Нэгдүгээр сард хаашаа аялах вэ?

Нэгдүгээр сард хаашаа аялах вэ?

Jan.06.2020

Идэр есийн жавар тачигнасан өглөө машиныхаа хүнд хучлагыг арай гэж хуулж аваад, цэв хүйтэн машиндаа орж суугаад асаалаа. Дургүйд хүчгүй гэгчээр паржигнаж байснаа нэг юм ассан ч хүйтэн суудал гуя, нуруу хайрч, машины паар өөдөөс хүйтнээр, бөөн утаагаар үлээнэ. Хэдэн минутын дараа арай гэж амь орсон машинаа барин, улайж бээрсэн гараа дулаацуулах гэж үрчсээр бөөн түгжрээ рүү яваад орчихлоо. 500 м хүрэхгүй газар тавин минут шахам түгжирч, аргаа баран тамхиа баагиулж байхдаа хичээл нь амраад гэртээ зурагт хараад үлдсэн хүү охин хоёроо санав. Орой ирэхэд нүдээ улайтал компьютер тоглочихсон хүү минь араас нь нөгөө л утсаа маажаад хэвтэж байна. Шинэ жил гэж тогоо шанагатай ноцолдон, ядарсан эхнэр ажлаасаа түрүүлж ирээд хоолоо хийхдээ надруу нуруугаа харуулж юм дуугарахгүй байх нь сэтгэл дундуур байгаагаа хэлж буй хэрэг.

Улаанбаатарын утаа, түгжрэл, хүйтэн гурав дээр улс төрийн сенсац, татварын нэмэгдэл, уул уурхай, тэтгэвэр тэтгэмж гэсэн хүнд мэдээнүүд хавсраад ямар ч сайхан ааштай хүний хөмсгийг атируулах чадалтай. Аргаа бараад орцондоо тамхилж байсан чинь хөршдөө загнуулаад гэртээ орж байтал гэнэт нэг мэргэн  санаа толгойд “динн” гээд ороод ирлээ шүү.

“Хүүхдүүд ээ, эхнээр, бүгдээрээ зуныг хүлээлгүй зун руу өөрсдөө явах уу?” Бүгдийнх нь царайд гайхсан байдал илхэн. “Манайд өвөл болж байгаа ч бөмбөрцгийн нөгөө бөөрөнд зун болж байгаа шүү дээ. Гэр бүлээрээ аялчихаад ирье”. Эхнэр хоолны хутгуураа угаалтуур луу шидээд гүйж ирэн намайг тэвэрлээ. Хүү охин хоёр “yes” гэж хашхиралдан хөгжиж байна гэж жигтэйхэн. Хайртай хүмүүсийнхээ царайд инээмсэглэл тодрохыг харахаас илүү жаргал аав хүнд юу байх билээ. Ингээд аяллын төлөвлөгөө гаргах даалгавар авч, интернетээс хайсан мэдээллээ яг над шиг “зун”-ыг гэр бүлдээ авчирч байгаа хүмүүст зориулан хуваалцаж байна.

Эхлээд хаашаа хаашаа аялвал зүгээр гэдгийг хайж үзлээ. Нэгдүгээр сард хаашаа аялах вэ? Эхлээд ёстой аагим халуун, далайн эрэг, өвс ногоо халиурсан жинхэнэ зуныг хайж үзлээ.

  1. Тайландын Бангкок, Паттаяа. Монголчууд бараг жим гартал нь зорчдог болсон болохоор эхлээд Тайландыг сонирхлоо. Ер нь монголчууд ч гэлтгүй дэлхийгээрээ зорьдог аялал жуулчлалын орон, “инээмсэглэлийн орон” гэж нэрлэгдтэлээ жуулчин хүлээж авдаг газар юмаа.

Үзэж харах юмнаас гадна Тайландын соёл олон хүнийг татдаг гэнэ. Тай амьдралын хэв маяг, хоол унд, хүн ард, буддын сүм хийдийг нь харах гэж хүмүүс зорьдог юм байна. Аялал жуулчлалын гол нь найрсаг иргэд нь. Мэдээж жуулчидтай харьцсаар байгаад ааш нь муудсан хэсэг бүлэг байгаа л даа. Гэхдээ нийт хүн амын хувьд яривал эелсэг найрсаг хүмүүс байдаг гэдэг нь таалагдлаа.

Хэдийгээр очиход зүгээр вэ гэвэл 6-10-р сард борооны улирал нь таардаг, 12-оос 4-р сарын хооронд цаг уур хамгийн аятай таатай байдаг гэнэ. Халуун орон гэхээр бүтэж үхмээр халуун байдаггүй, арал учраас далайн эргийн салхин сэвшээнд, эсвэл далайдаа ороод сэрүүцэж болох юм байна. Цаг агаар ийм аятайхан байдаг болохоор л жилийн дөрвөн улиралд ийшээ жуулчид зүтгэдэг бололтой. Бороо аль ч улиралд орж магадгүй учраас юмыг яаж мэдэхэв нэг нимгэн цув байхад илүүдэхгүй.

