Гэрэлт оддын зүг 20000 км - ТАВДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - ТАВДУГААР ХЭСЭГ

Nov.12.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Чамайг хармагцаа гайхалтай адал явдал хүлээж байгааг мэдсэн.” Винни Пүүх

 

1999 оны намар, Улаанбаатар хот, …-р сургууль

Хичээлийн шинэ жилийн баярын уур амьсгал сарниагүй 9-р сарын 1-ний дулаан үдийн хойно багш түрхэн зуур гараад явсны улмаас анги дүүрэн хүүхдүүд зөгийн үүр шиг бужигнаж байлаа. Хэсэг сахилгагүйчүүд ангийн хойно цуглан бөглөө, мортал тоглон орилолдож, охид гол төлөв гурав дөрвөөрөө нийлэн толгой нийлүүлэн юм ярьж инээлдэн, цонхоор тусах нарны илчинд жигнүүлэн тухтай гэгч нь гараа дэрлэн унтах нь ч байна. Харин голын салааны дунд суудаг хоёр найз хоорондоо аминчхан нууцаа бичгээр хуваалцаж, зэргэцэн суух мөртлөө хоорондоо ярихгүй зурвас солилцох аж. Тайрмал хар үстэй, зоримог харцтай найз нь өөрийнх нь эсрэгцэл гэмээр турьхан охины бичиж өгснийг хараад хөмсгөө зангидлаа.

“Манай аав ээж хоёр салж байгаа. Ээж Солонгос гэдэг улсруу ажиллахаар явна гэсэн. Өчигдөр ээжид юмаа баглахад нь туслаад, шөнө орондоо ганцаараа баахан уйлсан.”

Үнэхээр найзынх нь давхраатай алаг нүд улайн, зовхи нь пэмбийтэл хавджээ. “Салсан” гэдэг тэр үг утгыг нь сайн ойлгохгүй байгаа 5-р ангийн хүүхдэд ч далдхан айдас мэдрүүлнэ. Найзынх нь амьдрал ингээд орвонгоороо эргэж байгаа юм байхдаа?

Нэг удаа Эрхцасын гэрийн хаалгыг шөнө дүлээр хэн нэгэн жигтэйхэн чанга балбасныг санав. Нойрон дунд нь сүртэй чанга пид пад дуугарахад аав нь “Харанхуй шөнө хаалга үүд хэмхчих нь энэ чинь” гэж ундууцан босч очоод үүдээ нээхэд бороонд шалба норсон Гэгээн ээжийнхээ хамт зогсож байсан. Тэдний хар үснээс борооны ус бөнжигнөн дусалж, нойтон хувцас нь биедээ наалдаж, даарсандаа мэдэгдэм дагжин чичирнэ. “Бушуухан хаалгаа хаагаарай. Өнөөх чинь араас ирж яваа”. “Өнөөх”-ийг сайн мэдэх аав нь хурдхан тэднийг гэртээ оруулахад, эх охин хоёрын нэгнээ дуурайсан алаг нүдэнд хурсан айдсыг Эрхцас мартахааргүй тогтоож авчээ. Гурван орцны цаана амьдардаг найз нь тэднийх рүү хөл нүцгэн зугтаж ирсэн байж билээ.

Хариугүй уйлчих гэж байгаа юм шиг тунгалаг нүдэнд нь ус мэлтэлзсэн найзынхаа гэнэн цагаахан харцны хариуд юу гэхээ мэдэхгүй балмагдаж суутал ангийн хаалга чахран, багш орж ирлээ. Саяхан дэлбэрэх гэж байгаа юм шиг хүүгэн шуугиж байсан анги чив чимээгүй болж, хүүхдүүд илбийн юм шиг хурдан байр байрандаа сууцгаажээ. Шалтаг гарвал урт модон саваагаараа цохих дуртай багш нь тэднийг хянамгай ажиглаад, дагуулж ирсэн охиноо самбарын урд зогсоолоо. Үсээ хоёр сүлжсэн улаан хацартай тэр охины өмссөн зүүсэн цөм цоо шинэ, индүүдлэг нь ч бүрэн арилаагүй, эзнийхээ биед зохиж өгөхгүй гэж зориуд эсэргүүцсэн юм шиг. Ноомой байрын охин өөр лүү нь ширтэх хэдэн арван хос нүднээс жийрхэн, хуруу гараа оролдон шал ширтэнэ.

