Нэг хөл Азид, Нөгөө хөл Европт

Нэг хөл Азид, Нөгөө хөл Европт

Feb.10.2020

Өрнө дорны жинхэнэ хосолмол соёлтой, өөрийн гэсэн дахин давтагдашгүй гайхамшигт өнгө төрх бүхий Турк орны тухай өгүүлэх зүйл арвин билээ. Ази, Европ, Африк гурван тивийг зургаан зууны турш дамнан суусан агуу Оттоманы эзэнт гүрний үргэлжлэл, газар дундын тэнгис, Балканы хойг, Кавказын уулс, Ойрхи дорнод гээд олон өнгийн үндэстэн ястны нутаг бол Турк.

Цавчим өндөр уулсын сүр бараа, цагаан элсийг эмжих адил долгилох цэв цэнхэр тэнгис, хэзээ нэгэн цагт амилахаа хүлээх тэнгисийн сахиулууд мэт сүрлэг хадан цохионууд, агуу уужим хөндийнүүд, дэлхий ээжийн нүд болсон үзэсгэлэнт нуурууд, нүд баясам ногоон ой, өнгийн  цэцэгс гээд хүний үзэж болох байгалийн бүхий л үзэсгэлэнг энд харж болно. Ийм баялаг үзэмжтэй болохоороо 43 үндэсний парк, байгалийн үзэсгэлэнт газрын тоо  нь 300 гаруй. 10,000 орчим ургамлын зүйл, 80,000 гаруй амьтны зүйлтэй, биологийн төрөл зүйл нь баялаг гэдгээрээ алдартай, цэцгэнд дурлагсдын зорьж очдог газар байх нь аргагүй.

Хамгийн эртнээс хүн суурьшиж, анх хүний гараар баригдсан барилга байгууламж үүсэж байсан нутаг болох Анатолийн хойгт одоогийн Туркийн дийлэнх хэсэг оршдог. Эртний ассир, грекийн соёл иргэншил энд үүссэн. Энэ өнө эртний баялаг түүхийн улбаа өнөөгийн Турк улсад “1001 шөнийн үлгэр” лугаа тансаг соёл болон шингэсэн юм. Иймээс Туркт хүн энэ яваа насандаа заавал очиж үзвэл зохилтой гэж ярьцгаадаг.

Хэдий Ази, Европын аль алиных нь нөлөө шингэсэн гэж хэлж болох ч үнэндээ Турк бол зөвхөн өөрөөрөө нэрлэгдэх гоц соёлыг бүтээж чадсаныг очиж үзсэн хэн ч дуу нэгтэй батална. Жижиг жүнзэнд улаан өнгөтэй анхилам цай аягалан ууж, ертөнцийн бүх өнгө алагласан гэмээр өвөрмөц зах дундуур нь алхаж, хүнхэр адартай, гантиг чулуун шигтгэмэл ханатай сүмийн сэрүүн агаарыг мэдрэхүй эгээ л Аладины шидэт хивсэн дээр суугаад цаг хугацаагаар аялж буй мэт санагдах нь лавтай. Учир нь Туркийн уран барилгад эртний Визант, Арабын уран барилгын хэв маяг шингэж, Оттоманы эзэнт гүрний үед хөгжил нь оргилдоо хүрч, өөрийн хэв шинжээ олжээ.

Энэ бүхнийг үзэх монгол хүнд ердөө ч хол биш. 30 хоногийн хугацаанд виз шаардахгүй, бас шууд нислэгтэй. Зургаахан цаг нисээд л таны өмнө дэлхий нийтээрээ очих гэж зорьдог газруудаас эхний зургаад багтдаг энэ гайхалтай орны үүд нээгдэнэ. “Сезам онгой” гэж хэлмэгц Европын урлагийн сор цугларсан Истанбул таны өлмий дор илхэн харагдана.

Туркт ирээд хаана буудаллах вэ гэж гайхшрах хэрэггүй. Газар дундын тэнгисийн эрэгт сүндэрлэх Анталъяа хотод далайн эрэг дагуу Туркийн хамгийн том олон улсын резортууд бий. Эндэхийн үзэмж сайхныг ярих юм биш. Тийм ч учраас 2014 онд 12.5 сая жуулчин хүлээн авсан гэсэн. All-inclusive буюу бүх үйлчилгээ нь үнэндээ багтсан амралтын газрууд буюу резортод байрлаад, өглөө, өдөр, орой үнэгүй зоог барьж, амралтын газрын зугаа цэнгэлийн үйл ажиллагаанд хамрагдаж, далайн эрэгт алтан шаргал элсэн дээр наранд биеэ ээсэн шиг хэвтэж болно. Резортуудад нь ёстой хүний хэрэгцээ цөм бүрэн. Амралтын газраасаа гарахгүй байсаар явахад ч гомдохооргүй үйлчилгээг үзүүлдэг. Үнэ нь ч боломжийн.

