3-р сард хаашаа аялах вэ?

3-р сард хаашаа аялах вэ?

Mar.09.2020

Стресс бууруулагч хүчин зүйлсийн дотор хамгийн үр нөлөө өндөртэй буюу стресс бухимдлыг 90% бууруулж чаддаг зүйл бол аялан зугаацах гэнэ. Хүний оюун санаа хана хэрэмд хязгаарлагдашгүй агуу уудам байдаг учир дассан сурсан орчноосоо гарч, өөр газар орон үзэх нь хамгийн их сэтгэл уужруулдаг зүйл ажээ.

Хүн бүхэн аюулт вирусын халдвартай тэмцэх, сэргийлэхийн төлөө чармайж байгаа үед юун аялал жуулчлалын тухай ярих хэмээн ундууцах нэгэн байж мэднэ. Гэвч аливаа сөрөг зүйлд ч эерэг үр дүн заавал байдгийн адилаар аялан жуулчлах хүсэлтэй хүмүүст энэ цаг үе бас өмнө байгаагүй боломжуудыг олгож байна. Мэдээж аюулгүй байдал ямар ч үед нэг дугаарт чухал учир тэр тухай зөвлөмжийг ч оруулах болно.

Энэ зураг бол 2020 оны 3-р сарын 4-нд Египетийн пирамид үзэж сонирхсон нэгэн аавын хүүтэйгээ авахуулсан зураг. Жирийн үед та пирамид үзэхээр ирвэл хөл гишгэх зайгүй хүн үймэлдэж, аятайхан зураг татуулах булан ч олдохгүй бужигналдах бий вий. Харин одоо яг кинонд гардаг шиг эртний түүхийн энэ гайхамшиг өөр хэн ч үгүй, зөвхөн таны өмнө нууцаа дэлгэх адил сүндэрлэн байгаа нь энэ. Вирусын тархалтаас болж, аяллууд цуцлагдсан тул ёстой зорьж ирсэн зоригт нэг нь ийм тансаглал эдлэх болсон хэрэг.

Хаа нэг тийшээ аялахаар мөнгөө хураан, төлөвлөгөө гаргаж байсан хүмүүсийн хувьд дуулгах таатай мэдээлэл нь энэ вирусын цохилтод өртөж амжаагүй, жуулчдын олноор зорьдог газрууд байгаа юм. Өмнөх нийтлэлд дэлгэрэнгүй дурдсан бидний олноор дурдсан Турк улс гэхэд “корона”-гүй аялал жуулчлалын бүс хэвээр байгаа. Мэдээж хэрэг аялал жуулчлалын компаниуд, зочид буудлууд бүгд энэ хүнд цаг үед үйлчлүүлэгчдээ татахын тулд нэмэлт урамшуулал, хөнгөлөлт зэрэг таатай боломжууд амлаж байгааг анхаарахгүй орхихын аргагүй.

Ингээд “корона”-гүй аяллын маршрут хаашаа гаргаж болох тухай мэдээлэл хүргэе. Амралтаа өнгөрүүлэх хамгийн романтик газар гэдгээрээ алдартай Мальдив аюулгүй газрын тоонд багтаж чаджээ. Далайн төвшнөөс дээш ганц хоёрхон метрт байдаг энэ арал номин цэнхэр ус, нүд гялбам цагаан элс, далайн усан дунд байрласан амралтын газруудаараа алдартай. 1190 арлаас бүтдэг, тэдгээрийнх нь гуравны нэгт нь хүн оршин суудаггүй, энэ газар далай тэнгисийн хамаг үзэсгэлэн гоог өөртөө шингээжээ. Бүлээн зөөлөн урсгалтай усанд нь далай тэнгисийн амьтад зүйл зүйлээрээ оршино. Усан доогуур шумбах дуртай хүмүүс яг ийшээ л ирж үзвэл зохилтой.