  • Манай ангид шинэ сурагч шилжин ирлээ хүүхдүүдээ. Зүрхээ одоо манай 5-ын “д” ангийн сурагч болсон. Бүгдээрээ найздаа мэдэхгүй, чадахгүй зүйл дээр нь тусалж дэмжиж өгөөрэй. За миний хүү тэр хоосон суудалд очоод суучих.

Зүрхээ түрүүнээс хойш тэсэж байсан бололтой нусаа шорхийтэл татсанаа гутлаа үл мэдэг чирэн багшийнхаа заасан суудалд очиж суусан нь Гэгээн, Эрхцас хоёрын яг ард байжээ.

Дараагийн цаг тооны хичээл байв. Хүүхдүүд “зоддог” Дамчаа гэж нэрийддэг ширүүн зантай өвгөн багш самбар дээр бодлого бичихээс өөр ямар ч чимээ ангид үл гарна. Самбарт дуудагдах вий гэж айсан хүүхдүүд бүгд нугдайн, болдог бол ширээн доогуураа орчихмоор орох байх газраа олж ядан байлаа. Гэтэл Эрхцасын ард нэг тожигнох чимээ гарав. Ер нь түрүүнээс хойш энэ чимээ тодорч бүдгэрсээр байсан юм л даа. Эргэж сэмхэн харвал шинэ танил нь амандаа тожигнотол ааруул хүлхэж байх нь тэр. Хацраа бумбайлган ааруулаа нэг хацраасаа нөгөөдөө шилжүүлэн овогнуулахыг нь харах тусам яагаад ч юм инээдээ барьж чадалгүй пис хийтэл инээтэл Дамчаа багш эргэж хараад “За бодчихмоор санагдаад инээд чинь хүрээд байгаа бол наашаа гараад ир дээ” гэлээ. Тэр өдөр Эрхцас “зоддог” багшид хэд сайн гөвшүүлж билээ.

Удтал чилээсэн хичээл арай гэж нэг юм тарж, хүүхдүүд ангиас баяр хөөртэй гүйн гарцгаалаа. Нэг байранд амьдардаг хоёр найз ч гар гараасаа хөтлөлцөн сургуулийн хажуугийн ТҮЦ-ээс халаасны хэдэн төгрөгөндөө чихэр чангаанз авахаар явцгаав. Ярьж дуусдаггүй яриандаа ам халан жиг жуг гэж явтал Гэгээн Эрхцасын ханцуйнаас татлаа.

  • Хар даа. 7-ын “б”-ийн эгч нар нөгөө шинэ хүүхдийг дээрэлхэж байна. Мөнгө л нэхэж байгаа байх даа.

Хэлхгэр өргөн жинсэн өмд, памбагар зузаан ултай гутал өмсөн, эрээн алчуур толгойдоо зангидсан, цагирган ээмэгтэй том ангийн танхай охид улаан хацартай ноомой охины цүнхийг газар унагачихсан дээрээс нь дэвсэлж байлаа. Бутанд хярсан бүжин шиг тоосгон байшингийн буланд шигдсэн Зүрхээ “Байхгүй” гэх бололтой юм хэлтэл тэднийг толгойлж явдаг өндөр бор охин үсрэн гарч ирээд толгой руу нь өнөөх зузаан ултай гутлаараа өшиглөж орхилоо. Ингэнэ гэж огт санаагүй байсан хөөрхий охин цементэн шалан дээр унаж, “яааяаа” гэж бархиран уйлав. Өндөр бор ахиад дээрээс нь нэмж дэвсэх гэснээ “Ёоо” гэж гэдэсхийн гэдэргээ болоход байдгаараа уйлж байсан Зүрхээ эмээнгүй толгойгоо өргөн харвал Эрхцас үсдээд хойш нь татсан нь тэр байжээ.

Эрхцас ер нь юунаас ч айдаггүй охин байв. Том ангийнхан, дээрэлхүү хүүхдүүд, хөвгүүдээс ч айхгүй. Бас хүүхэд дээрэлхүүлэхийг үзэж чаддаггүй байлаа. Өөрөө бялба зодуулсан ч хамаагүй үсрээд л орно. Том жижиг зодоонд олон орсоор сүүлдээ гаршиж хэрийн хүнд зодуулахааргүй болоод, тэрүүхэндээ нэр нь түгж, дээд ангийнхан ч мэддэг болжээ. Нэг удаа өөр хорооллын хүүхдүүдтэй  зодолдохдоо шил хагалж дайрсан гэж яригдах болсноос ихэнх нь түүнээс хулчийдаг ч байв. Зүрхээг зодож байсан охид ч удсангүй тарж одлоо.

