Хонг Конгт дараагийн нислэгээ хүлээнгээ хотоор зугаалах уу?

Хонг Конгт дараагийн нислэгээ хүлээнгээ хотоор зугаалах уу?

Mar.15.2017

Дэлхийн шилдэг нисэх буудлуудын нэг болох Хонг Конгийн нисэх буудал нь хоёр терминалтай. Хонг Конг хот руу нэвтрэхэд Монголчуудад виз шаардлагагүй ба та Улаанбаатар хотоос ойролцоогоор дөрвөн цаг нисээд Азийн бар Хонг Конгд хүрнэ. Нисэх буудлаас хот руу орохын тулд та метро, автобус, такси ашиглах боломжтой ба метрогоор 24 минут яваад хотын төвд очно. Метро нь 10 минутын зайтай 05:54 - 23:28 цагийн хооронд зорчдог ба 100 Хонг Конг доллар (ойролцоогоор 32 мянган төгрөг) төлөөд хотын төвд хүрэх боломжтой. Мэдээж буцаад онгоцны буудал руу ирэх үнэ багтсан. Мөн тус нисэх буудлаас автобусаар хотын аль ч хэсэг рүү зорчих боломжтой ба үнийн хувьд ч харьцангуй хямд буюу 10-50 Хонг Конг долларт (ойролцоогоор 3000-15,000 төгрөг) багтана. 

Сонирхуулахад Азийн орнууд руу нисэх бол Хонг Конгоор дамжин нисвэл Бээжин болон Солонгос улсаар дамжсанаас харьцангуй хямд тусдаг байна. Ингээд бид танд Хонг Конгийн нисэх буудалд дараагийн нислэгээ хүлээх зуур хийж болох зүйлсийн талаар мэдээлэл хүргэе. 

IMAX КИНО ТЕАТР 

Хэрэв дараагийн нислэг тань 2-3 цагийн дараа бол та онгоцны буудлаас гараад хэрэггүй л болов уу. Дэлхийн шилдэг буудлуудын нэг болох Хонг Конгийн нисэх буудалд өргөн сонголт бүхий дэлгүүр, ресторан зэргээс гадна таныг зугаацуулах олон зүйлс бий.

Харин та дэлгүүр хэсэж, янз бүрийн хоол туршихаас залхсан бол Хонг Конг дахь хамгийн том IMAX дэлгэцээр дуртай киногоо үзээрэй. Танд гарцаагүй таалагдах болно.

Хаяг: Терминал 2-ийн зургадугаар давхар
Цагийн хуваарь: Даваа – Баасан гарагт 11:00 – 22:00, амралтын өдрүүдэд 9:30 – 10:00.

ДЭЛГҮҮР ХЭСЭХ

Хэрэв та дөрөв хүртэлх цагийн хүлээлгэтэй бол Хонг Конгийн нисэх буудлын ойролцоо байрлах хоёр том худалдааны төвөөр ороод гараарай.

  • Citygate Outlets

Хонг Конгдоо хамгийн томд тооцогддог тус худалдааны төвд гоо сайхан, хувцас, гоёл чимэглэл, гэр ахуйн барааны 90 гаруй олон улсын брэнд бий. Мөн жилийн турш 30-70 хувийн хямдрал зарладаг. Хэрэв та дэлгүүр хэсэх дургүй бол спа орж алжаалаа тайлан, кино үзэж, орон орны амтат хоолноос турших боломжтой.

Хэрхэн очих вэ: Нисэх буудлаас S1 эсвэл S64 дугаартай автобусанд суугаад 10 минут яваад хүрнэ.

  • Maritime Square

Maritime Square нь Хонг Конг дахь далай, тэнгисийг санагдуулам өвөрмөц засалтай анхны их дэлгүүр юм. Олон нэр төрлийн дэлгүүр, ресторан зэрэг энд таны хайсан бүх юм бий. 

Хэрхэн очих вэ: Нисэх буудлаас хурдны галт тэргэнд суугаад Tsing Yi хэмээх буудал дээр буугаарай. Нэг талдаа ойролцоогоор 35 минут болно.

Сануулахад Хонг Конг дахь худалдааны төвүүд ихэвчлэн 10:30 – 22:00 цагийн хооронд ажилладаг.

BIG BUDDHA

Хэрэв таны дараагийн нислэг зургаан цагийн дараа бол та Хонг Конг дахь жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг газар болох аварга Буддагийн цогцолборыг зориорой. Тус хөшөө нь 34 метрийн өндөртэй ба дэлхийн хамгийн том хүрлээр хийгдсэн Буддагийн хөшөөнд тооцогддог. Хөшөө нь Лантау хэмээх аралд байрладаг тул хөшөөний өндөрлөг хэсгээс та тус арлын байгалийн үзэсгэлэн, Өмнөд Хятадын тэнгис зэргийг ажиглах боломжтой.