Туркийн сэтгэл татам чанарын тэргүүнд ордог зүйл нь хоол яах аргагүй мөн. Өвөрмөц соёлтой оронд очоод хоол унданд нь дасахгүй байх вий гэж зовдог бол Турк ямар ч орны хүнд таалагдахуйц идээ умдааны соёлтой улс. Туркийн бүс нутаг бүр өөрийн хоолны онцлог уламжлалтай учир энд төрөл бүрийн хоол идэж болно. Мах ихтэй хоолонд дуртай монгол хүнд яг таарна гэхэд хилсдэхгүй.

Өрнөдийн маягийн Эгийн тэнгис хавиас гаралтай Турк хоолонд Оттоманы эзэнт гүрний соёлоос гадна Грек хоолны чанар шингэсэн байдаг. Хамгийн түгээмэл танигдсан кебабаас эхлээд шарсан, хуурсан, жигнэсэн хонь, үхэр, тахианы махтай хоол зоог арвин, халуун ногоо бараг хэрэглэдэггүй, бидний идэх дуртай мах гурилтай хоол ч олон. Мэдээж тэнгистэй ойр учир далайн хүнсэнд дуртай бол ханатлаа зооглож болно. Нарийн боов, амттаны тухай ч дурдахгүй өнгөрч болохгүй. Туркийн алимны амттай үндэсний цай, амтат кофе маш их алдартай.

Туркийн дэлхийд нэртэй бас нэг зүйл нь “Хамам” буюу Турк халуун усны газар. Үнэндээ халуун усны газар гэдэг нэр тийм ч оновчтой биш. Модон доторлогоотой жижиг өрөөнд халуун ууранд суух төдийхнөөр төсөөлвөл бүр ч биш. Эртний үед эзэн хаад, язгууртнууд эдэлдэг байсан энэ эрх ямбыг эдүгээ хүссэн хэн ч таашаах боломжтой болжээ. Хамамд ороод ирмэгц хааны ордонд ирсэн мэт л сэтгэгдэл төрүүлэхүйц орчин угтана. Уламжлалт маягийн Хамамд тусгай үйлчлэгч таны биеийг угааж, массаж хийх бүрэн үйлчилгээ үзүүлдэг. Өөр хаана ч үзэх боломжгүй өвөрмөц мэдрэмж, амьдралдаа хийж үзэх зүйлсийн нэг яриангүй мөн л дөө.

Идэж ууж, халуун усанд орж алжаалаа тайлж, усан бассейнд дураараа умбаж, наран шарлагын газар борлотлоо тухалсан бол одоо жинхэнэ Туркийг үзэх цаг боллоо. Дэлхийн хамгийн том, хамгийн эртний жинхэнэ базаар буюу зах энд л бий. Истанбулын Гранд Базаар гэхэд 1455 онд Оттоман Константинополийг эзэлсний дараахан байгуулагдсан түүхтэй. Эдүгээ 61 гудамж дамнан байрладаг, 3,000 гаруй дэлгүүртэй 30 мянга гаруй мкв энэ захад нохойн битүү туурай, ногоон хурганы арьс ч аягүй бол бий биз. Үлгэрийн мэт өнгөт дэнлүүнүүд өдрийн од мэт асаж, эртний гар урлалын түүх болох турк хивс, нэхмэл эд, бөс бараа нүд эрээлжлэм алаглаж, хараа булаана.

Хот дунд байх хуучны чулуун хаалгаар яваад ормогц хүн зон холхисон урт хонгилын хоёр талаараа эгнэсэн зах дэлгүүрүүд угтана. Хоол хүнс, эд бараа, элдэв зүйл эрж хайсан толгойдоо алчуур зангидсан турк хүүхнүүд, олон хэлийн жуулчид эргэцэж, бавгар сахалтай турк залуус дэлгүүрийнхээ үүдэнд зогсон үйлчлүүлэгч хараална. Энд элдвийн амттан, хоол зуушийг ёстой ардын маягаар нь амталж идэх алтан боломж тохиодгийг заавал дурсах хэрэгтэй.

