Гэрэлт оддын зүг 20000 км - ГУРАВДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - ГУРАВДУГААР ХЭСЭГ

Nov.05.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

“Бодол санаагүй аялна гэдэг бурхны зааж байгаа бүжгийн хичээл л гэсэн үг.” Kurt Vonnegut

Ул нь хир даг болсон шилэн оймстой өрөөсөн тэр хөлийн эрхий хуруу хэсэгтээ оймс нь цоорон хөвөрч, улаанаар будсан хумс нь гэрэлтэн харагдаж байлаа. Амаа даран бүлтийн зогсох Зүрхээг бодоход Эрхцас биеэ хурдан эзэмдэж

  • Гэгээнээ байна гэж шивгэнэв.
  • Алив надад туслаач, энэ дороос гаргая гэж шавдуулахад Зүрхээ,
  • Чадахгүй ээ, айгаад байна. Би өмнө нь үхсэн хүн харж байгаагүй шүү дээ гээд хойшоо ухарлаа.
  • Үхсэн ч гэсэн чиний найз биз дээ. Хурдлаач.

Энэ үгэнд гэнэт ухаан орсон мэт бүсгүй найздаа хамжин орон доороос ухаангүй болсон хүнд биеийг татаж гаргалаа. Унтлагын өрөөний тоостой шалан дээр эв хавгүй тарайн хэвтэх, үс нь ширэлдэн арзайж, нүүр нүд нь хавдсан тэр хүнийг ямагт цэвэр цэмцгэр, үзэсгэлэнтэй харагддаг, турьхан гоолиг Гэгээнийг гэж хэлэхийн аргагүй. Он удаан орон доор хуралдсан тоос шороо хамаг биед нь наалдаж, улам гар хүрэхээс цэрвэмээр эвгүй болгожээ.

Баруун гарынх нь бугуй битүү боолттой ч цаанаас нь цус нэвчсэн ул мөрийг Эрхцас олж хараад аягүйцэв. Хамгийн сайн мэддэг гэж бодож явсан хүнээ харь танихгүй төрхтэй болсныг хараад цочирдон балмагдаж, айдас эргэлзээндээ хүлэгдэн зогсоцгоож байгаа нь энэ.

  • Чи юу бувтнаад байгаа юм бэ? Амьд байна уу, шалгая л даа.

Нүдээ анин амандаа дүнгэнэтэл маань уншиж байсан Зүрхээ толгойгоо сэгсрэн ар нуруугаараа үүд рүү ухрахад Эрхцас санаа алдан Гэгээний хажууд сөхрөн суулаа. Үнэндээ тэр ч үхсэн хүн хэзээ ч харж байгаагүй. Бага байхдаа эмээгээ оршуулахад салах ёс хийсэн нь санаанд нь зурсхийлээ. Өрхийг нь бүтээсэн хүйтэн, харанхуй гэрийн хойморт голлуулан тавьсан авсан дотор нэг хүн хэвтэж байсан. Нүүрэн дээр нь хадаг тавьсан учир царайг нь сайн харах боломжгүй, тэгээд ч айсандаа ээжийнхээ хормойноос зүүгдэн, сэтгэлд дарамттай энэ газраас бушуухан гарахын хүслэн болж байсан жаахан охин тэр олныг анзаараагүй хэрэг.

Айсандаа цээжээ дэлдэх зүрхээ тайвшруулах гэж цээжин тушаа гараа тавиад гүнзгий амьсгаллаа. “Амьд эсэхийг нь яаж шалгах билээ?”. Кинон дээр судсыг нь барьж үзээд байдаг, тэр ч бүтэхгүй. Амьсгалж байгаа эсэхийг нь шалгахын тулд хамар дор нь өд барьж үздэг гэж хаанаас ч билээ уншсан санагдана. Одоо хаанаас өд олох вэ. Хуруугаа хамар дор нь барьж үзэхээр шийдлээ.

Эрхцас чичрэн салгалах гараа арай гэж тэнийлгэн долоовор хуруугаа амьгүй биерүү сунган ойртуулах тусам айдас нь улам ихсэн, хариугүй гараа татаад авчихмаар санагдавч биеэ эзэмдэх гэж хичээж байлаа. Арай гэж хамар дор нь аваачин амьсгалыг нь чагнах гэж өөрийнхөө амьсгалыг барих тэр мөчид өнөөх цогцос хамраараа урт амьсгаа татан бүгт сөөнгө дуу гаргах нь тэр. Дээрээс нь бөхийн суусан байсан Эрхцас орилон, тэнцвэр алдахдаа хойшоо унаж, өрөөний хаалга голлон зогсож байсан Зүрхээ тэр чигээрээ хашгиран гүйж одов.

Энэ зуур сэхээ орсон Эрхцас Гэгээний зүрхийг чагнаж, амьсгалж буйг нь мэдлээ. Найз нь амьд байж. Баярласандаа хоолой дээр нь нэг юм тээглэх шиг болж, нүдэнд нь нулимс дүүрэн Гэгээнийг тэвэрлээ. Алдчихсан гэж өөртөө итгүүлж байсан найз нь өөрт нь хичнээн үнэтэй, дотно болохыг энэ учрал улам илүү мэдрүүлж, дахиж тавьж явуулахгүй гэсэн шиг гарыг нь чанга атган нүүр нүдгүй үнслээ. Саяхан сэжиглэн цэрвэж байснаа ч мартаж орхиод нулимстай нүүрээ нүүрэнд нь наан төөрч яваад ээжийгээ олсон хүүхэд шиг дотроо онгойтол уйлж байлаа.

“Амьд байна уу?” гэж хэн нэгнийг шивнэхэд сая толгойгоо өргөн харвал хөл нүцгэн чигтээ гадаа гүйн гарсан Зүрхээ нүдэндээ найдварын оч гэрэлтүүлэн баярлангуй харж зогсох нь тэр аж.

  • Амьд байнаа, амьд байна. Гэгээнээ минь амьд байна. Миний найз хурдхан түргэн дуудаарай ...

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА, ПҮРЭВ ГАРИГТ ***

ХОЁРДУГААР ХЭСГИЙГ УНШИХ          ДӨРӨВДҮГЭЭР ХЭСГИЙГ УНШИХ