Далайн дундах хамгийн нам тайван, үзэсгэлэнтэй арлууд энд бий. Усан дор урган амилсан шүрэн арлуудыг шилэн ёроолтой завинд суун үзэх ч бай, жижиг модон завиар зүүрмэглэх зуур залхуутайхан хөвөөд явсан ч бай, ер нь энд л ирчихвэл хаана, юу ч хийсэн сэтгэл дундуур байна гэж хэзээ ч байхгүй. Айдасгүй, амар тайван орчин, угаас хүнд үгүйлэгдэн байдаг эрх чөлөө, байгаль эхийн зөөлөн тэврэлт, тэнгисийн мандалд алгуурхан шингэж, тэндээсээ ургах асар том нар, үдэш далайн эргийн зөөлөн сэвшээ салхинд дээрээс тонгойн үлгэр шивнэх мэт мөнгөн сар. Ер нь мөрөөдөл бүхэн энд биелдэг гэхэд хилсдэхээргүй, тийм л сайхан.

3-р сард Мальдив явах нь тохиромжтой. Учир нь 12-р сараас 4-р сар хүртэл энд бороо хур багатай, хуурай улирал тохиодог. Энэ үед ч мөн хамгийн олон хүн ийшээ зорьдог. Мэдээж далайн шуурга, аадар бороонд ганц олдсон амралтаа өнгөрүүлэх дуртай хэн байх билээ. Далайн ус шуургагүй, бороогүй энэ үедээ л хамгийн тунгалаг, хамаг гайхамшгаа өмнө үзмэр мэт дэлгэн тавьсан байдаг.

Мальдивын бас нэг алдартай зүйл нь энд шинээр байгуулагдсан гайхалтай зочид буудлууд. Шангри-Ла Виллингли буудалд буувал 9 нүхтэй гольфын талбайд зугаацаж болно. Soneva Javi-д усан цөөрөм рүү гулсуураар бууж наадах газар бий. Хувийн усан сантай, тусгайлан зөвхөн танд үйлчлэх бойдаатай, онгоцоор яваад, хурдан завиар л хүрдэг хувийн хаус бүхий тансаг амралтууд ч бий.

Ийшээ хүмүүсийн үзэхээр зорьдог өөр нэг зүйл нь усан доорх зоогийн газар юм. 2005 онд энд дэлхийн хамгийн анхны зөвхөн шилээр хүрээлэгдсэн, усан доорх зоогийн газар Ithaa байгуулагджээ. Ердөө 14 хүний суудалтай, тусгай, тансаг мэдрэмж төрүүлэх энэ газар тэнгисийн уснаас барьж болох бүхнээр гайхалтай зоог бэлтгэн барьдаг. Харин үүний тулд та Conrad Rangali зочид буудалд байрлан, урьдчилан захиалга өгөх ёстой.

Тэнгисийн цэнхэр ус, хадат арлуудын гайхамшгийг мэдрэх өөр нэг газар бол Кипр. Мэдээж энд вирус байхгүй. Афродитагийн өлгий нутаг, гурван тивийн уулзвар Кипр бол хэдэн зууны турш хүний сэтгэлийг татсаар ирсэн газар. Сайхан бүсгүйн нүд мэт цэв цэнхэр тэнгисийн эрэгт амтат дарс шимж сууна гээд төсөөл дөө.

Европ тивд хамгийн их жуулчид зүглэдэг газар болох Кипр аядуу сайхан цаг агаартай, баялаг түүх, бахдам соёлтой. Энгийн даруухан байшингаас эзэн хааны мэт тансаг буудлууд, найрсаг уур амьсгалтай тосгоны уушийн газраас хамгийн өндөр зэрэглэлийн зоогийн газрууд, тэнгисийн эргийн резортуудаас хүний хөл хүрээгүй мэт хязгааргүй уудам уул нуруу гээд Киприйн сонин сайхан нь ямар ч хүний сонирхолд нийцэхүйц элдэв сонин дүүрэн. Грек, Турк гаралтай нутгийн иргэд нь ч зочломтгой зангаараа алдартай.

Өдөр нь үзэж харах, хийх зүйлсийг алгасаад үдэш нь алжаалаа хэрхэн тайлах тухай шивнэе. Оройн салхи тогтсон намуун цагаар далайн эргийн элсэн дээр, далдуу моддын доорх ил уушийн газар сар, тэнгис, оддыг хамтад нь шинжингээ хатуу архи, зөөлөн дарс, коктэйл шимж, шарсан загас, төмс, пиццагаар даруулж сууна.

