Гэрэлт оддын зүг 20000 км - ХОЁРДУГААР ХЭСЭГ

Гэрэлт оддын зүг 20000 км - ХОЁРДУГААР ХЭСЭГ

Nov.01.2018

Тогтохбаярын Хонгорзул | Airmarket.mn

 

Цаг хугацаа яг энд зогсоод энэ өрөө хөлөг онгоц болж, өөрөө жолоог нь залуурдан үүлсийн дээгүүр хөвж явна гэж төсөөлмөгц айдас нь баяр хөөрөөр солигдон, уруул дээр нь инээмсэглэл бүжиглэлээ. Энэ ертөнцөд тэр үргэлж аз жаргалтай байдаг. Бодит байдал хэмээх хүчит алх төсөөллийн нимгэн ханыг нь цөм цохих хүртэл.

“Даргаа, хурлын өрөө бэлэн боллоо” гэж туслах бүсгүй мэдэгдэхэд тэр аягатай цайгаа тавиад, хувцсаа гөвөн бослоо. Энэ бол өөртөө бэлэн боллоо гэдгээ мэдэгдэж буй дохио. Аягатай цайны халуун бүлээн илч алганд нь мэдэгдсээр ахуйд өөрийг нь орхин алсад одох хөлөг онгоцны гунигт төрхийг санагдуулав. Энэ мөчид яагаад ч юм дууг нь унтраагаад мартчихсан байсан гар утасныхаа дэлгэцийг харсан юм. Хотын захад завгүй ээжийг алмайруулсан тэр зурвас хурлын өрөө тийш алхахыг завдсан хөлийг нь тушиж орхив.

“Богинохон амьдралын минь гэрэл гэгээ болсон найз минь баяртай. Би ээждээ очихоор явлаа. Намайг сайнаар дурсаж яваарай.”

Зурвасын уншсан хоёр бүсгүйн зүрхийг оосорлон доош нь чангаах шиг боллоо. Итгэхийг хүсээгүй ч үнэнийг зөнгөөрөө мэддэг тэр л сэрэхүйгээр тоглоом шоглоом биш, чин сэтгэлийн үгс гэдгийг хэн хэн нь мэдэрсэн юм.

“Залгахаар холбогдох боломжгүй гэх юм. Хүүхдүүдээ хооллож, унтуулчихаад үдээс хойшхон дахиад ярьж үздэг юм уу”. “Ямар ч байсан танилцуулгаа хийчихээд хурал дууссаны дараа учрыг нь олъё.” Хүүхдүүдээ хажуу айлын эгчид яаран даатгаж орхиод гадуур хувцсаа хам хум эгэлдрэглэн гүйн гарсан Зүрхээ ч, ажил амьдралдаа хамгийн чухал гэж итгэж явсан сонголтоо үгүйсгэн улаан гэрлээр урсгал сөрөн ухаангүй мэт машинаа жолоодож яваа Эрхцас ч зурвас илгээсэн эзнийг үл тоож болохгүй нөхөрлөлийн нандин шижмээр хоорондоо холбогдсон байлаа.

Машины зогсоол олдоогүй тул олдсон сул газар нь машинаа үлдээгээд яаран гүйж ирсэн Эрхцас руу намар оройн жаварт дагжин, энгэрээ зөрүүлэн хумьж дагжиж зогссон Зүрхээ даллалаа.

  • Зурвас бичээд л утсаа унтраасан бололтой. Холбогдох боломжгүй гээд байна гэж Зүрхээг хүйтэнд дагжсан эрүү амаа зодолдуулан хэлэхэд
  • Юу ч гэсэн гэрт нь ороод үзье гэж Эрхцас шийдэмгийхэн өгүүлэв.

Зөвлөлтийн үед баригдсан хуучин байрны цахилгаан шат ядарч байна гэж ёолох мэт хяхтнасаар найман давхарт зогсов. Мухрын төмөр хаалгыг гараа өвдтөл тогшиж, балбасан ч хэн ч онгойлгосонгүй.

  • Гэртээ байхгүй бололтой. Одоо яах уу?
  • За байз. Нээрээ энд түлхүүр нь байж магадгүй гэснээ Зүрхээ үүдний гишгүүрийг сөхөн ганц түлхүүр гаргаад ирлээ.

Цоож торхийн онгойход хоёр найз уралдах шахам орцгоов. “Гэгээнээ, Гэгээнээ”. Тэдний дуунд хэн ч хариулсангүй. Ойрд цэвэрлээгүй бололтой өлөн тоос, шороо бүхнийг дарж, хуучны гэрэл зурагнууд шалаар хөглөрнө. Угаалтуурт бохир аяга таваг овоолоостой, хогийн сав нь шар айраг, дарсны шилээр дүүрчээ. Зочны өрөөний буйдан дээгүүр хувцас хунар, хөнжил овоолж хаясан тул хоёр найз унтлагын өрөөнд орж, орон дээр сууцгаалаа. Юу ярихаа ч мэдсэнгүй. Энэ гэрээс уйтгар гуниг нэвт ханхалж байлаа.

