Нислэгийн үеэр амтгүй хоол өгдөг үү, аль эсвэл...

Нислэгийн үеэр амтгүй хоол өгдөг үү, аль эсвэл...

Mar.06.2023

Агаарын аяллын үеэр онгоцонд идсэн хоол амт чанаргүй байгаа тухай гомдол хүмүүсээс үе үе гардаг. Гэхдээ энэ нь үнэндээ тээвэрлэгч компанийн буруугаас болдоггүй юм байна.

BBC агентлагийн аялал жуулчлалын булангийн сэтгүүлч Катя Москвич энэ талаар судалж, мэргэжилтнүүдээс тодруулснаа хэдэн жилийн өмнө нийтлүүлж байжээ.

Хоолны амт чанарт нөлөөлдөг дараах хэдэн хүчин зүйлийг тэр нийтлэлдээ дурдсан байна.

10,000 метрийн өндөрт хүний амтлах, үнэрлэх чадвар өөрчлөгддөг.

“Амтлах болон үнэрлэх мэдрэмжийн хослолоос тухайн хоолны амт тодорхойлогддог. Газраас өндөрт, битүүмжлэлтэй орчинд хүмүүсийн шорвог, чихэрлэг амтын мэдрэмж мууддаг нь нэгэнт тогтоогдсон” гэж American Airlines компанийн хоол хүнс, жижиглэн худалдаа хариуцсан захирал Расс Браун ярьжээ.

“Хоол ундны амт газар дээр болон агаарт ялгаатай байдаг. Үүнд агаарын сул даралт, чийгшлийн дутагдал, байнгын нүргэлсэн дуу чимээ зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг” гэж Оксфордын их сургуулийн туршилтын психологийн профессор Чарльз Спэнс тайлбарласан байна.

Онгоцонд суусан хүний үнэрлэх мэдрэмжид хамгийн түрүүнд хөлгийн доторх агаарын нөхцөл байдал шууд нөлөөлдөг гэнэ. 10,000 метрийн өндөрт агаарын чийгшил 12 хувь хүрэхгүй хэмжээнд буурдаг нь дэлхийн ихэнх цөлүүдийн хуурайшилтаас ч өндөр үзүүлэлт юм байна. Энэ үед хүний чихэрлэг болон шорвог амт мэдрэх чадвар 30 хувиар унадаг нь туршилтаар тогтоогджээ.

Сонирхолтой нь исгэлэн, гашуун, халуун ногооны амтын мэдрэмж бараг өөрчлөгддөггүй нь ажиглагдсан байна. Тиймээс зарим авиа компани нислэгийн үеэр зорчигчдод өгдөг хоол хүнсэндээ дээрх амтлагчдыг түлхүү нэмэх, эсвэл зорчигч өөрөө нэмж амталдаг байх хувилбаруудыг нэвтрүүлж байжээ. Зарим компаниуд, тухайлбал Сингапурын Singapore Airlines компани бүр агаарын нислэгийн орчныг газар дээр хиймлээр үүсгэдэг орчин бүрдүүлж, хоол хүнснийхээ амт чанарыг тохируулдаг болсон байна.

Онгоцны хоол хүнсний амт чанарт нөлөөлдөг бас нэг гол хүчин зүйл нь тэдгээрт тавигддаг стандарт шаардлага ажээ.

Олон зуун зорчигчдод бүгдэд нь тааруулсан хоол бэлдэх нэлээд амаргүй ажил байдаг гэнэ. Аюулгүй байдлын үүднээс бүх хоолыг газар дээр бэлдэх ёстой. Дараа нь савлаж, битүүмжилж, хөргөсөн хоолыг нислэгийн үеэр дахин халаасны дараа зорчигчдод хүргэдэг. Ийм шат дамжлагуудыг давсны дараа газар дээр идсэн хоол ч чанар нь өөрчлөгддөг гэж судлаачид тайлбарлаж байна.

Нислэгийн үеэр хоол халаахдаа аюулгүй байдлын шалтгаанаар ил гал, богино долгионы зуух ашиглахыг хориглодог нь үүнд бас нөлөөлдөг гэнэ. Мөн олон зуун зорчигчдын дунд эрүүл мэндийн ямар ч асуудалтай хүн байх боломжтой тул хоолыг хамгийн энгийн, ерөнхий жороор бэлддэг байна. Газраас 10,000 метрийн өндөрт зорчигчид хоолонд хордох ямар эрсдэлтэй нь тодорхой юм.

Бас хоолны орц хэмжээ нь нислэгийн зайнаас хамаардаг байна. Тухайлбал ойрын зайд нисэх тохиолдолд хоолоор үйлчлэхгүй ч байх боломжтой бол дундын зайд хөнгөн хооллох, алсын нислэгт илүү орц, сонголттой байх зэрэг нөхцөлүүд үйлчилдэг ажээ.

2021 оны хамгийн шилдэг хоолтой 10 авиа компанийг USA Today сонин шалгаруулсныг дор жагсаалаа.

  1. All Nippon Airways
  2. Korean Air
  3. Delta Air Lines
  4. Japan Airlines
  5. Emirates
  6. Singapore Airlines
  7. Lufthansa
  8. Air France
  9. Qatar Airways
  10. Air New Zealand

Эх сурвалж: Ikon.mn