Ганцаараа аялахаар төлөвлөж буй хүмүүст зориулсан зөвлөмж

Ганцаараа аялахаар төлөвлөж буй хүмүүст зориулсан зөвлөмж

Mar.11.2024

Ганцаараа аялалд гарна гэдэг хүнээс их зориг шаардах атлаа биднийг шинэ түвшинд сорин биеэ даан, аян замын бартааг ганцаар туулж, эрх чөлөөтэй бөгөөд өөрт хань болсон цаг хугацааг өнгөрүүлэхэд тусалдаг гайхалтай шийдвэр. Тийм учраас та ганцаар аялалд гарах талаар бодож байгаа эсвэл аль хэдийн шийдчихсэн бол танд аяллаа төлөвлөж, бэлдэхэд туслах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Ганцаараа аялахад тохиромжтой төлөвлөгөөг өөрт зориулан гаргаарай.
Аялахаар зорьж буй орноо сайтар судлан очиход тохиромжтой газруудаа өөрийн аяллын маршрутад нэмээрэй. Ингэхдээ тухайн газарт өмнө очиж үзсэн хүмүүсийн Youtube, Tiktok бичлэгүүд үзэх болон блог уншиж танилцсанаар илүү ойр, хэрэгцээт мэдээлэл олж авах боломжтой. Мөн аялах газраа сонгохдоо тухайн хэсэг ганцаар аялахад хэр тохиромжтой, таатай талаар уншиж судлаарай.

Аялах газраа сонгосны дараа аяллын хөтөлбөр болгон буулгаарай.
Үүнд хэдэн өдөр аялах, очих буцах өдөр болон аяллын өдөр бүр юу хийхээ төлөвлөн хуваарь бэлдээрэй. Ингэснээр та аяллын цагаа зөв зохицуулж илүү олон сонирхолтой адал явдлыг хөтөлбөртөө нэмэх боломжтой болно. Ганцаараа аялж байгаа учраас тухайн газарт ганцаараа зорчиж мэдэрч болох сонирхолтой зүйлсийг судлан төлөвлөгөөндөө нэмээрэй.

Мэдээж дараагийн чухал зүйл бол аяллын төсвөө гаргах.
Хэдэн өдөр хаашаа хэр хугацаагаар аялахаас хамааран үндсэн 4н төрлийн зардлыг тооцох хэрэгтэй. Үүнд замын зардал, очоод байрлах газар, хоол хүнс, тухайн улсад зорчих тээврийн зардал орно. Эдгээр гол зардлаа тооцсоны дараа та өөрийн сонирхлоор төлөвлөсөн үзвэр, худалдаа, үйлчилгээний зардлуудаа нэмэн нийт төсвөө гаргаарай. Нэмж хэлэхэд гэнэтийн асуудал гарсан тохиолдолд ашиглах нөөц мөнгөтэй байх нь илүүдэхгүй шүү.

Минимал хөнгөхөн ачаа бэлдээрэй.

Хамгийн хэрэгтэй зүйлсийг агуулсан, минимал ачаа бэлдэх нь таныг адал явдалд бэлэн, эрх чөлөөтэй байхад тусална. Хэр удаан хугацаанд аялахаас хамааран хамгийн тухтай, хооронд хослуулж олон ээлжийн хувцас болгож өмсөх боломжтой хувцсаа баглаарай. Мэдээж бяцхан эмийн сан, цэнэглэгч, хэрэгцээт жижиг савлагаатай арьс арчилгааны бүтээгдэхүүнээ баглаарай.

Соёлыг амтлаарай.

Танил хоол хүнсээ хайхаас илүү тухайн улсад л үйлдвэрлэгддэг шинэлэг бүтээгдэхүүн, нутгийн уугуул хоолыг амтлаарай. Ингэх таныг тухайн улсын соёл хүмүүсийг танихад дөхөм болгож өгнө.

Байгальд ээлтэй аялаарай.

Өөрийн модон халбага, сэрээ, савх, усны сав, болон даавуун уут авч яваарай. Ингэснээр та олон удаагийн пластик хог хаягдлаас сэргийлж чадна. Мөн үүгээр зогсохгүй өөрийн гэсэн хэрэгслээ авч явах нь танд бяцхан эрх чөлөө, тав тухыг мэдрүүлэх болно.

Нутгийн иргэдтэй ойрхон харилцаарай.

Тухайн газрын талаар нутгийн хүмүүс л хамгийн сайн мэддэг шүү дээ. Тиймээс аялж буй улсынхаа хэлээр энгийн хэллэг, асуулт, өгүүлбэрүүдийг хэлж сурснаар илүү дулаан уур амьсгалыг төрүүлэхээс гадна харилцан яриа өрнүүлж, хэрэгтэй үед тусламж хүсэхэд их тус болдог шүү.

Урсгал даган хөвөөрэй.

Хэдий аяллын төлөвлөгөө байгаа хэдий ч зүгээр л чөлөөтэй урсгалаараа өдрийг өнгөрүүлж үзээрэй. Замд таарах шинэлэг зүйлсийг туршин, хатуу төлөвлөгөө, цагт баригдалгүйгээр тайван мөчийг өнгөрүүлээрэй.

Аяллын байдаг л нэг маршрутаас илүү зөвхөн нутгийн иргэдийн мэддэг сонирхолтой, жуулчдын хөлөөс хол газруудаар аялж үзээрэй. Эдгээр газрыг олохын тулд сошиал медиа ашиглан сонирхолтой жижиг аяллын контент бүтээгчдийг сонирхон тэдний хуваалцаж буй хүмүүсийн тэр бүр очоод байдаггүй ч үнэхээр үзэсгэлэнтэй ховор газруудыг олон боломжтой юм байна лээ шүү.