Хүмүүс ихэвчлэн Бангкокоор дайраад Паттаяа, Пукет арал руу явдаг юм байна. Бангкокт үзэх харах юм ихтэй. Мэдээж сүм хийд, хоолны газрууд, алдарт тай массажны газрууд бүгд нэг дор байдаг шөнийн гудамж, хот дундуур голоор завьтай хийдэг аялал, амьдрал буцалж байдаг хятад хороолол буюу чайна таун бий. Юмны үнэ боломжийн учраас хотыг бүхэлд нь тольддог өндөр барилгын дээвэр дээрх бар лоунжид 6,7 доллараар пиво ууж, коктэйл шимэнгээ Банкокийг харж суух боломжтой. Мөн унадаг дугуй, моторт дугуй түрээслээд хотоор зугаалж болно.

Мэдээж хот газар ирснийх шоппинг хийж, хүний гар цайлгах юм, өөртөө ч хувцас хунар авч таараа. Солонгос, Япон, Хонг Конг, Хятадын хувцас загвар бүрээрээ байдаг гэнэ дэлгүүрүүдэд нь. Бас дэлхийн хамгийн том захуудын нэг ч Бангкокт байдаг юм билээ. Надад бол шөнийн зах нь сонирхолтой санагдсан. Хямд үнээр олон төрлийн хоол идэж үзэх, нүд эрээлжлэм олон бараа таваар үзэж харж хэснэ гэхээр хүүхнүүдэд лав хужир биз дээ.

Хот үзэж ханасан бол хамгийн гол нь нөгөө номин цэнхэр далайн эргийн зөөлөн сэвшээ салхинд амтат жүүс шимээд биеэ шарж хэвтэнгээ, далайн усанд ханатлаа тоглож байгаа хүүхдүүдээ харж баясан, утас шагайхын оронд элсэн дээр тоглох боломж олгох ажил үлдэнэ. Ингээд Паттаяа.

Паттаяагаас 7 километрийн зайд Ko Larn гэдэг арал байдаг, Паттаяагаас өдөрт хэд хэдэн удаа завь явдаг. Жижигхэн ч гэсэн маш үзэсгэлэнтэй энэ арал дээр очиж үзэх зургаан өөр үзэсгэлэнт эрэг буюу beach байдаг ажээ. Тус бүр өөрийн гэсэн өвөрмөц талтай гэсэн. Хүсвэл тэнд байдаг амралтын газруудад ч байрлаж болно.

Паттаяад бас Pattaya Park гээд усан парк ч байдаг юм байна. Монголд ус бараг үзээгүй хүүхдүүдээ тоглуулна, өөрсдөө ч тоглож болно гэхээр сайхан санагдлаа. Хажууханд нь Pattaya Park Tower гээд далайн эргийн өндөр цамхаг байдаг аж. 55 дугаар давхраас нь арлыг тэр чигт нь хардаг юм байна.

Паттаяад хийх зүйлсийг дурдаад барахгүй болохоор энэ хүртэл л бичлээ. Энэ удаа юу ч гэсэн хаашаа хаашаа явж болох вэ гэдэг жагсаалт гаргаж байгаа учир хүмүүс сонирхвол дараа нь дэлгэрэнгүй бичье

2. Индонез-Бали Балид жилийн турш дулаахан, бороо орсон ч дараа нь дандаа нар гардаг учраас 1-р сард очиход боломжийн.  “Балид болсон явдал” гэдэг солонгос кино үзсэнээсээ хойш л эхнэрийн явахыг хүсдэг байсан газар болохоор амьхандаа сюрприз барьчих санаатай судалсан нь энэ. Бас Жулиа Робертсын тоглодог “Ид, залбир, хайрла” кинон дээрээс хараад очиж үзмээр үзэсгэлэнтэй сайхан газар санагдсан нь ч нэг шалтгаан нь. Жулиа Робертсийн тоглодог дүр нэг их амгалан ногоон талбай дундуур дугуйгаа унаж яваад л, далайн эргийн хөөрхөн байшинд хайрлаж дурлаад байдаг даа. Тэр чинь бас л Бали.

1-р сард Балид цаг агаар сайхан, дунджаар цельсийн 22 градус. Ихдээ 30 хүрдэг, багадаа 22 гэхээр яг л сайхан зун даа. Орой нар шингэсэний дараа алхаж зугаалж явахад янзын л гэнэ.

За тэгээд очсоных үзэж харах сэтгэл баясгах юмнууд юу байна судаллаа даа. 1-р сард ер нь бороо хур ихтэй учраас далайн эрэг дээр гэхээс илүү бороотой үед гадаа гаралгүй хийж болох зүйлс түлхүү төлөвлөе гэж бодов.

