БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аялангаа мөнгө хурааж үзсэн минь

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аялангаа мөнгө хурааж үзсэн минь

Nov.20.2018

С.Батмөнх | Airmarket.mn

 

Аяллын амтанд ороод удаагүй байсан миний нэг шинэ мөрөөдөл болсон нэг зүйл гарч ирсэн нь бусад хүнээс сонссон аялангаа мөнгө үрэх биш мөнгө хурааж үзэх явдал болсон юм. Америкт очиж үзэх аз завшаан надад нэг удаа тохиосон юм. Үнэндээ бол Америкт амьдардаг хамаатныхаа айлд очсон юм л даа. Лос-Анжелес хотод байдаг айл байсан юм. Эхний хэдэн өдрүүдэд кино урлагийн өлгий нутаг Холивуд, Дэлхийн алдартнуудын өлгий нутаг Беверли Хилз, далайн эрэг Санта Моника зэрэг газруудыг үзэж танилцлаа. Тэгээд тэнд амьдардаг хүнээс Америкийн нэг захаас нөгөө зах хүртэл ачааны машинаар жолоочийн туслах болоод явдаг богино хугацааны ажил байдаг талаар сонсон юм. Тэгээд хүн амьтнаас жолоочийн туслах хийгээд явчих ажил байна гээд асуулаа ашгүй нэг ажлын сураг гарсан юм. Миний байсан California эхлээд Arizona, New Mexico, Texas, Louisiana, Alabama, Georgia, South Carolina, North Carolina гээд 8 муж дамнаж ажиллах жолоочийн туслахын ажлын саналыг олж авсан юм. Цалин 500$ хоол үнэгүй 10 хоногийн 4.500км-ын аялал намайг хүлээж авсан юм. Үнэхээр гайхалтай аялал болох учир би ч уухайн тас зөвшөөрөөд камер сэлтээ үүрсээр аян замдаа гарсан юм.

Америкийн муж бүр Байгалын өөр өөр өнгө үзэмжтэй учир муж бүр өөрсдийн онцлогтой байсан учир өөр өөр улсаар аялж буй мэт сэтгэгдэл надад төрүүлсэн юм. Миний хувьд аялал боловч нэгэнт ажил бол ажил учир миний хийх ёстой ажил гэж байлаа. Жолоочийн туслах гэдэг хот дунд бууж зам харж өгнө. Жолоочид хэрэгтэй багаж сэлбэгийн дөхүүлж өгнө. Шатахуун түгээгүүрээс шатахуун авах үед цонх толио арчиж өгнө. Гол ажил бол хоол хийх явдал байсан юм. Ачааны машины ард талд байрлах хөргөчинд байх хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийх явдал байсан юм. Ихэвчлэн хөлдөөсөн бүтээгдэхүүнээр хоол хийнэ. Жолооч маань өөрөө гэрээсээ бэлдээд ирсэн хөлдөөсөн бууз, жигнэсэн гурил, хэрчиж хөлдөөсөн мах зэргийн ногоотой хольж ашиглаж будаа агшаагчид Монгол хоол хийж иддэг юм. Машины арын хэсэгт хоёр давхар ортой машин явж байх үед ч унтаж болохоор боловч машин машины зогсоол дээр очсон үед жолоочтой хамт унтана. Учир нь туслах жолооч гэдэг жолоочтой үргэлж юм ярьж явж байх үүрэгтэй хүн юм л даа.

Машин шөнөдөө л зогсоно өдөр нь бол давхина. Машин давхиж явах үед бол зураг дараад явж болно. Заримдаа өдөржин их модтой ойгоор давхина. Заримдаа дан кактустай хээр талаар давхина тэгж яваад л Америк орон үнэхээр баян орон юм даа гэдгийг мэдэрсэн. Тэр уудам нутгийн хаана ч явж байсан утасны сүлжээ интернет унана гэж бараг байхгүй. Хэсэгхэн газар унасан ч удахгүй сүлжээ ороод ирнэ. Ямар ч хүнгүй газар амьдардаг болов уу гэмээр ганц нэг айл заримдаа таарах ч ямар ч байсан ядарсан айл биш нь байшингийн гадаах том том жийп машин хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөс нь харагдана. Харин New Mexico мужид ирээд Мексикийн хилээр маш ойрхон явж өнгөрдөг юм. Тэр үед өдөр шөнийг нэг доор харж буй мэт үйл явдлыг өөрийн нүдээр харах үед үнэхээр яагаад ерөнхийлөгч Трамп Мексикийн хилийн хашаагаа зузаатгах шийдвэр гарах ёстой болсныг ойлгосон юм. Америкт бол тийн эвдэрхий зам, хуучирч гандсан машин, төлөвлөлтгүй хийсэн хот тохижилт зэрэг зүйлийг харах боломжгүй бол Мексикийн хил дээрээс бүх зохион байгуулалт, хууль дүрэмгүй юу л байж болно тэр бүх зүйлийг харж үзсэн юм. Сүүлийн үеийн мэдээгээр Мексикт засгийн газрын гишүүн ч бай жирийн иргэн хэн ч үхэж бол. Мексикт хүн амьд явах эрэхгүй бөгөөд жилдээ 25.000 хүн бусдын гарт амиа алддаг гэсэн судалгаа гарсан гэсэн. Тэгээд бодохоор миний эх орон шиг тайван сайхан газар үгүй мэт санагдаж эх орноо хайрлаж эргэж хурдан яарах том шалтгаанаа энэ аяллаас хайж олсон юм даа.

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