Нарита нисэх буудлын ойролцоох аяллын маршрут

Нарита нисэх буудлын ойролцоох аяллын маршрут

Jan.20.2017

Та аль нэг улсыг зорих үедээ дараагийн нислэгээ удаан хугацаанд хүлээх шаардлага гардагуу? Тэр хугацаанд онгоцны буудлын утас цэнэглэгчээс дүүжлэг дээд Фэйсбүүкээ ухаад суудаг юм биш биз. Бид танд бага ч гэлтгүй энэ хугацааг ашиглан үр дүнтэй, зугаатай өнгөрөөх аргуудаас хуваалцъя.

Бид энэ удаа Япон улсын нийт олон улсын нислэгийн 50 хувийг дангаараа үйлддэг Нарита нисэх буудлын ойр орчмоор аялаж болох таван газрыг хүргэж байна. 

Токио хотын төвөөс 60 километрийн зайтай оршдог тус нисэх буудал нь Токио хот дахь Ханеда нисэх буудлын дараа ордог Япон улсын хамгийн завгүй нисэх буудал юм. 

Нарита нисэх буудал нь гурван терминалтай бөгөөд та МИАТ, Air China, Turkish Airline зэрэг авиа компанийн онгоцоор Улаанбаатар хотоос нисч байгаа бол Терминал 1 дээр бууна. Нислэгийн хугацаа таван цаг гаруй үргэлжлэх тул аль болох биед эвтэйхэн хувцас өмсөж яваарай.

1. NARITASAN SHINSHOJI TEMPLE   



Хэрэв танд гурав болон түүнээс дээш сул цаг байгаа бол 1000 гаруй жилийн түүхтэй Наритасан буддын хийдээр зочлоорой. Гурван гол байгууламжаас бүрдэх тус хийд нь үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй тул аяллын гайхалтай зураг авахуулахад тохиромжтой. Мөн хийд рүү хүрэх Омотесандо гудамжинд байрлах бэлэг дурсгалын дэлгүүр, хоолны газруудаар саатаарай. Мэдээж тус хийд нь хүн бүхэнд 24 цагийн турш нээлттэй байдгаас гадна нэвтрэхэд үнэ төлбөргүй. 

Хэрхэн очих вэ: Нарита нисэх буудлаас хоёр метроны компани Нарита хот болон Токио хот руу зорчдог. Та аль боломжтой метрог сонгон Narita Station дээр буугаад, 15-20 минут өнгөлөг, дэлгүүрүүд бүхий Омотесандо гудамжаар алхсанаар хийдэд хүрнэ. Japan Railways нь цаг тутамд явдаг ба нэг талдаа 240 иэн байдаг. Keisei Railways нь 20 минут тутамд явдаг ба нэг талдаа 260 иэн байдаг. 

2. KATORI SHRINE 

Фуцунушино Микото хэмээх цэрэг эрийн дурсгалд зориулан 1700 онд баригдсан энэ бунхан нь нисэх буудлаас 20 километрийн зайтай оршдог. Бунхан нь хар өнгийн гол барилгаас гадна чулуун хаалга зэргээс бүрдэнэ. Мөн бунхны ойролцоо дэлгүүр болон ресторанууд бий. Мэдээж тус бунхан нь хүн бүхэнд 24 цагийн турш нээлттэй байхаас гадна нэвтрэхэд үнэ төлбөргүй. 

Хэрхэн очих вэ: Нарита нисэх буудлаас Japan Railways-н метронд 500 иэн төлж суугаад Sawara Station дээр бууна. Эндээс 15 минут алхаад эсвэл авто бусаар 10 минут яваад бунханд хүрнэ. 

Хурдны замаар явбал таксигаар 25 минут яваад бунханд хүрэх бөгөөд ойролцоогоор  840 иэн болно. 

3. BOSO NO MURA OPEN AIR MUSEUM 

Энэхүү задгай газар дахь музей нь жуулчдад Японы орон нутгийнхны амьдралын хэв маяг болон Босо хэмээх бүсийн гар урлалыг сурталчлан таниулах зорилготой нээгджээ.

Тус хотхонд зочилсноор та төрөл бүрийн гар урлалын үйлдвэрээр зочлон, цайны ёслолд оролцож, Японы цэргийн хувцсыг өмсөж үзэх боломжтой. Мөн улирлаас хамаарч ургац хураалт болон хулсан гар урлал зэргийг сонирхож болно.

Цагийн хуваарь: 09.00 – 16:30 (Үндэсний баярын өдрүүдэд амарна)
Хураамж: 300 иэн. 
Хэрхэн очих вэ: Нарита нисэх буудлаас Japan Railways-н метронд 200 иэн төлж суугаад Ajiki Station дээр бууна. Эндээс Ryukakujidai-Shako чиглэлийн автобусанд 220 иэн төлж суугаад Bosa No Mura дээр бууна. Хэрэв машинаар явбал 30 минут болно. 

4. AEON NARITA

Aeon Narita бол Нарита нисэх буудалтай хамгийн ойрхон оршдог жуулчдад зориулсан худалдааны төв юм. Энд та 150 гаруй лангуунаас хувцас, хоол хүнс, гэр ахуйн бараа зэргийг худалдан авах боломжтой. 

Энд жуулчдад зориулсан татваргүй барааны дэлгүүр, Японы хамгийн алдартай 100 иэний дэлгүүрээс гадна кино театр, төрөл бүрийн ресторан, кофе шоп зэрэг бий. 

Цагийн хуваарь: Өдөр бүр 09.00 – 20:00 цагийн хооронд ажиллана. 
Хэрхэн очих вэ: Нарита нисэх буудлаас Aeon Narita руу явах шууд автобус 1-2 цагийн зайтай нэг талдаа 250 иэнээр явдаг. 

5. YAMATO NO YU

Yamato No Yu болор чин үеийн, тансаг зэрэглэлийн нийтийн халуун усны газар юм. Энд та дотор болон гадна байрлах усан сан, саунаас гадна эрдэс усаар баялаг газрын гүний халуун усанд орох боломжтой.

Тус халуун усны газарт Япон хоолны ресторан, сүши бар, фитнесс болон спа зэрэг бий. Харин зургаагаас доош насны хүүхэд орох боломжгүй гэдгийг анхаараарай.

Цагийн хуваарь: Өдөр бүр 10.00 – 22:00 
Хураамж: Ажлын өдөр 800 иэн, амралтын өдөр 1000 иэн.
Хэрхэн очих вэ: Нарита нисэх буудлаас Japan Railways-н метронд суугаад Shimosa-Manzaki Station дээр бууна. Эндээс 20-30 минут алхаад орно. Эсвэл Bosa No Mura музейгээс 10-15 минут алхаад хүрнэ. 

Танд гурваас дээш цагийн чөлөөт цаг бий бол эдгээр аяллууд тохиромжтой гэдгийг санаарай. Мөн нислэгийн бүртгэл онгоц хөөрөх цагаас хоёр цагийн өмнө эхэлдэг гэдгийг мартуузай. Дараагийн удаа бид танд онгоцны буудал дотор хийж болох зүйлсийн талаар хүргэх болно.