Кофенд нугасгүй, тэр ундааны л ачаар өдрийн ачааллаа барж амждаг надад таалагдсан мэдээлэл олдлоо шүү. Дэлхийн хамгийн үнэтэй Лувак гэдэг кофег тариан талбай дээрээс нь очиж амталж болно. Яг тариалангийн талбай дунд нь шинэхнээр нь аагтай кофе тамшаалж сууна гээд бодохоор бүр шууд л тасалбараа захиалаад очмоор санагдсаныг хэлэх үү.

 

 

 

 

Эхнэрээ баярлуулна гэснээс кофенд дургүй хүнийг хүүхнүүдийн ухаан алдаад байдаг спад оруулж болох юм билээ. Тэр спа нь далайн эрэгтээ жинхэнэ тансаг гоё орчинд байдаг гэнэ. Тэндээ массаж хийлгээд бодвол сарнайн дэлбээтэй ванн энэ тэрд орж алжаалаа тайлж болно. Тэнд нь цуг орчихвол хуримаа хийж амжаагүй амьдрал дээр гарсан бид хоёртоо бараг л бал сар гэж санагдлаа.

Дараа нь хүүхдүүдээ бодлоо. Бороо ихтэй ч зун л юм хойно усан дээр биш, дор нь хийж болдог юм байна. Бүр газар дээр биш, усан дор гар гараасаа хөтлөлцөөд зугаалж болдог хөтөлбөр шүү. Толгойдоо зориулалтын дуулга өмсөөд зааварлагчийн хамтаар 7 метрийн гүнд шумбахгүй, сэлэхгүй, зүгээр алхана, усанд сэлж чаддаггүй хүмүүст ч нээлттэй гэдэг нь хамгийн их таалагдсан. Би чинь усанд сүх шүү дээ. Усан дор алхахад угаасаа тэр нь ч хэрэгтэй юм байна. Бороогүй үед усан доорх загас жараахай, ус ургамал нь өнгөтөөрөө харагддаг гэжээ. Жинхэнэ амьд аквариум үзүүлчихлээ гэж ойлгоход болохоор юм.

Дээр нөгөө кино ярьж байсан даа. Тэрнээс улбаалаад арлын соёл урлагийг сонирхчих санаатай хайж үзэв. Театрын үзүүлбэрүүд лав байна. Ubud, Denpasar, Kuta-д Индонезийн урлаг, соёл, уламжлалыг харуулсан музейнууд бий гэнэ. Хоол хийх сонирхолтой бол хоолны хичээлүүд ч байна. Бас гар урлал өөрсдөө хийж, үндэсний уламжлалт аргаар хийсэн сувинерийг өөрийн гараар бүтээх боломж ч байгаа.  Гэр бүлээрээ хийхэд яг л тохиромжтой, нүд тайлж, сэтгэл сэргээсэн үйл ажиллагаанууд юм шиг надад санагдсан. Надад бол би бараг өөрийнхөө бяцхан “Ид, залбир, хайрла”-аа хийчих ч юм шиг.

Харин 1-р сард бороо их ордог учраас усанд шумбах буюу scuba diving, snorkeling гэх мэт экстрийм ажиллагаанууд ихэнхдээ боломжгүй, хаалттай байдаг гэсэн. Бас ууланд авирах, моторт дугуй түрээсэлж зугаалах, сүм хийд, хүрхрээ үзэх гээд жуулчдын их хийдэг зүйлс бороо ихтэй үед боломжгүй байдаг гэсэн. Миний хувьд нэг газраас нөгөө рүү яарж явж юм үзэх гэхээсээ жинхэнэ амарч, тайвширч, биеийн ядаргаагаа тайлж, оюун санаагаа сэргээх зорилготой болохоор дээр төлөвлөсөн зүйлс санаанд яв цав нийцсэн юм.

Манай аялж болох газрын жагсаалт үүгээр дууссангүй. Мөнгө төгрөг, цаг заваа зарцуулаад нэг явж байгаагийнх гэр бүлийнхээ гишүүн бүрийн сонирхолд нийцүүлэх санаатай санал асуусан биш жагсаалтад өөр олон газрууд нэмэгдлээ. Тэр бүхнийг өөрийн чадах хэрээрээ судалж, төлөвлөгөө гаргах нь мэдээж миний ажил.

Миний дараагийн судалсан газрууд:

  • Япон
  • Вьетнам
  • Филиппин-Манила
  • Хятад - Шанхай
  • Малайз- Лангваки
  • Солонгос- Сөүл
  • Камбож
  • Лаос

Дараагийн удаа хүүхдүүдийн очихыг хүссэн Япон, Солонгос, Хятадын Шанхайн талаар та бүхэнтэйгээ хуваалцана.

70105050 дугаарт залгаад нислэгийн тийзээ асуугаад азтан болоорой

2 долоо хоногт 20 азтан хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70105050 дугаарт холбогдон авна уу!