Өөрийн ертөнцийг тэлээрэй- Истанбул хот

Өөрийн ертөнцийг тэлээрэй- Истанбул хот

Apr.10.2019

Станбул хот нь Босфорын хоолойгоор Европ болон Азийн хэсэгт хуваагддаг бөгөөд Европын хэсэгт ихэнх түүх соёлын дурсгалт газрууд төвлөрсөн байдаг. Тус хотыг жинхэнэ дэлгүүр хэсэгчдийн диваажин хэмээн нэрийдэж болох бөгөөд мөнгөн эдлэл, нэхий, арьсан цүнх, гутал, сайн чанарын хувцас, даавуун эдлэл хямдаар худалдан авахад нэн тохиромжтой газар юм.

Турк улсад очсон хүний заавал үзэх газрын нэг бол уран барилгын хосгүй үнэт өв болох Султан Ахмедын сүм. Олон нийтэд “Цэнхэр сүм” хэмээн алдаршсан уг барилга архитекторын ямар лут шийдэл вэ гэж хэн ч уулга алдахаар уран тансаг баригдсан.Уг сүмийн цогцолборт Султаны бунхан байрладаг. Ер бусын сүрлэг бөмбөгөр дээврийг харсан хэн ч бишрэм. Османы эзэнт гүрний хаанаар 14-хөн насандаа өргөмжлөгдсөн Султан Ахмедыг 19 настай байхад уг сүмийг барьж дуусчээ. Уг сvмийг уран барималч Сэдэфкар Мэхмэтийн зургаар бvтээжээ.

Уран баримлын гайхамшиг болсон түүний дотор талыг гоёмсог хийцтэй цэнхэр шаазангаар бүтээсэн байна. Уг сүмд ороход гутлаа тайлж орох бөгөөд лалын шашны заншил ёсоор эмэгтэй хүн урт юбка болон үсээ далдалсан алчууртай ордог байна.

Султан Ахмедын сүмтэй зэрэгцэн Ариун Софиагийн сүм оршин байх бөгөөд 1520-иод он хүртэл бүтэн мянганы туршид дэлхийн хамгийн том сүм байсан гэдэг. Византын үеийн хамгийн алдартай Христийн сүм байсан бөгөөд Арабууд эзлэн авсаны дараагаар Мусулман сүм болгон өөрчилсөн байна. Гэхдээ сүмийн хаалганы дээрээс Христ хүүгээ тэвэрсэн Мария эх, баруун талаас нь Константинополь хотын загварыг барьсан Константин хаан, нөгөө талаас нь Гэгээн Софийн дүрсийг гартаа барьсан Юстинанин хааны дүр урласныг тэд хөндөөгүй хэвээр хадгалжээ. Ийнхүү Христос шашны дөрвөлжин сvмийн онцлогийг устгаж үгүй болголгүй Мусулман шашны бөмбөгөр оройтой сүм болгож дэлхийн соёл урлагийн сор болгон үлдээжээ.

Хипподром: 16-р зууны үед Византын үеийн морин уралдааны газар байсан хүрээлэнг одоо жуулчдын хамгийн их очих дуртай талбайг үүсгэн байгуулсан бөгөөд Гранд Базаараас 1,5 км-ын зайтай уг талбайд томоохон усан оргилуур байдаг бөгөөд хажууханд нь Аяа София болон Хөх сүмүүд зэрэгцэн орших ба зураг авахуулахад маш тохиромжтой түүхэн газар юм.

Истанбул хот ерөнхийдөө хуучны барилга маш ихтэй ч нэн орчин үеийн шилэн барилгууд уг хотыг чимнэ. Тэдгээрийн нэг нь Истанбул Живахер гэдэг нэртэй худалдааны төв юм. Уг төв одоогоор Европын хамгийн том худалдааны төв хэмээх алдрыг хүртээд буй. Олон улсын брэнд бүтээгдэхүүний дэлгүүрүүд, түргэн хоолны газрууд, ресторанууд, кино театр, тоглоомын төв, барилгын бүтээгдэхүүний дэлгүүр, 2500 орчим машины автозогсоол гээд байхгүй юмгүй цогцолбор төв. Нийт талбай нь 420 000 орчим м/кв аварга том бүтээн байгуулалт.

