БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аяллаас үлддэг хамгийн том бэлэг бол инээмсэглэл юм

БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ - Аяллаас үлддэг хамгийн том бэлэг бол инээмсэглэл юм

Nov.06.2018

С.Батмөнх | Airmarket.mn

Аяллаас олж авдаг олон зүйлийн нэг бол инээмсэглэл юм. Хэдий чинээ олон орноор аялна төдий чинээ сайхан инээмсэглэдэг болдог. Намрын нэгэн бороотой өглөө Лос-Анжелес хотын Велшэр гудманд эрх чөлөөний хатагтайтай ижил ногоон өнгөтэй амьд хөгжмийн Вэлтэрн театрын дэргэдүүр өглөө 7 цагт алхалан явна. Шинэ өглөөг хамтдаа угтаж буй зөрж өнгөрсөн хүн бүр инээмсэглэл өнгөрнө. Зарим нь толгой дохино, зарим нь гараа дохино, зарим нь бүүр өглөөний мэнд мэднэ. Бүгд өөр өөр хүмүүс байх бөгөөд зарим нь костюм өмссөн, зарим нь жинсэн яак өмссөн, зарим нь пальто өмссөн, зарим нь шүхэр барьсан өөр өөр хүмүүс боловч өнгө ижил нэг л инээмсэглэлийг нүүрэндээ тодруулан алхана. Зарим нь ээж баймаар хүмүүс, зарим нь аав баймаар хүмүүс, зарим нь дүү баймаар, зарим нь надтай чацуу баймаар, зарим нь дээд боловсролтой баймаар, зарим нь ажилчин баймаар, зарим нь гуйлгачин ч байлаа гэсэн ч инээмсэглэл тэднийг бүгд эрх чөлөөт ижил хүмүүс гэдгийг илэрхийлнэ.

Өглөөг инээмсэглэж эхлүүлбэл санасан бүхэн чинь биелэх болно гээд хэн нэгэн хууль цааз, эсвэл шашин шүтлэгтэй нь заагаад өсгөн мэт боловч өөр өөр үндэстний хувцастай хүмүүс хүртэл хоорондоо инээмсэглээд зөрөх нь инээмсэглэхэд шашин шүтлэг огт хамаагүй нь тодорхой байлаа. Хүн бүр инээгээд байхаар хүүхэд хүртэл дагаж инээмсэглэхийг яана гээч. Хүний инээмсэглэл хуурамч байж болох ч хүүхдийн инээмсэглэл хуурамч бус гэдгийг хүн бүр мэднэ. Дэлгүүрт ороод өнөө инээмсэглэл маань чанга чанга инээд болж хувирлаа. Танихгүй ч гэсэн байнга ордог дэлгүүрийнхээ хамгаалагч худалдагчтай эгээ л ойрд уулзаагүй хамаатан садан найз нөхөдтэйгөө аз жаргалтайгаар уулзаж буй мэт л тачигнатал инээлдэнэ. Миний ухаан санаанд бол инээх шаардалгүй зүйлийг их л инээдтэй зүйл мэт ярилцана. Хэдий инээдтэй зүйл биш ч тэр хүмүүсийг аз жаргалтайгаар инээлдэн ярилцан байгааг харахаар өөрийн эрхгүй инээмсэглэх сэтгэгдэл төрнө. Хоосон хөндий байсан газар гаднаас нэг хөгжилтэй хүн орж ирээд бүгдийг инээлгэдэг шиг л мэдрэмжийг хоромхон зуур тайвшралттай хамт авч ирнэ.

Би уг нь яарч яваа хүн юмсан гэсэн ч аз жаргалтай инээмсэглэж буй хүмүүсийг хараад өөрийн эрхгүй би юундаа яараад байгаа билээ дээ. Яараад заримдаа юм хумаа мартаад, эргэж санаад буцаад яараагүй байснаас улам их хугацааг туулж байж очих газраа хүрдэг шүү дээ гэж бодоод дэлгүүр дотор ойр тойронд хүн байхгүй байсан ч ганцаараа инээмсэглэсээр өөрийнхөө авах зүйлээ аажуу тайван үзэж яваад өмнөх сонголтоосоо өшөө ч илүү боломжийн сонголтыг барааг өөртөө инээмсэглэлийн хүчинд олж авах нь тэр. Энэ бол аяллын зөвхөн ганц өдрийн инээмсэглэлийн тухай тэмдэглэл минь билээ. Миний тэмдэглэж амжаагүй Парис, Токио, Нью-Йорк, Милан, Ром гээд өөр өөр өнгө төрхтэй өчнөөн их инээмсэглэлүүд бий. Ингээд л инээмсэглэлийн орнуудаар явж байгаад эх орондоо ирэхээр өөрийн эрхгүй инээмсэглэмээр л санагдаад байдаг юм даа. Инээцгээе хүмүүсээ инээгээрэй, эгэл биш шүү энэ инээд...

"БОДИТ АМЬДРАЛЫГ ХАЙСАН АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ" - ДОЛОО ХОНОГ БҮРИЙН МЯГМАР ГАРИГТ ...

ӨМНӨХ ДУГААРЫГ УНШИХ