Энэтхэг улс- Нэю Дэли хот

Энэтхэг улс- Нэю Дэли хот

Feb.19.2019

Энэтхэг улс нь Монголчууд биднийг даруй 400 дахин нугалсан буюу 1 тэрбум 300 сая хүн амтай өнөр өтгөн улс юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 7 дугаарт ордог. Үндсэн хуулинд нь 7 шашин,18 хэлийг хүлээн зөвшөөрч тунхагласан. Энэтхэгийн ард түмэн олон арван үндэстэн ястантай, өөр хоорондоо 200 орчим хэлээр ярих бөгөөд бүх л арьстны төлөөлөл бий гэлцдэг юм байна. Төрийн хэл нь Хинди, албан ёсны хэл нь англи хэл байдаг юм байна.Зорчигчийг тосох танхимын шал нь нилдээ битүү хивс, тэгээд ямар ч зүйдэл залгаагүй үйлдвэрлэгдсэн нь сонирхол татаж байлаа. 2 сард Энэтхэг улсыг зорьсон бөгөөд Нисэх буудлаас гарахад биднийг утаа манантай, чийглэг хүйтэн агаар угтaв. Дели хот нь ой модон дотор нуугдсан үл мэдэгдэх ертөнц мэт санагдаж байлаа. Машины цонхоор ямар газар ирснээ мэдэх гэж хичээнгүйлэн харж явсан боловч манан дундаас юу ч олж харж чадахгүй байв.

 Зочид буудлын ажилчид нь их эелдэг найрсаг хүмүүс угтах бөгөөд гайхалтай нь энэ зочид буудалд нэг ч эмэгтэй ажилтан олж харсангүй. Хөтчийн маань хэлснээр энд эмэгтэйчүүд нь барилга дээр ажиллах юм уу аль эсхүл гэртээ хүүхэд гаргаад суудаг гэв. Буудал маань их цэвэрхэн гаднаа том цэцэрлэгт хүрээлэнтэй, орой салхилахад их тохиромжтой намуухан сайхан газар байлаа. Ер нь Дели хот их олон том цэцэрлэгт хүрээлэнтэй юм байна.

Хоолны хувьд  халуун ногоо ихтэй Энэтхэг хоолыг Монголчууд бид  идэж чадахааргүй санагдсан. Халуун ногоогүй гэж хэлээд байхад л халуун ногоотой хоол аваад  ирнэ. Энэтхэгийн ихэнх хоол нь олон төрлийн халуун ногоо ашигладаг бөгөөд айл өрх бүрийн гал тогоо нь тэдний хоол хийх арга техник, орцоороо ялгагддаг. Өдөр тутам хооллохдоо 2-3 төрлийн хоол хүнсэндээ хэрэглэдэг.Чатни, дали эсвэл будаа роти/ гамбир / дессерт г.м. Ихэнхдээ өөрсдөө ширмэн дээр хайрсан бингээ улаан өнгөтэй халуун ногоотой соусандаа дүрээд л гараараа бариад идчих юм. Энэтхэгийн хүн амын 70% нь цагаан хоолтон боловч  дэлгүүрүүдэд нь үхэр, хонь, ямаа, тахиа, гахайн мах элбэг байдаг. Хүнсний ногоонууд нь их амтлаг, олон төрлийн соорттой.

Эндхийн бүх бараа таваар, хүнсний бүтээгдэхүүн нь улсаас тогтоосон үнэтэй. Тухайн бараан дээрээ үнэ шивсэн кодтой бөгөөд худалдаачид тэр үнэн дээр ямар нэгэн хэмжээгээр үнэ нэмж зарах боломжгүй нь маш сонирхолтой санагдсан.

Дели хотын зам нь маш сайн, буруу гарын дүрэмтэй харин гэрлэн дохио цөөн. Замаар сүлжилдэн зорчих тээврийн хэрэгслүүдэд нь толь байхгүй, байгаа нэг нь толио хумьчихсан байх юм. Шаардлагатай тохиолдолд жолооч нар цонхоороо гараа гаргаад дохио өгөхөд л болно. Том машинуудаа өнгө өнгийн будгаар будаж, янз бүрийн чимэг зүүлт, цацаг зүүж гангалдаг юм байна. Энэтхэгийн авто машин үйлдвэрлэгч гол үйлдвэр нь Тата хэмээх алдартай үйлдвэр. Эндхийн машинуудын ихэнх нь газан хийгээр ажилладаг.

Хот дотор аялахад тусалсан ганц унаа бол Азийн орнуудад Түк Түк гэж нэрлэдэг Рэгша хэмээх 3 дугуйтай бүхээгтэй машин байлаа. Давуу тал нь зураг авахад амар хялбар, бас аялж байгаа бидэнд мөнгөө хэмнэхэд тустай үнэ хямд унаа байсан. Замд яваа машин тэргийг харвал мөргөлдөж шүргэлцээгүй машин бараг байхгүй.

Мөн амьтанд их хайртай ард түмэн юм. Яс нь арьсаа цоолоод гараад ирэх вий гэмээр хэрзийсэн том ястай бөгтөр цагаан үхэр гудамжаараа чөлөөтэй алхална. Мөн тэднийгээ усаар угааж байгаа харагдана. Ямааныхаа хөлд хүртэл гоёмсог бугуйвч зүүсэн байх. Гоёмсог араб морьдыг тэргэнд хөллөж хурим найр, баяр цэнгэлд ашиглаж байгааг харж болно.

3 сард  Холи хэмээх будгийн баяр болдог юм байна. Энэ өдөр нэг нэгэндээ баяр хүргэж өнгө өнгийн будгаар бие биеэ шүршиж баярладаг уламжлалтай.