Нэгэнт зах дэлгүүрийн тухай ярьсных, дэлгүүр хэсэх дуртай хүнд жинхэнэ диваажин шүү. Хоолны урлагт дурладаг бол Египт халуун ногооны зах орж болно. Жимсний чанамал, хатаасан жимс, халуун ногоо, цай, кофе, самар гээд эрээд олддоггүй эд энд цөм бий. Истанбулын гар урлалын төв орвол төрөл бүрийн сувинер янз янзаас нь шилээд авч болно. Эртний эдлэл ч эндээс олдоно. Гараар нэхсэн хивс, гар урлалын зүйлс, хамгийн чамин эд Измирийн зах ороход дүүрэн бий. Үүний хажуугаар орчин үеийн том том худалдааны төвүүд байх нь мэдээж. Брэндийн бараанууд нь чанартай, үнэ нь ч аятайхан.

Туркийг зорьсон хэн бүхний мэддэг, очихыг хүсдэг бас нэг газар нь Cappadocia хэмээх Туркийн уулан дунд байх нэгэн газар. Энд түүхэн дурсгалт агуйнууд үзэх, хамгийн гол нь агаарын бөмбөлгөөр нисэх гэж жуулчид зорин ирдэг. Хосуудын хувьд очиж зургаа авахуулах ёстой романтик газар гэнэлээ.

Шовх үзүүртэй нүцгэн улаан уулс бүхий хөндийд нар жаргахыг харах энэ насандаа мэлмийгээ баясгах нэгэн тансаглал гэнэм. Тэгээд нар мандахтай зэрэгцэн зуун агаарын бөмбөлөг зэрэг хөөрч үлгэрийн мэт үзэсгэлэн гоог мэдрүүлдэг гэсэн. Үүнийг л харах гэж, хийж үзэх гэж жилд хагас сая хүн ийшээ ирдэг. Хэрэв хайртай хүнтэйгээ цуг ирвэл энд хосуудад зориулсан үзэх харах, хийх зүйлс мундахгүй. Ууланд авирах, музей үзэх, зөвхөн хайртай хосууд очиж нар жаргахыг хардаг газар гээд дурдаад байвал дуусахгүй.

Ингээд зугаацаж наргиж дуусаад цаг гарвал археологийн дурсгалт газрууд, хот балгадын туурь, түүхийг ном мэт дэлгэн тавьсан музей, байгалийн үзэсгэлэнт газрууд, лал, христийн шашны соёлын үнэт өв болох сүмүүд гээд тархи оюунаа баясгах, хүүхэд залууст түүхийн хичээл өнгөтөөр нь орж болох газрууд тоймгүй олон бий. Зарим газар аялахад их л сүржин нэрлэсэн даржин үзмэр төдий зүйлс байдаг бол Туркт бусдад үзүүлж харуулах өв соёл нь багтаж ядаж байдаг гэхэд болно. Өөрийнхөө ертөнцийг тэлэх хамгийн шилдэг арга ийм учраас л аялал байдаг шүү дээ.

Туркийн хамгийн онцлууштай нь энд Ази  Европтой, эртний түүх хөгжил дэвшилтэй, хүний гараар бүтсэн гайхамшгууд байгаль эхийн гоо үзэсгэлэнтэй зэрэгцэн оршдог. Иймээс ямар ч хүсэл сонирхолтой хүний санаанд эрхгүй нийцэх нь тэр. Нэг нь ногоон моддын дунд зугаалж, далайн усанд булхаж байхад нөгөө нь өндөр уулсын дунд цана чаргаар гулгаж болно. Нэг нь эртний зах, сүм хийд, барилга байгууламж үзэж байхад нөгөө нь орчин үеийн дэлгүүр хэсэж, парк хүрээлэнд тоглож наадаж болно. Нэг нь махтай хоолоо зооглох гэхэд нөгөө нь загас жараахай хүртэж болно. Цай уух нь түүнээ шимж байхад хажууд нь зэрэгцээд кофе балгаж болно. Газар доорх хотыг гайхан бишрэх нэгэн байхад дээгүүр нь зэрэгцээд агаарын бөмбөлгөөр хөөрч ч болдог. Ингээд дурсаад байвад дуусахгүй урт жагсаалт хөврүүлж ч болно. Энэ бүхний учир аялагч таны жагсаалтад заавал байх ёстой газраар Турк орныг нэрлэж байгаа юм. Энд өчигдөр, өнөөдөр, маргааш хамтдаа байна...