Шереметьево нисэх буудлын ойролцоо хэрхэн сонирхолтой аялал хийх вэ?

Шереметьево нисэх буудлын ойролцоо хэрхэн сонирхолтой аялал хийх вэ?

Feb.22.2017

Москва хотоос 29 кмийн зайтай оршдог Шереметьево нисэх буудал нь C, D, E, F хэмээх дөрвөн үндсэн терминалтай. Терминал D, E, F нь хоорондоо явган хүний замаар холбогдсон ба Терминал С рүү үнэгүй автобусаар зорчих боломжтой.

Тус нисэх буудлын үнэгүй интернетийг зөвхөн Орос гар утасны дугаартай бол ашиглаж болно. Харин та интернеттэй кафе юмуу лонжын ойролцоо очоод үнэгүй интернетийг нь ашиглаарай.

Сануулахад Орос, Монгол улс долоон цагийн зөрүүтэй ба та Улаанбаатар хотоос 6 цаг орчим нисч Шереметьево нисэх буудал газардана. Мөн Монгол улсын иргэн 30 хүртэлх хоногийн хугацаанд тус улс руу визгүй зорчдог.

Бусад орны томоохон нисэх буудлуудын адил тус нисэх буудалд хүүхэд асаргааны өрөө, тээш хадгалах газар, үндэсний болон олон үндэсний ресторанууд, өргөн сонголт бүхий дэлгүүр зэрэг олон төрлийн үйлчилгээ бий.

1. УЛААН ТАЛБАЙ

Та нисэх буудлаас гарч Москва хотоор зугаалах бол алдарт Улаан талбайг зориорой. Энэ нь XV-р зууны үеийн Кремлийн хана, 1552 онд догшин Иван хааны зарлигаар баригдсан үнэн алдартны шашны Гэгээн Василийн сүм, 1882 онд босгосон Москва хотын анхны баримал болох Пожарскийн хөшөө болон Лениний бунхан, Кремлийн ордон зэргээр хүрээлэгдсэн талбай юм. Мөн талбайн зүүн талд байрлах ГУМ (Государственный универсальный магазин) буюу Улсын их дэлгүүрээр зочилж болно.

Замын түгжрэл ихтэй тул Aeroexpress хэмээх хурдны галт тэрэг ашиглахыг зөвлөх байна. Эндхийн метро 5:00 – 00:30 цагийн хооронд гучин минут тутамд зорчдог. Метрогоор Улаан талбайд хүрэхийн тулд улаан шугамны Охотный ряд, ногоон шугамны Театральная, хөх шугамны Площадь Революции гэсэн метро станц хүртэл явдаг. Эсвэл та Aeroexpress-н аппликейшнийг татаж аваад очих газраа оруулж хэрхэн хүрэх хялбар зааврыг хараарай.

2. МЕТРО АЯЛАЛ

Улаан талбайг үзсэний дараа та түүхэн метроны буудлын аялалд хамрагдаж болно. ЗХУ-ын үед баригдаж байсан эдгээр таван буудлын дотоод засал нь музейнээс огт дутахгүй бөгөөд Англи хэлтэй хөтөч танд тус бүрийн түүхийг ярьж өгөх болно. Энэ аялал нь 1.5 цагийн турш үргэлжлэх ба ЭНД дарж урьдчилан захиална уу.

3. НИСЭХ БУУДЛЫН МУЗЕЙ 

Терминал F-д тус нисэх буудлын түүхийн музей байрлах ба Даваа – Пүрэв гарагуудад 9:00 – 18:00, Баасан гарагт 9:00 – 16:00 цаг хүртэлж ажиллаж,  Бямба, Ням гарагуудад амарна. Энд 1958 оноос хойшхи Шереметьево нисэх буудлын түүхийг агуулсан 300 гаруй үзмэр бий. Мөн та музейн цонхоор нислэгийн талбайг ажиглах боломжтой.

4. ШҮРШҮҮР 

Шүршүүрт орж сэргэхийг хүсвэл терминал D- г зориорой. Та 370 рубль (өнөөдрийн ханшаар 16 мянган төгрөг төлөөд) 30 минут шүршүүрт орох боломжтой. Өдөр бүр 9:00 – 21:00 цагийн хооронд ажиллана.

5. ХРИСТИЙН СҮМ

Хэдий та шүтлэггүй ч гэсэн Шереметьево нисэх буудалд байрлах хоёр шүтээн, нэг сүмээр заавал ороод гараарай. Нам гүм орчноос нь гадна, дотоод засал чимэглэл нь танд гарцаагүй таалагдах болно.

Cathedral of the Resurrection of ChristТерминал F-д байрлах ба өдөр бүр 8:00 - 20:00 цагийн хооронд ажиллана.

Chapel of Nicholas the Miracle Worker - Терминал E-н хоёрдугаар давхарт байрлах ба өдөр бүр 8:00 - 18:00 цагийн хооронд ажиллана.

Orthodox Chapel Built in Honour of Michael the Archangel and other Incorporeal Powers - Терминал С-н гуравдугаар давхарт байрлах ба өдөр бүр 8:00 - 20:00 цагийн хооронд ажиллана.

Харин Шереметьево нисэх буудалд унтахад маш тухгүй. Учир нь ихэнх сандал нь бугуйн тавиур ч үгүй байдаг. Хэрэв та хүйтэн шалан дээр шөнийг өнггөрөөхийг хүсэхгүй  байгаа бол танд тус нисэх буудлын ойролцоо ба дотор байрладаг зочид буудлуудыг санал болгоё.

Hotel V Express – Терминал D болон Е-н хооронд байрлах энэ зочид буудалд та багадаа дөрвөн цаг саатах боломжтой. Капсул зочид буудал учир өрөө нь жижигхэн боловч дотроо телевиз, шүршүүр, 00-н өрөөтэй. Цонхгүй өрөө захиавал илүү хямд тусахыг анхаараарай.

Radisson Blu Hotel: Тус зочид буудал нь Терминал D, E, F –н дундах гуравдугаар давхарт байрлана. ЭНД дарж өрөөгөө захиална уу.

Sky Point Hotel: Тус зочид буудал руу Терминал D, E, F-с 15 минут тутамд зорчдог үнэгүй автобусанд суугаад 5 минут яваад хүрнэ. Нийт 225 өрөөний сонголттой ба өдрөөр өрөө захиалах боломжтой. ЭНД дарж өрөөгөө захиална уу.

Sheraton Moscow Sheremetyevo Airport Hotel: Нисэх буудлын Терминал D, E, F-с 24 цагийн турш зорчдог үнэгүй автобусаар таван минут яваад хүрнэ. ЭНД дарж өрөөгөө захиална уу.

Та аян замдаа сайн яваарай.