаа ийш тийшээ яваагүй зөндөө удсан шүү дээ.

Хариу хэлэлгүй түгдийн суусан Зүрхээ санаа алдаж,

  • За би Бадрахаас асуугаад үзье дээ. Уг нь ч гадагшаа явна гэхээр гоё л байна. Тэгээд ч та хоёр надгүй бол баларна шүү. Амьдрал мэдэхгүй хоёр юм гэлээ.

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

ТАВДУГААР ХЭСГИЙГ УНШИХ          ДОЛООДУГААР ХЭСГИЙГ УНШИХ