Гэрэлт оддын зүг 20000 км - ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

Nov.08.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

...

Он удаан жил арчиж зүлгэсээр анх ямар өнгөтэй байсан нь мэдэгдэхээ байсан эмнэлгийн шалан дээгүүр хэн нэгнийг түрэн өнгөрөх төмөр дугуйн тарчигнасан чимээнд цочсон Эрхцас бодлоосоо сэрлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар Гэгээнтэй уулзсан тухай боджээ.

Хотын захын танил жижиг байшин дотор хоол ундны халуун уур, хүний амьсгалтай зэрэгцэн, хундага сөгнөх, нэгнийхээ дууг давж гарах гэсэн шуугиан үргэлжилнэ. Зүрхээгийн нөхөр Бадрах гэх намхавтар, зузаан бор залуу халамцуухан ”Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй...” гэж сөөнгө хоолойгоор аялан, завсар зайгүй өмнө нь сэлбэгдэх хундагатайг тогтоонгоо дөрвөн хүүхдээ ээлжлэн үнсэж амжина.

Хурал нь оройтож тарсан Эрхцас бас л хоцорч очжээ. Найр хавтгайран, зочид биеэ барихаа больсон хойно Зүрхээ ч бие барьсан шинэ торгон дээлээ тайлж амран найзуудтайгаа хэдэн үг солих завтай болжээ. Одоо санахад Гэгээний хацар нь ягааран, үг нь жаахан олширч, сөнчийн хундаганаас тэр бүр татгалзахгүй байсан юм. Уулзалгүй удсан гурван найзад ярих юм ч олон, ам булаацалдан сонин сайхнаа хүүрнэлдэж байв. Баярын хөөр шуугианыг чадлаараа дагаж ядраад ээжийнхээ мөөмийг хөхөн, амтат нойрны ертөнц рүү умбах хүүгээ Зүрхээ тэврэн бүүвэйлэнгээ найзуудынхаа яриаг сонсон, толгой дохиж сэгсрэн хариулж суув.

“Ангир шувууны дэгдээхэй шигээ алсаас ээжийгээ дуудаад байна уу даа”. Ганцхан хүүдээ л зориулсан ээжийн уяхан бүүвэй эрхгүй сэтгэлийг уярааж гурван найзын яриа ч дагаад намжлаа. Шанаагаа тулан Зүрхээг харж суусан Гэгээнээ нүдэндээ мэлтэрсэн нулимсыг сэмхэн арчсанаа,

  • Гурвуулаа гоё аялалд явах уу? Гадагшаа явцгаая. Хүмүүс их аялдаг болжээ. Нэг сайхан сэтгэлээ сэргээнгээ газар үзээд ирье л дээ гэлээ.
  • Гадаад гадаад л гэх юм. Та нар Монголын сайхан орноо ядаж нэг тойрч үзсэн үү? ямар сайхан үзэсгэлэнтэй газрууд байдаг гэж бодож байна? Тэгж л явмаар байгаа бол зун манай нутаг руу явчихаад ирье л дээ гэж Зүрхээ эсэргүүцэв. Дүрсхийтэл уурладаг түргэн зантайг нь мэдэх Эрхцас яриан дундуур нь болгоомжтойхон орж,
  • Уг нь ч гадагшаа явъя гэдэг дажгүй санаа шүү гэвэл Зүрхээ,
  • За тэгвэл хаашаа явъя гэж бодож байна гэж Гэгээнээс тулган асуулаа.
  • Солонгос ч юм уу гэж бүсгүй итгэлгүйхэн дуугарав.
  • За юун Солонгос. Хүн болгон гурван сарын виз аваад л явж байнадаг. Манай хамар хашааны Даваа хүртэл саяхан яваад ирсэн байна лээ. Хүн үзэх юм юу ч байхгүй газар байна л гэж ярьж ирсэн шүү дээ гэж Зүрхээ тас дайрав. Эрхцас тэссэнгүй,
  • Чи ядаж гадаад пасспорт авчихаад ингэж ярь л даа. Өөрсдөө л сайн төлөвлөөд гоё явбал хаашаа ч аялсан үзэх харах юм зөндөө байгаа гэвэл Зүрхээ дургүйцлээ нууж чадалгүй хөмсгөө солбилзуулан,
  • За би гадаад явж галуу шувууны мах идэж үзээгүй нь үнээн. Энэ дөрвөн хүүхдийн хоол унд гэж зууралдсаар байтал надад гадаад байтугай гэрээс ч гарах зав алга. Бадрах хөдөө уурхайд ажилтай, сардаа хэдхэн хоног л ирдэг. Намайг яаж гадаа гарч эр, гэрт орж эм болж явааг та нар мэдэх үү? Хүүхдүүд зэрэг өвдөөд уйлах ч завгүй байхад ирээд тусалдаг хүн байдаг билүү?   гэж давхцуулан өгүүлснээ сэтгэл нь хөдлөн нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв.

