БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Амьдрал, Ажил, Аялал

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Амьдрал, Ажил, Аялал

Dec.11.2018

С.Батмөнх | Airmarket.mn

 

Амжилт бүтээл, ашиг орлогодоо хүрэх хамгийн дөт зам бол аялал юм 

Аялал гэхээр заавал мөнгө үрж зугаалах тансаглах гэдэг утгаар нь хүлээн авдаг улсууд бол манай улсад масс байдаг. Нэг бизнес хийгээд баахан мөнгө алдчихаад одоо өөр ямар бизнес хийх билээ гээд галд мөнгөө шатаах гэж буй мэт эмзэглэн толгойгоо гашилган суугаа улсуудад энэхүү нийтлэлээ зориулж бичлээ. Манай улсын иргэд маш ихээр Солонгос улсыг зорьж очин ажиллаж овоо ч их мөнгө төгрөгийг хураадаг. Миний мэдэх нэгэн тийм гэр бүл байна л даа. Эхнэр нөхөр хоёр Солонгос явж ирээд нэлээдгүй их мөнгө хурааж ирсэн юм. Би ч өөрөө бас эхнэртэйгээ Солонгос явж мөнгө хураасан хүн л дээ. Дээрх жишээ нь дээр эхлээд өгүүлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Арваад жилийн өмнө эхнэр нөхөр хоёр Солонгост ажиллаад нийтдээ бараг 100 сая төгрөгөөр үнэлэгдэх хэд хэдэн байр сав авсан байсан юм. Эхэндээ мэдээж юу хүссэнээ авч үнэтэй жийп машин унаж, хөдөө гадаа зугаалж, байр саваа сайжруулах шинэ ажлын байртай болсон гэх мэтчилэн амьдрал үнэхээр сайхан байсан юм. Цаг хугацаа бага багаар явсаар. Эхэндээ овоо ашиг орлоготой байсан ажил нь ашиг орлого багасаад ирлээ. Ашиг багассан ч үр хүүхдүүд нэмэгдэхийн хэрээр зардлууд улам нэмэгдсээр. Солонгосоос ирээд хэдэн жил болсны дараагаар үгүй бол ажил нь зогсох гээд байсан учир Солонгост байхдаа авсан байраа зарж ажилдаа орууллаа. Зүйн нь бол ажлаасаа ашиг орлогоороо дахиад нэг байрны мөнгө олохоор орлого олохоор хугацааг үдсэн байлаа. Мөн хугацааны дараагаар бас дахин нэг байраа зарж ажилдаа орууллаа гэсэн ч ашиг үл үзсээр ажлаа зогсоохоос өөр арга үлдсэнгүй. Ажилгүй болсон ч үнэтэй жийп машины өндөр шатахууны зардлаас эхлээд гарах зардлууд улам үнэд орсоор. Үнтэй жийп машиныхаа анх авсан үнээ бүүр барихаа байлаа бушуухан заръя гээд машинаа хямдхан зарлаа. Ажилгүй болсон тул орж ирэх орлого байхгүй болсон машин зарсан мөнгө ч байхгүй боллоо. Амьдрал ахуй уруудаж эхэлсэн тул архи дарс уух нь ихсэж, хэрүүл уруул нэг нэгийгээ хардах сэрдэх байдал газар авч эхэлсэн юм. Салъя гэхээр хүүхдүүдээ өнчрүүлэх гээд байгаа тул ийм байдалд удаан тэсэж чадахгүйн улмаас эхнэр нь арга бараад шашны урсгалд орж хуралд суун өөрийгөө тайтгаруулах болсон юм.

Би ялгаагүй Солонгост эхнэртэйгээ хамт ажиллаж мөнгө хураасан хүний нэг юм. Одоо бол Солонгосоос олж ирсэн хөрөнгө маань өссөн байгаа. Гол учир нь анхнаасаа олж буй орлогынхоо талыг нь аялалд зарцуулж ирсэн юм. Аялаж байгаа хүний санаа бодол үргэлж шинийг эрэлхийлж ухаан бодлоо үргэлж тэлж явдаг юм. Яг адилхан ашиг орлоготой бизнес хийж байгаа ч үйлчлүүлэгч бүртэй энгийн ойлгомжтой яаж харьцахаа хүртэл аялаж олж харж тэр талаараа бусад ижил төрлийн бизнес эрхлэгчээсээ давуу тал болгож ашиглах бол эхний жишээ юм. Би уг нь захирал гэхдээ үйлчлүүлэгчидтэйгээ энгийн харьцахыг илүүд үздэг. Гадаадаар аялаж явахад үүдэндээ үнэгүй цэвэр устай газар таарахад би маш их баярладаг. Хүн удаан алхахаар ам их цангадаг шүү дээ. Гадаадад чинь цэвэр ус их үнэтэй тэгээд үнэгүй ус байгаа газар таарвал бушуухан усны саваа дүүргээд авдаг юм. Энэ жишээ нь дээр би ажлынхаа үүдэнд нэг удаагийн аягтай цэвэр ус тавьсан юм. Санаа зоволтгүй та уугаарай сав байвал дүүргээд аваад явсан ч болно гэхээр хүмүүс ямар их баярладаг гэж санана. Ийм газар ёстой үзээгүй юм байна гээд дуу шуу авалцаад ирнэ шүү дээ. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр та бизнес эрхлэгч бол аялалд заавал гарч байж яавал бизнесээ тогтвортой болгож ашиг орлогоо улам нэмэгдүүлж болох талаар шинэ санаа оноогоо олж авдаг юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. Яг одоо бичиж буй энэ зүйл маань хүртэл орлогоос давхар орлого олж байгаа нэг жишээ маань юм. Энэ ч бас аяллаас олж авсан зүйл юм. Олон орноор хүн аялаад ирэхээр өөрийн эрхгүй аяллын тэмдэглэл хөтлөөд ирдэг юм билээ. Аялал ажил хоёр бол заавал нэг салшгүй зүйл юм. Учир нь бидний одоо дөнгөж барьж буй шинэхэн зах зээлийн нийгмийг аль хэдийн өндөр цамхаг шиг бат бэх босгочихсон улс нийгмээр аялаад өөрийн бизнесийн алдаа оноогоо хараад явах бол аялалын гол утга учир юм. Бизнесийн байгууллага бол мэдээж үйлчилгээний байгууллага л байж таарна. Өндөр хөгжилтэй орны үйлчилгээний байгууллага өөртөө чинь адилхан үйлчилгээгээ яаж явуулж байгааг л өөрийн нүдээр харж биеээр мэдрэх явдал ирээдүйгээр аялаад ирсэн мэт бусдаас түрүүлэх хөгжил дэвшлийг танай байгууллагад авч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

"ААА" - Амьдрал, Ажил, Аялал салшгүй хамт байж байж сая нэг дэлхийн стандарт хэмжээний сэтгэхүйтэй хүн оршин тогтдог гэдгийг залуу хүн бүр заавал баримтлах зарчим юм ...

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