Номт 3 улсын нэгд зүй ёсоор тооцогддог энэ ариун дагшин бурхны орны нийслэл Дели хотыг өнгөц хараад дүгнэхэд ерөнхийдөө хог ихтэй бохир заваан байдалтай бөгөөд өндөр сайхан барилга ховор ихэнхдээ намхан барилгуудтай. Ихэнх байшингуудын дээд талд залгуулан шавраар оромж барьсан харагдана.Дели хотын гудамжинд архи ууж согтуурсан, тамхи татсан хүн ерөөсөө харсангүй.

Үндэстэн ястнаасаа шалтгаалаад ерөнхийдөө эрчүүд нь өндөр, хар бор царайтай хүмүүс санагдсан. Энэтхэгчүүд нь европ хувцас өмсөхөөс гадна ихэнх нь үндэсний хувцсаа өмсөж хэрэглэдэг юм байна. Эмэгтэйчүүд нь саари, салвар, камийз, курта. Эрэгтэйчүүд нь доти, лунги, курта өмсдөг байна.Энэ нь манайхны унтлагын хувцастай төстэй.  Энэтхэгчүүд хэдий халуун орны хүмүүс боловч бие барьсан хэт богино хувцсыг өмсдөггүй юм байна. Ихэвчлэн өвдөгнөөс доогуур урттай юбка,өмд,урт ханцуйтай цамц өмсдөг. Тэдний үндэсний хувцас нь цэвэр хөвөн даавуугаар хийгдсэн нимгэн хөнгөн байдаг тул биед маш эвтэйхэн, халуун бүсийн уур амьсгалд зохицсон байдаг байна. Ер нь энэтхэг хүмүүс эр эмгүй гоёж гангалах дуртай ард түмэн гэдэг нь илт мэдэгдэж байсан. Хэдий ядуу зүдүү ч гэсэн хөл гарынхаа бүх хуруунууд, хамартаа гоёмсог ээмэг зүүлт зүүсэн харагдана. Мөн эрчүүд нь хоёр хоёроороо гараа хөтлөлцөж явах үзэгдэл элбэг таарна.

Бум бужигнаж, түм түжгэнэсэн Дели хотод олны хөл үл тасрах Big market, central market, khan market, russa market, silknii Үashvant гэх мэт олон тооны том захуудтай.  Бараа таваар нь үнэ хямд,чанар сайтай. Алт,мөнгө,эрдэнийн чулуун эдлэл, булган болон арьсан шуба хямд үнэтэй. Тиймээс ч бусад орнуудаас энэ улсын экспортын барааг сонирхож очдог жуулчид их байдаг. 2,3 сар нь хямдралын сар учраас бүх бараа 50-90% хямдардаг. Энэтхэгт дэлхийд алдартай бүх брэндийн үйлдвэрүүд, дэлгүүрүүд байдаг.

Энэтхэг орон гэхээр хэн бүхний санаанд хамгийн түрүүнд мэдээж Таж Махал гэдэг үг орох байх. Мэдээж энэ агуу оронд дэлхийд алдартай түүх дурсгалын газрууд олонтой. Бидэнд, дэлхийн хамгийн өндөр элсэн чулуун цамхаг Кутаб Минар, олон шашины сүм гэгдэх Лотус темпл, нэр үл мэдэгдэх цэргийн дурсгалд зориулсан Индиа гейт, хинду шашинтнуудын шүтээний цогцолбор гэгдэх Агшардам, түүнчлэн дэлхийн долоон гайхамшгийн нэгд орох алдарт Таж Махал-ыг үзэх завшаан тохиолдсон юм. Түүнийг хэрхэн бүтээсэн,урлаж чимэглэснийг үгээр хэлэхийн аргагүй байлаа.

Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд/ Хайрын бунхан /их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ. Шах Жахан 22настай, Мумтаз Махал 20 настайдаа гэр бүл болж 14 хүүхэд төрүүлсэн байна. 1631 онд буюу 38 насандаа хатан нь 14 дэх хүүхэдээ төрүүлж өгөөд цус багадах өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.Хатан өөд болохоосоо өмнө надад зориулж сайхан бунхан бариулж өгөөрэй хэмээжээ. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Таж Махалын ерөнхий дизайнераар ажилласан гэдэг. Ингээд архитектурын ажил 1632 онд энэтхэгийн хойд хэсгийн Ямуна голыг эрэг дээр эхэлжээ.Бунханы гол материал нь цагаан гантиг чулуу бөгөөд доторх чимэглэлүүд нь олон янзын эрдэнийн чулуунуудыг хана,туурга, таазан дээр шигтгэж өгснөөс гадна жижиг хэсгүүдэд уран нарийн сийлбэр оруулсан байна. Дан ганц бунханаас гадна Ислам шашины мөргөлийн сүм байгуулсан байна. Энэ сүмд нь тухайн үеийн хаад ноёд ирж өдөрөөр амарч залбирч байгаад буцдаг байна. Ийнхүү нийтдээ энэ бүхнийг байгуулахын тулд 21 жил / 1632-1653 он /зарцуулсан бөгөөд 20,000 ажилчин, 1000 зааны хүч хөдөлмөрөөр уг гайхамшигт байгууламж бүтжээ. Таж Махалыг 1983 онд ЮНЕСКО –ын дэлхийн өвд бүртгэсэн байна.

Тэмдэглэл хөтөлсөн:   Г.Эрдэнэжаргал 

Нислэгийн тийз захиалах утас: 70105050

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