Хэрхэн очих вэ: Нисэх буудлаас N64 дугаартай автобусанд суугаад Tung Chu буудал дээр бууна. Эндээс 25 минутын турш агаарын дүүжин машинаар Өмнөд Хятадын тэнгис дээгүүр зургаан километр гаруй замыг туулаад 500 метр алхалт хийсний дараа аварга Буддагийн цогцолборт хүрэх нэг сонголт бий. Дүүжин машинаар явахад нэг талдаа ойролцоогоор 94 Хонг Конг доллар байдаг. Эсвэл та онгоцны буудлаас таксигаар шууд Буддагийн цогцолбор луу очиж болно.

VICTORIA PEAK

Дараагийн нислэг тань найман цагийн дараа бол та Хонг Конгийн хамгийн өндөр цэг буюу 552 метрийн өндөрт байрлах Викториа уулыг зориорой. Энд та тусгай байгууламжаас Хонг Конг хотыг бүхэлд нь тольдох боломжтой. 

Хэрхэн очих вэ: Нисэх буудлаас N21 дугаартай автобусанд суугаад Tsim Sha Tsui буудал дээр бууна. Эндээс 15 дугаартай автобусанд суугаад шууд уулан дээр очно. Эсвэл 15C дугаартай автобусанд Tsim Sha Tsui буудлаас суугаад Garden Road Peak Tram буудал дээр бууна. Эндээс та 120 жилийн настай трамбай унаж цамхаг руу явбал илүү сонирхолтой байх болно. Мөн нисэх буудлаас таксигаар шууд уул руу очиж болно. 

DISNEYLAND

Наймаас дээш цагаар дараагийн нислэгээ хүлээх бол та Хонг Конгийн Диснэйлэндээр зочлоорой. Дэлхийн тав дахь Диснелэнд нь 22.5 га газар талбайг хамардаг бөгөөд транзит зорчигчдод зориулсан тусгай урамшуулал санал болгодог. Бусад Диснейлэндийн адил үндсэн зургаан хэсгээс бүрдэх ба насанд хүрэгчдийн нэвтрэх үнэ нь 499 Хонг Конг доллар байдаг. 

Та очихоосоо өмнө Диснейлэндийн гар утасны аппликейшнийг татаж аваарай. Үнэгүй интертнеттэй тул ашиглахад асуудалгүй ба тоглолт, парадын хуваарь, газрын зураг зэргийг харж алтан цагаа хэмнэх боломжтой.  

Хэрхэн очих вэ: Хамгийн тохиромжтой сонголт бол таксидах. Нисэх буудлаас таксидахад 100-110 Хонг Конг доллар болно. Мөн метронд суугаад Tsing Yu буудал дээр буугаад улбар шар шугамын метронд суугаад Sunny Bay буудал дээр буугаад мики маусаар чимсэн цонхтой метронд суугаад үүдэнд нь очно. Ойролцоогоор 84 Хонг Конг доллар болно.

Эцэст нь хэлэхэд Хонг Конгоор дамжин нислэг хийх бол нислэгийн хугацаа хол тусам танд ашигтай. Дээр дурдсан газруудаас гадна та Хонг Конгийн үзэсгэлэнт далайн эрэгт тухлан, наранд биеэ шарж, усан спортоор хичээллэх боломжтой. Мөн та Хонг Конгоос Дорнын Лас Вегас хэмээн алдаршсан Макао хот руу 50 минут усан онгоцоор яваад хүрэх боломжтой. 

Хэрэв та шөнийн цагаар нислэг хүлээх бол дараах нисэх буудалтай хамгийн ойрхон зочид буудлуудад тухлаарай.

Regal airport hotel: Tерминал 1-тэй гүүрээр холбогдсон ба хоёр минут явж хүрнэ. Мөн үнэгүй автобусаар явж болно. Өдрийн цагаар буюу 9:00 – 21:00 цагийн хооронд өрөө захиалах боломжтой. Өрөө захиалах бол ЭНД дарна уу.

Novotel Hotel Citygate: Тус зочид буудал руу B16 дугаарын зогсоолоос үнэгүй автобус 15 минут тутамд явах ба нисэх буудлаас таван минутын зайтай. Өрөө захиалах бол ЭНД дарна уу.

Sky City Marriott: Нисэх буудлаас үнэгүй автобус 20 минутын зайтай явах ба таван минутын зайтай. Өрөө захиалах бол ЭНД дарна уу.

Та аян замдаа сайн яваарай.