БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Дэлхийг утсаар биш нүдээрээ үзэх нь

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Дэлхийг утсаар биш нүдээрээ үзэх нь

Dec.26.2018

С.Батмөнх | Airmarket.mn

 

Гадаадад аялж яваад онгоц дотор эсвэл олон нийтийн тээвэрт явж байхад хаяа гадаадын хүмүүстэй ярилцах хэрэг гарна. Би Монгол гэнэ. Өвөр Монгол уу гэж асууна. Үгүй ар Монгол гэж хариулна. Зарим гадаад хүмүүс Чингис хаан гэж мэдэх нь битгий хэл Монгол улс ч гэж мэдэхгүй. Хятад уу эсвэл Солонгос уу гэж асууна. Тэгээд цаашлаад би утсан дээрээсээ Парис, Токио, Нью-Йорк, Венец гээд аяллынхаа зургаа үзүүлнэ. Тэгэхэд л Woow гэж сая дуу алдацгаадаг юм. Ямар гоё гоё орноор аялсан юм бэ? Уучлаарай чи аль улсын иргэн гэлээ гээд одоо нэг тогтож асуудаг юм. Чи хэний үр сад вэ гэхээсээ илүү Чи хэн бэ? гэдэг л байж байж тэрний дараагаар улс эх орноороо овоглуулах эрхтэй болдог юм билээ. Тэгэхээр би боддог юм. Би хэн бэ ч миний хүүхдүүдэд огт чухал биш. Миний хүүхдүүд өөрсдөө хэн бэ гэдгээ л олж авах ёстой юм байна. Тэгэхийн тулд хүүхдүүдийнхээ сургууль соёл, хурим найр, байр савыг нь бэлдэж өгөхөөс илүү аль болох олон орноор аялуулж үзүүлж ухаан санааг нь нээж байж энэ дэлхийн 7 тэр бум хүн дундаас ирээдүйн өөрийгөө өөрөө олж авах ёстой юм байна гэж бодох болсон юм. Үнэтэй утас аваад олон жилийн дараа эргээд бодоход хайран мөнгө үрсэн байж гэж боддог Үнэтэй машин аваад олон жилийн дараа эргээд бодоход хайран мөнгө гэж боддог Эргээд бодоход маш хэрэггүй зүйлд маш их мөнгийг зарцуулж алдсан байдаг Хамаг байдгаа шавхаад ч хамаагүй үр хүүхдээ дагуулаад хийсэн аялал цаг хугацаа өнгөрөх бүрд улам үнэтэй дурсамж болон үлддэг юм билээ дээ. Манай хүүхдүүд ухаалаг утас барьдаггүй юм. Би тэгээд хүүхдүүддээ тэгж хэлдэг юм. Танай ангийн хүүхдүүд ухаалаг утас барьж байгаа бол ингээд нэг асуугаад үзээрэй. Чи Дисней лэнд, Юниверсал паркаар аялж үзсэн үү? Манай аав ээж надад ухаалаг утас авч өгөх мөнгөөрөө намайг Дисней лэнд, Юниверсал парк хоёроор аялуулсан гээд хэлээд үзээрэй гэдэг юм. Манай хүүхдүүд бусад ухаалаг утас барьж байгаа хүүхдээс тэгж асуухгүй байх л даа. Тэгэхдээ би чинь нээрээ энэ дэлхийн хүүхдүүдийн үзэх ёстой гоё гоё зүйлүүдийг үзчихсэн юм байна шүү дээ тэгэхээр бусадтай барьцаж ухаалаг утас барих гээд хэрэггүй юм гэж өөрөөрөө бахархаж бодох нь дамжиггүй юм. Би ч энд тэнд явж байгаад надаас үнэтэй утас барьсан жоохон жоохон залуучуудаас ингэж асуумаар санагддаг. Ахын дүү Нью-Йорк, Парис, Дубай, Венец-д очиж үзсэн үү? Наад үнэтэй утсаа юмыг яаж мэдэх вэ хулгайд алдахаасаа өмнө гэж бодоод зарчихвал тэр хотуудын аль нэгэнд очих зардал бол гараад ирэх л юм байна. Дэлхийг утсаар биш нүдээрээ үзэж биеэрээ мэдрэх залуу хүнд маш их хэрэгтэй зүйл шүү гэж хэлмээр санагдаад байдаг юм. Гадаад нэг ч улс руу аялж үзээгүй мөртлөө булган шүүб өмсөж үнэтэй утас барьдаг улсууд ямар их байдаг билээ дээ !!! Жил болгон хийх төрсөн өдөр шинэ жил гэж зардлуудыг нэг жил танаж хасахад нэг удаагийн аяллын зардал элбэгхэн гараад ирэх жишээний Тэгэхээр бидэнд ойр орчмоо сайн ажиглавал аяллын зардал болчхоор зүйл маш их байдгийн энгийн жишээ бол энэ юм.

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