Нээрээ яагаад 3-р сард чухам Кипр явах ёстой гэхээр 3-р сарын сүүлээр Киприйн Полеми тосгонд алтанзул цэцгийн баяр болдог. Ойрхи Дорнод, Кипрт элбэг ургадаг улаан алтанзул талбай дүүрэн найгахыг харъя гэвэл 3-р сарын 29-нд тосгоны соёлын төвд очиж болох нь. Дэлбээгээ нээж байгаа алтанзул цэцгийн гайхам үзэмжийг сонирхонгоо ардын дуу бүжгийн ая хэмнэлийг таашаах боломж гэнэм.

“Корона”-д өртөлгүй аялж болох газрын жагсаалтууд мэдээж цаашаа хөвөрнө. Барбадос, Болгар, Куба, Мальт, Монтонегро, Мъанямар, Ибиза гээд жуулчдын очих дуртай газрууд вируст өртөөгүй хэвээр байна.

Айдас, түгшүүрт автсан энэ цагт мэдээж аялахад аюулгүй байж чадах уу гэдэг асуулт хамгийн түрүүнд тавигдана. Аяллын хөлөг онгоцон дээр халдвар тархсан, онгоцны буудлын ажилтан, онгоцны бүхээгийн ажилтанд халдсан гэх мэдээллүүд их тархаж байгаа тул хэн ч санаа зовних нь зүй. Аяллын үеэр анхаарах зүйлсийг ДЭМБ-аас ийнхүү зөвлөж байна.

Аялалд гарахын өмнө, хэрэв бага насны хүүхэд, настай хүн, бие давхар, эсвэл бие султай хүмүүстэй яваа бол биеийн байдлыг нь нарийн шинжлүүлэх хэрэгтэй. Ялангуяа архаг хууч өвчтэй хүнийг нэн онцгой анхаарах нь зүйтэй.

Очих газрынхаа тухай, ялангуяа дамжин өнгөрөх газруудын талаар сайтар уншиж судлаарай. Учир нь вирусын тархалтаас хамааран мэдээлэл цаг хором тутамд өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа. Халдварт өвчнөөс сэргийлэх тухай зөвлөмж, очсон орондоо эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн авах тухай сайтар мэдлэгтэй болох хэрэгтэй.

Ялангуяа аяллын даатгал, эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамрагдаж, үүнд ямар ямар үйлчилгээ багтаж байгаа, корона вирустай холбоотой үүнд нэмэлт өөрчлөлт оруулах зүйлс байвал хүсэлт гаргаж, шаардлага тавиарай.

Мөн аяллын тань явцад вирусын тархалтаас улбаалсан гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүйг ч дотроо санаж явсан нь дээр. Аялж байх зуураа өөрсдийгөө хамгаалж, хувийн ариун цэврийг чандлан сахих хэрэгтэй. Гараа тогтмол савантай усаар угааж, нүд ам, нүүрэндээ гараа хүргэхгүй байх, ариутгах, ам хамраа таглаж ханиаж найтаах, боломжийн хэрээр хүмүүсээс зайтай явах, биеийн байдлаа үргэлж хянаж байх гэсэн нийтлэг зөвлөмжүүд үүнд багтжээ. Манай орны иргэдийн хувьд эдгээр зүйлсийг тогтмол дагаж мөрдөж нэгэнт хэвшсэн нь давуу тал болох буйзаа.

Биеийн дархлаа сайн байх нь эн тэргүүний чухал учир аяллын үед хэт ядралгүй нойроо сайн авч, архи, тамхи хэтрүүлж хэрэглэлгүй, сэтгэл өөдрөг байхыг хичээхийг мөн зөвлөжээ. Очсон газар орныхоо хоол ундыг сайтар болгож хэрэглэх, мал амьтанд хүрэхгүй байхыг хичээхийг бас бүү мартаарай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас аялал жуулчлалд тавьсан хориг үгүй байгаа бөгөөд аяллын үеэр дагаж мөрдөх журам, анхааруулгыг хэрэгжүүлэн анхаарал болгоомжтой аялахыг уриалж байгаа юм. Шинэ ертөнц өөртөө нээхийг хүсэгч жинхэнэ аялагчдадаа амжилт хүсье.