Топкапи Палас: Дэлхийн хамгийн том, хамгийн эртний цорын ганц ордон бол Станбулын Топкапи ордон юм. Ататуркийн зарлигаар энэ ордныг 1924 оноос өнөөг хүртэл музей болгон ашиглаж байгаа билээ. Станбулын төв хэсэгт, Халич, Босфорын хоолой, Мармарын тэнгис рүү харсан, байгалийн гайхалтай сайхан газар, Станбул хот анх байгуулагдаж байсан толгод дээр байрладаг. Түүхэн Станбул хотын хамгийн зах хэсгээр тойрсон 5 км үргэлжилсэн эртний цайзаар хүрээлүүлсэн, нийт 700.000 мкв. бүхий тусгай талбайтай цогцолбор газар юм.

Монгол жуулчдын очиж болох томоохон худалдааны газруудаас дурдвал:

Гранд базаар – тус захын үндэс суурийг анх 1461 онд тавьж байжээ. Агуу том төөрдөг байшин шиг 45.000 мкв талбайд, 66 гудамж, 4.000 гаруй дэлгүүртэй, 20 мянган хүн ажилладаг энэ зах нь Станбул хотын хамгийн үзүүштэй, хосгүй өвөрмөц газруудын нэг юм. Бараг л тэр чигээрээ бүхэл бүтэн хотыг санагдуулмаар, битүү талбай дотроо цаг хугацааны явцад цар хүрээгээ тэлсээр өнөөг хүрсэн юм. Сүүлийн жилүүдийг хүртэл энэ дотор 5 сүм, 1 сургууль, 7 усан оргилуур, 10 худаг, 1 эмийн сан, 24 хаалга, 17 дэн буудал байсан аж. Агуу их хаан Фатих Султан Мехмет анхлан энэ газрын шавыг тавиулжээ.Эндээс алт мөнгөн эдлэл, дурсгалын зүйлс, хувцас даавуун эдлэл ер нь юм бүхнийг худалдаалдаг бөгөөд зах гэдэг утгаараа үнээ хямдруулан авах боломжтой. 15-р зуунаас үлдсэн зузаан хана, хоёр бөмбөгөр оройтой энэ эртний байгууламжийг дараачийн үеийнхэн нь үргэлжлүүлэн, эргэн тойрны гудамжны оройг битүүлэн  өргөтгөж маш том худалдааны төв болгосон гэдэг.

Мысыр Чаршы/Египет зах: Халичийн булангийн ойролцоо байрладаг “Мысыр Чаршы” буюу “амтлагчны зах”-ыг мөн гадаадын иргэд, зочид маш ихээр сонирхдог. Мысыр хэмээх үг нь Турк хэлэнд “Египет” гэсэн утгатай бөгөөд энэ захыг Османы гүрний үед Египетээс авдаг байсан татварын хөрөнгөөр барьж босгосон болохоор ийнхүү нэрлэжээ. Энэ зах Станбул хотын төв хэсэг Эминөнүгийн Шинэ сүмийн хаяанд байрладаг. Уг зах мөн л Станбулын хамгийн эртний томоохон худалдааны төвүүдийн нэг бөгөөд ургамлын гаралтай эм тан, элдэв амтлагч, халуун ногоо, цэцгийн үр худалдаалахын зэрэгцээ хатаасан самар, жимсний цуглуулгууд, хоолны хачирууд, өөр бусад хүнсний зүйлс, бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалдаг. Дотор нь яваад ороход хамар цоргим хурц үнэр энд тэндгүй ханхилна. Энэ захын ар хэсгээр “цэцэгчдийн зах” үргэлжилдэг.

Форум Станбул дэлгүүр: Tус дэлгүүрт брэндийн бүх л бараануудыг худалдаалдаг бөгөөд дотроо томоохон аквариумтай, гэр бүлээрээ аялж байгаа хүмүүс хүүхдээ үзүүлэхэд нэн сонирхолтой бөгөөд томчууд ч гэсэн үзэхэд илүүдэхгүй, далайн 70 гаруй ургамал амьтны амьд үзэсгэлэн, дотор нь ороод алжаалаа тайлах массажны сандлууд болон түргэн хоолны газартай.

Лалели дүүргийн бутикууд: Тус дүүрэг нь  олон сүлжилдсэн гудамжтай бөгөөд алт мөнгөн эдлэлийн бөөний дэлгүүр, загварын хувцасны бөөний төв гээд шопинг аялал хийхэд нэн тохиромжтой газар юм. Эндээс Монгол худалдаачид ихэнх бараагаа татдаг бөгөөд үнийн хувьд маш хямд.

Аэр Маркет ХХК болон Турк Эйрлайнс авиакомпани хамтран энэ жилийн хамгийн том урамшуулалтай 20 азтантай урамшуулалт аяныг эхлүүллээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу!

Үргэлжлэх хугацаа: 1 сар (4 сарын 8 - 5 сарын 8)