“Булдруунууд мөнгөө өг гэнээ. Ээж намайг хэнд ч өгч болохгүй гэсэн юм чинь” гэсээр Зүрхээ хувцсаа гөвөн босч ирлээ. Газар унан шороонд хутгалдсан дэвтэр номыг нь Гэгээн цуглуулж цүнхэнд нь хийж өгөөд, халааснаасаа цав цагаан алчуур гарган нямбай гэгч нь арчиж өглөө.

  • Чи тэгээд мөнгөө хаана нуучихсан байсан юм? гэж Эрхцас шоолонгуй асуув.
  • Хотын хүүхдүүд ч ойгүй зэрлэг юмаа. Гэхдээ энийг бол олохгүй л дээ гэснээ Гэгээн цамцаа сөхөн, цаана нь дотуур цамцных нь дотор талд нямбайлан оёсон халаас гаргаж ирж үзүүллээ.

Эрхцас тэсгэлгүй инээхэд Гэгээн ч инээн, хацар дээр нь гарсан шороотой гутлын мөрийг үрж зогссон Зүрхээ ч даган инээв. Охидын цагаахан инээд хүүхэд насны гэнэн үерхлийн эхлэл болон цуурайтаж байлаа.

2016 он, Улаанбаатар, Улсын гуравдугаар төв эмнэлэг

Эмнэлгийн хүлээлгийн танхимд элдэв бодол, дурсамж сэтгэлдээ сүлэлдүүлэн суусан Эрхцас нүдээ нээлээ. Зүүрмэглэх гэсэн боловч юм юм бодогдоод чадсангүй. Зүрхээ хүүхдүүд рүүгээ яаран одсон учир тэр Гэгээнийг ухаан орохыг хүлээн суусаар байгаа нь энэ билээ. Эмнэлэгт, бас сүмд мэдрэгддэг хөндий хоосон мөртлөө хүнд агаар мөрөн дээрээс нь дарж босгохгүй байх шиг санагдана. Юутай ч эмчээс нь Гэгээний биеийн байдлыг ахин лавлахаар өндийтөл хонгилын цаанаас танил нэгэн ирж яваа харагдав.

Жар гаруй насны, үсэндээ буржгар хими хийлгэн хумсаа улаанаар будаж янзалсан ганган авгай намгүй өсгийтэй гутлан дээрээ явж ядан уухилан ёолно. “Ёо ёо аль насандаа хийсэн үйлийн үр юм бол доо” гэсээр Эрхцасын хажуугийн суудалд нэг юм хүрч, яг хийтэл суугаад авлаа.

Ээж нь Солонгос явснаас хойш Гэгээн их л уруу дорой явах болж, заримдаа үсээ ч олигтой самнаагүй хичээлдээ ирдэг байлаа. Бүх юман дээр нь “ээжгүй” гээд биччихсэн аятай, хувцасных нь зах ханцуй их төлөв өлөн хиртэй явна. “Эцэг эхийн хуралтай” гэж багш зарлах бүрт Гэгээн аймсан сандарч, гэртээ харьтлаа олигтой юм ярихгүй. Гэртээ ч ховорхон үзэгддэг аавынх нь оронд авга эгч нь хаа нэг ирдэг учраас тэр эцэг эхийн хуралд дургүй байсан байх. Муу дүн авсан гэх юм уу, ямар нэг таагүй зүйл сонсвол олон хүүхдийн дунд ч гэж санаа зовохгүй урт хумстай хуруугаараа дух руу нь тог хийтэл няслах юм уу, таарсан газраасаа хумслан чимхдэг авгаасаа Гэгээн их айдагсан.

  • Цогцэцэг эгчээ, сайн байна уу? Та намайг таньж байна уу? Би Гэгээний арван жилийнх нь найз байна.
  • Аа цусаараа тээглэ. Чамайг бас дуудаа юу?
  • Таныг хэн дуудсан юм бол?
  • Бас л найз нь гэсээн. Зүрхэн ч гэлүү, хэн ч гэлээ. Тэр эмч хүүхэн бас залгаад байсан, би үсчинд байгаад дуулсангүй л дээ. Ёох, ёох, хүн зовоож ханахгүй золиг юмаа нээрээ.
  • Та Гэгээнийг ийм байгааг нь ер нь мэдэж байсан уу?
  • Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Их сургуульд ороод л манайхаар шагайхаа ч байсан. Гэнэт л  сүүлийн үед ингэлээ тэглээ гээд чихэнд хонх уяад амраахаа байлаа. Одоо бас яасан гэнэ?
  • Ухаангүй байгаа. Амиа хорлох гэж оролдсон бололтой.