Энэ яриа ингээд л замхарсан. Гэгээн яагаад аялахыг хүссэн, чухам юунд Солонгос явахыг хүссэн тухай хэн ч нухацтай бодож үзсэнгүй, тийм зав ч байсангүй. Урьд өмнөхөөсөө арай илүү шамдангуй дарс ууж, нэг л өөр, бүр ч гунигтай болсныг нь анзаараагүй. Эрхцас тэндээс гараад хаашаа ч хөдөлдөггүй замын түгжрэлийн цуваанд нэгдэж, Зүрхээ аяга тавгаа угаасаар хоцорсон байх. Харин Гэгээн хаачсан бол? Эзэнгүй, гэрэлгүй гэрлүүгээ ганцаараа эмээнгүй явж орсон болов уу? Хайртай хүмүүсээ анхаарах завгүй, хэлэх үгийг нь дуулж, хариу хэлэх ч завгүй явдаг бид зүгээр л “завгүй” гэдэг үгээр халхавч хийчихээд хувиа хичээж явдаг юм биш байгаа?

“Гэгээний ар гэрээс хүн байна уу?”. Гараа халаасандаа хийн, өмнө нь итгэлтэй гэгч нь өндөр өсгийт дээр товор товор алхах залуухан эмч бүсгүйн араас дагах Эрхцас тэгшхэн шилбийг нь сэмхэн харж явав.

“Та наашаа суу” гэж эмч бүсгүй уриалагхан хэлээд Эрхцаст сандал дөхүүлж өгөх нь захирангуй хандлагатай эмч нараас их л өөр.

  • Та Зүрхээгийн найз гэсэн байхаа. Манайд энэ сард гэхэд гурав дахь удаагаа ийм байдалтай хүргэгдэж ирж байна л даа. Би үүргээ гүйцэтгэж байгаа эмч гэхээсээ илүү хүнийхээ хувьд тантай ярилцах гэж дуудсан юм. Зүгээр архины гүн хордлого гэсэн онош хэлээд хордлогыг нь тайлаад явуулчихаж болно. Гэхдээ ийм сайхан залуухан охин ингэж их уугаад, дээр нь амиа хорлох гэж байн байн оролдоно гэдэг харамсалтай.
  • Гурав дахь удаагаа гэнээ?
  • Тиймээ, түрүүчийн удаа гарынхаа бугуйг зүссэн байсан. Азаар цус их алдахаас нь өмнө авчирсан.

Эрхцас цочирдон хэлмэгдэв. Ийм мэдээ дуулна гэж санасангүй. Тэд эгэл жирийн амьдралаар амьдардаг хэвийн хүмүүс байсан. Сургуулиа төгсөөд ажилд орж, гэр бүлтэй, хүүхдүүдтэй болдог, байрны зээлээ төлж, машин худалдаж авч, амралтын өдрөөр салхинд гардаг тийм хүмүүс. Ийм хүмүүс амиа хорлодоггүй.

“Манайх сорил бөглүүлж үзэхэд архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн дүн гарсан. Гэхдээ олон жилийн өмнөөс улбаатай сэтгэл гутрах эмгэг байгаагаас ийм болчихоод байна. Ойр дотны хүмүүсийнх нь дэмжлэг, анхаарал тун шаардлагтай. Сэтгэл санааг нь өөдрөг байлгаж, мэргэжлийн туслалцаа авбал энэ байдлаас гарах хэцүү биш шүү. Үгүй бол ингэж учраа ололгүй архи уусаар яваад юунд ч хүрч мэднэ”. Эмчийн нухацтай, зориуд мартуулахгүй гэж зөөн хэлсэн үгс Эрхцасын толгойг алх шиг нэг нэгээрээ тоншиж байлаа. “Олон жилийн өмнөөс улбаатай сэтгэл гутрах эмгэг”. Ингэхэд энэ бүхэн хэзээ эхэлсэн байж болох вэ?

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА, ПҮРЭВ ГАРИГТ ***

ГУРАВДУГААР ХЭСГИЙГ УНШИХ          ТАВДУГААР ХЭСГИЙГ УНШИХ