  • Хаашаа явж болох, хэнтэй уулзсан байх гэсэн таамаг байна уу?

Эрхцасыг ийн асуухад Зүрхээ мөрөө хавчлаа.

  • Хамгийн сүүлд хавар одонгийн найран дээр л хэдэн үг сольсноос хойш уулзаагүй юм байна шүү дээ. Мэдэх юм алга.
  • Ийм юмаар тоглох хүн бишсэн. Нэг л аймаар санагдаад байнаа.

Бүх тавилга, хөшиг, гэрлийн бүрхүүл нь ч хориод жилийн өмнөх тэр л янзаараа энэ гэрт хичээлээ тараад хоол хийж, тоглож наадаж явсан үе нь саяхан мэт. Ханан дээр гурван найзын тэврэлдэн авахуулсан жаазтай зураг өлгөөстэй. Хиргүй тунгалаг хүүхэд насны гэнэхэн харцанд нь хүсэл мөрөөдөл гэрэлтсэн энэ зурган дээр гурван найзын ялгаа тун тод гарчээ.

Эрхцас багаасаа л үсээ богинохон тайруулах дуртай хүүхэд байв. Том болоод дандаа халимаг үстэй явах болсон. Шулуун хамар, дөрвөлжин маягийн эрүү, хурц харц нь эршүүд төрхтэй болгожээ. Дунд сургуульд байхдаа өргөн өмд, малгайтай цамц өмсөөд, аль л этгээд маяг загвар гарна түүнийг дуурайж явна. Найзуудаа өмөөрч танхай охид, бүр хөвгүүдтэй ч гар зөрүүлэхээс буцахгүй.

Зүрхээ намхавтар ч чийрэг бахим биетэй, бор царай, улаан хацарнаасаа ичиж, үсээ шараар будуулна гэж дандаа ярьж явна. Хөдөө өссөн учир хар бор ажилд чадмаг, гүжирмэгдүү зантай, бусдын тухай үнэнийг нүүрэн дээр нь цүл пал хийтэл хэлж орхино. Гэрийн ажил хийхдээ Эрхцас, Гэгээн хоёрыг эгээ л ээж нь мэт загнаж, нүд ирмэх зуур хоёр дугуй гурил элдэж хайран, цуйван хийж баярлуулдаг байв.

Гэгээн тэднээс тэс өөр охин байлаа. Туранхай, жижигхэн биетэй, цагаан царайг нь эмжээрлэн хөвөөлсөн тас хар үстэй. Том алаг нүдээрээ хүмүүсийг аргадах мэт харж, байсхийгээд л муудалцчих гээд байдаг хоёр найзыгаа эвлэрүүлж явна. Төрөлхөөсөө гуниг хувцас шиг нь өөрт нь зохисон тийм л охин байв. Өвөл байрны гаднаас золбин гөлөг оруулж ирээд аавдаа баригдах хүртлээ гэртээ байлгадаг байсан учир тэднийд одоо ч шээс, баасных нь үнэр шингээд үлдчихсэн юм шиг.

Хоёр бүсгүй багын явдлаа дурсан хэсэг чимээгүй сууцгаалаа.

  • Биднийг ингээд сууж байх зуур хаа нэгтээ байшин дээрээс үсрэх гээд зогсож байгаа юм биш биз дээ? Цагдаад мэдэгдэж, эмнэлэг, нөгөө ...юу руу ярьж үзэх үү? гэж Зүрхээ түгдчин хэлэв.
  • Морг уу?
  • Үгүй ээ, юмыг яаж мэдэх вэ л гэж. Бурхан минь. Арай ч тиймдээ тулаагүй л байгаасай.

Дахиад анир чимээгүй тэднийг нөмрөн авав. Бодлынхоо хүндэд дарагдсан Эрхцасын ханцуйнаас Зүрхээ татсанаа,

  • Амиа хорлосон хүний сүнс төрлөө олдоггүй. Шөнө болгон тэр үхлээ давтдаг юм гэсэн. Ум ма ни бадмэ хум гэж шивнэхэд
  • Чи чинь юу яриад байгаа юм бэ. Шивнэхгүй зүгээр яриач гэж Эрхцас эрхгүй ундууцав.
  • За за сүртэй юм бэ. Дуулснаа л хэлж байна. Энэ гэр орных нь байж байгааг. Эзэнгүй айл шиг.

Зүрхээ орон дээгүүр хөглөрсөн хувцаснуудыг бөөгнүүлэн хамж, орны хөлд хаясан бүтээлгийг дээш авснаа хачин муухай хашгирав. Эрхцас цочин тэр зүг хартал орон дороос хүний хөл цухуйж байлаа. 

*** ГЭРЭЛТ ОДДЫН ЗҮГ 20000 КМ - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН ДАВАА, ПҮРЭВ ГАРИГТ ***

НЭГДҮГЭЭР ХЭСГИЙГ УНШИХ          ГУРАВДУГААР ХЭСГИЙГ УНШИХ