“Архины хордлого” гэдэг хэсгийг нь энэ түүхээс хасахаар шийдсэн Эрхцас авга эгч рүү нь харвал, түрүүнээс хойш хуруундаа зүүсэн том алтан бөгжнийхөө шигтээг ороолтныхоо үзүүрээр арчиж суусан Гэгээний авга эгч хирдисхийн өөдөөс нь том харав. Тэгснээ дэмий саад боллоо гэх шиг бөгжнийхөө шигтгээг мөн л үрчиж гарлаа. Хэн хэн нь үг дуугарсангүй хэсэг чимээгүй сууцгаав. Таагүй нам гүмд дуугарах улам хэцүү болж байгаа юм шиг.

  • Хэрэг нэгэнт ийм болсон бол... гэж авгай үгээ зөөн сунжруулснаа, “Ер нь ээжид нь дуулгавал?” гэж асуух мэт өгүүлбэрээ таслан орхилоо.

Эрхцас чихэндээ итгэсэнгүй. “Ээж” гэнээ? Найзынх нь бэтгэртлээ санаж, зургийг нь ороо тойруулан өрж тавиад уйлсаар унтдаг байсан, “нас барсан” гэсэн дам чимээнээс өөр зүйлгүй тэнгэрт алсран одох шувуудын цуваа шиг мөргүй алга болсон тэр ээж амьд гэж үү?

2001 он, Улаанбаатар, 3-р хороолол

Байрны гадаа тоглоомын талбай эзгүйрч, өвлийн шөнийн гил хар тэнгэрт сувд шиг тод цагаан одод гялалзаж байлаа. Төмөр хүртэл даарсандаа уйлах гэж байгаа юм шиг битүү цантсан хүйтэнд бээрсэн болжмор шиг хоёр охин дулаацах гэж хоорондоо наалдан савлуур дээр сууцгаана. Инээд ч, нулимс ч агаарт гармагцаа царцчих гээд байгаа юм шиг хоёр найз үгээ харамлан чимээгүй.

Үүрдийн хагацлыг түрүүлж үзсэн найзаа тайтгаруулах хэцүү байдаг. Өөрөө амьдралыг бүрэн таньж амжаагүй өсвөр насны охин энэ хорвоо дээр санаж сарвайх цорын ганц хүн нь үгүй болж, өнчрөн хоцорчихоод байгаа найздаа юу хэлж, яаж аргадвал зохилтойг мэдсэнгүй. Зүгээр л дэргэд нь суугаад гүн шөнийн харанхуйд харуул болон байрандаа зогсох оддын зүг хамтдаа ширтэж байлаа.

  • Хүн нас барахаараа тэнгэрт од болдог гэж үнэн болов уу? Гэгээн тэднийг бүчин байгаа гэгээн аниргүйг хүндэтгэх мэт аяархан ингэж асуулаа.
  • Үнэн байхаа. Тэгээд ээж чинь тэнгэрээс чамайг харж л байгаа байх.
  • Найз нь ээждээ ганцхан л үнсүүлэх юмсан...Гэгээн ингэж хэлснээ хоолой нь цахиртан чимээгүй боллоо. Дахиад уйлчих вий гэхээс Эрхцас айсандаа хоолойгоо засан, аль болох хөгжилтэй дуугарахыг хичээн,
  • Найз нь том болоод сансрын нисгэгч болноо. Тэгээд сансрын хөлөгтөө чамайг суулгаад ээжийн чинь байгаа одон дээр хүргэж өгнөө, за юу гэлээ.
  • Тэр хүртэл их л хол байх даа.
  • Мэдээж. Лав хорин мянган километр байгаа. Гэхдээ чи битгий айгаарай. Хоёулаа хамтдаа явна.

Эрхцас найзынхаа жижигхэн гарыг атгаад халаасандаа хийлээ. Хэзээ нэгэн өдөр мөрөөдлийг нь биелүүлж, холын одонд байгаа ээжид нь хүргэж өгнө гэсэн итгэл дүүрэн байлаа.

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА ГАРИГТ ***

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСГИЙГ УНШИХ           ЗУРГААДУГААР ХЭСГИЙГ УНШИХ